“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх” сургалт зохион байгуулна

2017 оны 01 сарын 15

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрийн бодлого, хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголт хандлагыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил олгох,  протез, ортопедийн хэрэгсэл үйлдвэрлэх, сэргээн засах эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллага юм. 

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, сэргээн засалтын асаргаа сувилгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, эрх зүйн талаар мэдээлэл арга зүйгээр хангах сургалтыг зохион байгуулах зорилгоор Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн дарга хатагтай Ц.Ганчимэг болон Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Засаг Дарга Д.Ядамжав нар 2017 оны 01-р сарын 04-ны өдөр 1 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
    
Тус санамж бичигт 120 хүүхэд, 120 эцэг эхэд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Гэрэлт ирээдүй” төслийн танилцуулга зэрэг мэдээ, мэдээлэл арга зүйгээр хангах, мөн Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Сэргээн засах эмнэлгийн хөдөлгөөн заслын кабинетaд сэргээн засах дасгал хөдөлгөөнийг практикаар заахаар тусгасан.

Эхний сургалт 2017 оны 01-р сарын 16-нд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн I-р байранд эхлэх бөгөөд, Чингэлтэй дүүргийн 16, 13-р хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эх хамрагдана.  
Тус сургалтад Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын төслийн ажилтан Б.Түмэнжаргал “Гэрэлт ирээдүй” төслийн танилцуулга, Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтэн У.Бат-Очир “Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж үйлчилгээ”, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Түвшинжаргал “Төвийн үйл ажиллагаа” тус төвийн Сэргээн засах эмнэлгийн хөдөлгөөн засалч Б.Лхамхүү “Хөдөлгөөн засал”, мөн Бодлогын хэрэгжилт, нийгмийн оролцооны хэлтсийн мэргэжилтэн Г.Энхбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн сэтгэл зүй”, Захиргаа Удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Э.Уянга “Парадигм” зэрэг сэдвүүдээр илтгэл тавина. 

Тус сургалтад хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эхэд өөрсдийн амжилт, хичээл зүтгэл, туршлагаасаа хуваалцахаар Ази-Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын дунд жил бүр БНСУ-аас зохион байгуулдаг “Мэдээлэл технологийн сорил 2015” олон улсын олимпиадад амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд уригдан оролцож байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top