АН-ын “эвтэй тав”-ын эвгүй, эвгүй амлалтууд

2017 оны 01 сарын 16

Монголын Шашинтны ардчилсан нам, Монголын Үндэсний ардчилсан нам, Монголын Социат демократ нам, Монголын Ардчилсан сэргэн мандалын нам, Монголын Ардчилсан нам одоогоос 17 жилийн өмнө буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд нэгдэж 20 хоногийн дараа Улсын дээд шүүхэд өнөөдрийн Ардчилсан намыг байгуулснаа бүртгүүлж байв. Ардчиллынхан 20 гаруй жил Монголын улс төрд мацахдаа, 17 жил АН-аар овоглож явахдаа фракци хоорондын зөрчлөөсөө салсангүй. АН доторх “жижиг нам”-ууд буюу фракциуд нь эрх мэдэл, албан тушаал хуваах шат гишгүүр болохоос ардчиллын суурь зарчмыг тунхаглах гүүр нь байж чадаагүй. Өнгөрсөн сонгуулиар УИХ-д есхөн суудал авч, орон нутгийн сонгуульд ялагдахдаа тэд “Ардын нам сайндаа биш АН-ын муугаас л яллаа” гэж өөрсдийгөө дүгнэсэн. Харин хөндлөнгөөс МАН-ынхан “АН-ын фракциудын зодоон АН-ын биш Монголын зовлон болсон” гэж хэлсэн. Гэвч фракцгүй АН болох зорилт дэвшүүлсэн намын даргын сонгуульд нь дахиад л фракциудын төлөөлөл нэр дэвшээд байна. Өнгөрсөн 27 жил ардчилсан хувьсгалыг өмчилж, АН-ын өрмийг хамсан “Шонхор” фракциас С.Эрдэнэ, “Алтангадас”-аас Н.Алтанхуяг, МҮДН-аас Д.Эрдэнэбаттай залуучуудыг төлөөлж Ж.Батзандан, Л.Гантөмөр нар өрсөлдөж байна. “Эвтэй байгаарай” гэж тус бүрт нь таван сум атгуулж байхад тэд ээлжлээд 25 сумаа биедээ зоож байна. Энэ байдлаараа нэгдүгээр сарын 29-нд болох АН-ын даргын сонгуулиас өмнө бүтэн нэртэй, бүлээн зүстэй нэр дэвшигч үлдэхгүй нь. Хоёрдугаар сарын 2-нд болох АН-ын VII их хурлынхаа маргааш намын Үндсэн дүрмээ шинэчилж, энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгуульд бэлдэх нам удирдах хүмүүс дээ уг нь. Хар PR-ыг С.Эрдэнэ эхлүүлсэн бол Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нар сошиал багаараа өрсөлдөгч нараа нүдэж эхэллээ. Японд суралцсан Л.Гантөмөрийн хувьд харьцангуй улс төрийн соёл гаргаад өрсөлдөгч нараа харлуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Таван нэр дэвшигчийн сунгааны мөрийн хөтөлбөрийг онцлохыг оролдоё.

 


Нэр дэвшигч Ж.Батзандан:

Тэр “Шударга үнэний эрэлд хамтдаа” гэсэн уриатайгаар “Эрүүл ардчилал” гэсэн мөрийн хөтөлбөртэй оролцож байна. Хэрвээ Ж.Батзандан АН-ын дарга болвол, “Удирдлагын хэвтээ тогтолцоог халж, Ардчилсан намаа хагас босоо тогтолцоотой нам болгоно. Ардчилсан нам нь иргэний нийгэмтэй хамгийн ойр улс төрийн хүчин байх болно. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахдаа заавал урьдчилсан сунгаа хийдэг тогтолцоог бүрдүүлнэ. Намаа олигархи бүлэглэлийн савраас салгаж, фракциудыг татан буулгаж, зоримог, дайчин, тэмцдэг нам болгоно” гэжээ.

 


Нэр дэвшигч С.Эрдэнэ:

Тэр АН-ыг шинэчлэхийн тулд “Ардчилалд зүтгэсэн он жилүүд” нэртэй мөрийн хөтөлбөрөө тараажээ. Хэрвээ С.Эрдэнэ АН-ын дарга болвол, “АН-аас төрийн албанд томилох албан тушаалтныг гишүүдийн дундаас өрсөлдүүлэх замаар сонгодог болно. УИХ-ыг хоёр танхимтай болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Төв-барууны үзэлтэй нам болгон шинэчилнэ. АН-ын дэргэд оюутны байгууллага, ахмадуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх сонирхлын клубуудыг байуулна. Намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд тойргийн зарчмыг хэрэгжүүлж ажиллана” гэжээ.

