Итали зургаан улс болж задрах уу

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 16

Италийн хүн амын 30 хувь буюу гурван хүн тутмын нэг нь өөрийн амьдарч буй мужаа тусгаар тогтнуулахыг хүсч байгаа нь санал асуулгын явцад тодорхой болжээ. "La Repubblica" сонин энэхүү шуугиант мэдээллийг цацсан байна.

Сонинд гарсан нийтлэлд өгүүлснээр, Венето мужийн иргэдийн 53 хувь нь тусгаар тогтнох хүслээ илэрхийлсэн нь хамгийн өндөр хувьд тооцогдож байгаа юм байна. Түүнээс гадна Пьемонте, Ломбарди мужийн иргэдийн 35 хувь, Сардини, Сицили арлын иргэдийн 45 хувь нь Италиас салан тусгаарлах хүсэлтэй байгаа ажээ.

Иргэд ингэж салан тусгаарлах хүслээ ихээр илэрхийлж байгаад түүхийн шалтгаанаас гадна нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ихээр нөлөөлж байгаа гэж "La Repubblica" дүгнэсэн байна. Учир нь, салан тусгаарлахыг эрмэлзэгчдийн ихэнх нь ажилчид болон ажилгүй иргэд, өөрөөр хэлбэл, дунджаас доогуур давхаргынхан байгаа юм. Италийн хойд болон баруун хойд нутгийн үйлдвэрлэгчид татвар болон төрөөс үзүүлэх бусад дарамтад сэтгэл хангалуун бус байдгаа илэрхийлсэн бол жирийн иргэд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлд төр олигтой үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа гэсэн шалтгааныг голчлон дурьджээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top