Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулав

2017 оны 01 сарын 16

ХЗДХЯ-наас даваа гаригт уламжлал болгон “Хууль төрөхийн өмнө” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр салбарынхны санаа бодлыг сонсч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийг нээж, ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан үг хэлж, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал”, тус яамны ахлах мэргэжилтэн Я.Жавхлан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл”, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн цагдаа судлалын тэнхмийн эрхлэгч Ю.Бадамханд “Цагдаагийн албан хаагчийн нийгмийн баталгааны шинэтгэл”, Хошууч генерал Б.Пүрэв “Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,1993 оны Цагдаагийн байгууллагын тухай хуулийн зарим зохицуулалтын харьцуулалт” сэдвээр илтгэл тавьсан юм.

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР ХЗДХЯ-НЫ ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА П.САЙНЗОРИГ “Цагдаагийн албаны тухай хууль 2013 онд батлагдаж, 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн боловч тодорхой бэрхшээлтэй асуудлууд байсан. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын нийгмийн баталгаа, эрх зүйн байдалтай холбоотой харилцааг тухайлсан хууль буюу Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Гэвч дээрх хууль өнөөдрийг хүртэл батлагдаагүй учраас цагдаагийн байгууллагын эрх зүйн орчин тодорхойгүй болчихоод байгаа юм. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад цагдаагийн байгууллагын ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, байгуулагын соёл, үнэт зүйл түүхэн уламжлалыг авч үлдэх, сэргээх, цагдаагийн байгууллага иргэдэд ойртсон үйл ажиллагааг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн. Жишээ нь, иргэдэд хэрхэн шаардлага тавих, орон байранд нэвтрэх, тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад хэрхэх вэ гээд тодорхой асуудлыг хуульчлан баталгаажуулж өгч байгаа. Иргэдийн эрх чөлөөнд үндэслэлгүйгээр халдах, хязгаарлахаас урьдчилан сэргийлэхээс гадна цагдаагийн байгууллагын үйл ажиллагаагаа иргэдэд улам илүү ойртоно гэж үзэж байгаа” гэсэн юм.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦаАХ(202.9.42.136) 2017 оны 01 сарын 16

Цагдаагийнхны эрх зүйн байдал дордуулах хууль батлагдах вий дээ

0  |  0
Top