 

Нэр дэвшигч Л.Гантөмөр:

Тэр “Эрс өөрчлөлт эргэн сэргэлт” уриатайгаар “АН-ыг шинэчлэх шийдэл” мөрийн хөтөлбөрөө дэвшүүлжээ. Хэрвээ Л.Гантөмөр намын дарга болвол, “АН-ыг үнэт зүйл, үзэл баримтлалдаа үнэнч, бодлогын нам болгоно. Намын боловсон хүчнийг чадавхижуулж, хүний нөөцийг хүчирхэгжүүлж, залуу, дунд, ахмад үеэ дэмжинэ. Намын гишүүнчлэлийг нээлттэй болгож, жирийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Фракци, бүлэглэлүүдээс татгалзаж, эв нэгдэл, дотоод ардчиллыг бий болгоно. АН-ыг үндэсний эрх ашгийг дээдлэгч, улс төрийн ёс зүйг үлгэрлэгч, хариуцлагатай, алсын хараатай нам болгож, гишүүдийнхээ итгэлийг сэргээнэ.” гэжээ.

 

Нэр дэвшигч Д.Эрдэнэбат:

Тэр “Ардчилсан Монгол төрийн үнэмлэхийг өсгөх эв нэгдэлтэй, хүчирхэг АН-ыг төлөвшүүлэхийн төлөө журмын нөхөдтэйгөө хамтран зүтгэнэ” уриа дэвшүүлж “Ардчиллыг төгөлдөршүүлэх нь” мөрийн хөтөлбөрөө гаргажээ. Хэрвээ Д.Эрдэнэбат АН-ын дарга болвол, “Намын гишүүн төрийн улс төрийн албан тушаалд байхдаа улс төрийн эгзэгтэй мөчид шийдвэр гаргахад таслах эрхтэй оролцохдоо намд муугаар нөлөөлсөн бол хариуцлага тооцно. АН-ыг засаглаж чаддаг, шударга санхүүжилттэй, нээлттэй, оролцоог дэмжигч, хүний нөөцийн чадавхитай, эв нэгдэлтэй, хариуцлагатай, нэгдмэл бодлоготой болгоно” гэжээ.

 

Нэр дэвшигч Н.Алтанхуяг:

Тэр “Эв эеийг эрхэмлэж ялалтын буухиагаа үргэлжлүүлнэ” гэсэн яриатай мөрийн хөтөлбөр тараажээ. Хэрвээ Н.Алтанхуяг намын дарга болговол, “Шударга ёс, хуулиа дээдэлдэг АН болгоно. Монгол хүн Монголдоо сайхан амдрах ирээдүйг бүтээх, эх орноо хөгжил дэвшилд түүчээлэх манлайлагч хүч нь байна. Орон нутгийн намыг онцгойлон дамжинэ. Монгол хүн 2020 мөрийн хөтөлбөрөө дахин хэрэгжүүлнэ. Гишүүдээ сонсдог, гишүүдээрээ шийдүүлдэг нам болно. Өөрийн намаас байгуулагдсан Засгийн газар, Засаг дарга, хурлын даргыг огцруулдаг, эсрэг ажилладаг, хувийн тоглолт хийдэг улстөрчдөд хатуу хариуцлага тооцдог болно” гэжээ.

Г.Улсболд

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДЭМЖИГЧ(202.179.23.55) 2017 оны 01 сарын 17

АЛТ МӨНГӨ АЛБАН ТУШААЛ АМЛАЖ БАЙГАА НЭР ДЭВШИГЧ БАЙГАА БОЛ ТЭР ХҮНИЙГ БҮҮ СОНГООРОЙ.ТИЙМ ХҮНИЙГ СОНГОВОЛ ИХ УНАЛТ ҮРГЭЛЖЛЭХ БОЛНО ШҮҮ.ИХ УНАЛТЫН ДАРАА ТОМ ЯЛАЛТ ИРНЭ ШҮҮ.

0  |  0
ДЭМЖИГЧ(202.179.23.55) 2017 оны 01 сарын 17

ЭНЭ НАМЫГ ТОМ ЯЛАГДАЛД ХҮРГЭЖ БАЙЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ БОЛЧИХСОН УЧРААС БУРХАН Л ҮҮНИЙГ ХИЙЖ МОНГОЛЫГ АВРАХ ШИНЭ ЗАМЫГ НЭЭЖ ӨГСӨНД ТАЛАРХАЖ БАЙНА.БҮХ ЮМЫГ ШИНЭ СЭРГЭГЭЭР ЭХЛҮҮЛЭХ ХҮНИЙГ СОНГООРОЙ.СОНГОГЧ ГИШҮҮДЭД НАЙДАЖ БАЙНА ШҮҮ.АЛТ МӨНГӨ АЛБА

0  |  0
Top