Эзнээ томуугаас хамгаалдаг ”Нөхөрсөг” бактерийг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 11

 

Ашигтай нян хоол тэжээл боловсроход дэм үзүүлээд зогсохгүй эзэн амьтныхаа биеэс томуугийн вирүсийг "үлдэн хөөдөг" болохыг Йелийн Их сургуулийн дархлаа судлаач Акико Ивазакигийн тэргүүлсэн баг тогтоожээ.

Ийнхүү тогтоохдоо хулгануудыг хоёр бүлэгт хуваан нэг хэсгийг нь хяналт болгож, нөгөө хэсэгт нь неомицин олгоход антибиотик хэрэглэсэн хулганууд томуугийн вирүст илүү мэдрэмтгий болсон байна. Үүний учрыг тайлбарлахдаа "Хулганы биед агуулагддаг неомицинд мэдрэг бактерууд томуугийн вирүстэй тэмцэхэд оролцдог Т эс болон эсрэг бием үүсэх процессыг өдөөдөг байна. Уг бактер дархлааны тогтолцооны үрэвсэл өдөөгч уургийн нэгдэл (inflammasome protein complex)-ийг идэвхжүүлснээр интерлейкин 1-β хэмээх цитокин буюу анхдагч хэлбэрт байгаа дархлааны уураг химийн бүтцийн хувьд “бие гүйцсэн” байдалд шилжинэ. Бие гүйцсэн интерлейкин 1-β нь дархлааны сэртэнт эсийг уушигны тунгалгийн зангилаа руу “томилон явуулж” томуугийн вирүсийн эсрэг тулааныг эхлүүлдэг. Харин антибиотик дээрх бактерийг устгасан тохиолдолд үрэвсэл өдөөгч уургийн нэгдэл ажиллагаагүй болж вирүс үржиж олширдог байна" гэжээ. 

Тус судалгааны баг дархлааны хариу урвалд үүрэг гүйцэтгэдэг бактеруудыг тогтоож амжаагүй байгаа хэдий ч хоол тэжээл боловсруулах замд оршдог Lactobacillus төрлийн бактерийг үүнд хамаатай гэж таамаглаж байгаа аж.
О.Анир
Эх сурвалж: http://vetscite.org/2011/03/friendly-bacteria-fight-the-flu/

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top