Сербид хэл хөхрөх өвчний улмаас 19 хонь үхжээ

ДАЭМБ-ын мэдээлэлд Серби улсад малын хэл хөхрөх өвчний улмаас 19 хонь үхсэн талаар мэдээлжээ. Тус мэдээлэлд дурдсанаар хэл хөхрөх өвчинд нийтдээ 706 хонь өртсөн байснаас ийнхүү 19 нь үхжээ хэмээн бичсэн байна. 

Энэ өвчний хувьд 2008 оноос эрчимтэй тархаж, Европын фермерүүдийн санааг зовоосон асуудал болоод байгаа билээ. "Culicoides" төрлийн цус сорогч өчүүхэн жижиг ялаагаар дамждаг хэл хөхрөх өвчний нийт 24 ийлдсэн хэвшил байдаг бөгөөд тэдний зарим нь Европт нэлээд тархах янзтай болжээ. BTV1 ийлдсэн хэвшил Францыг хамран хойд зүг рүү эрчимтэй нүүж байгаа бөгөөд Африкт үүссэн байж болзошгүй BTV8 ийлдсэн хэвшлийн вирүс 2006 онд Нидерландын фермүүдэд илэрснээс хойш Швед, Испани, Их Британи, Унгар хүрч амжжээ. 

Европ тивд огт илэрч байгаагүй малын хэл хөхрөх өвчин Нидерландад анх гарч байсан гэдэг. Тухайн үед Нидерландад дөрвөн үнээ хэл хөхрөх өвчний улмаас үхсэн бөгөөд шалтгаан нь Өмнөд Африкийн "Onderstepoort Biological Products" компанид үйлдвэрлэсэн хэл хөхрөх өвчний амьд вакцин гэдгийг тогтоожээ. Энэхүү вакциныг зөвхөн Африк болон Ойрх Дорнодод хэрэглэдэг бөгөөд Европын ихэнх орон хэл хөхрөх өвчний амьд вакцин хэрэглэхийг таашаахгүй байгаа нь өвчин үүсгэх, мөн вирүс илүү хоруу чанартай болж хувьсалд орох эрсдэлээс болгоомжилсонтой холбоотой гэнэ.

"Onderstepoort"-ын вакцин нь зөвхөн бог малд зориулагдсан бөгөөд 3 удаагийн тарилтаар BTV6-г оролцуулан нийт 15 ийлдсэн хэвшлийн вирүсийн эсрэг дархлаа тогтоодог ажээ. Гэвч Европт энэ вакцин хэрхэн хөл тавьсан нь тодорхой бус байна. “Бид хэзээ ч энэ вакциныг Европ руу экспортлоогүй” гэж тус компанийн олон улсын худалдааны менежер Якоб Модумо мэдэгджээ.
О.Анир
Эх сурвалж: Мал эмнэлэг, анагаах ухааны мэдээлэл
Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )