МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг зарлажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 16

  Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлөөс Ерөнхий захирлын орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байна. Тус телевизийн ерөнхий захирал Ц.Оюундарийг чөлөөлж, оронд нь үүрэг гүйцэтгэгчээр  “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч Л.Нинжжамцыг томилсон.

МҮОНРТ-ийн тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар ерөнхий захирлыг сонгох ёстой юм. Хэвлэл мэдээллийн салбарт 10-аас дээш жил ажилласан байх, НҮБ-ын албан ёсны 1-ээс дээш хэлийг бүрэн эзэмшсэн, Олон нийтийн радио телевизийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөртэй байх зэрэг шалгуурыг ерөнхий захирлын сонгон шалгаруулалтанд тавьжээ. 

МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ТОМИЛОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

МҮОНРТ–ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчийг “Олон Нийтийн Радио, Телевизийн тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.7, 31 дүгээр зүйлийн 31.3 заалт, Хөдөлмөрийн тухай хууль, МҮОНРТ-ийн дүрмийн холбогдох заалтуудыг үндэслэн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз (МҮОНРТ)-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилохдоо нийтэд ил тод, нээлттэй байх зарчмыг баримтална.

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд Монгол улсын иргэн нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй. Ерөнхий захиралд аль нэг байгууллага, хамт олон, хэсэг бүлгээс нэр дэвшүүлэхгүй.

Хоёр. Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигч, сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байвал зохино.

Үүнд:

- “ОНРТ-ийн тухай” хуулийн Үндсэн зарчим, зорилго, зорилт, ил тод байдлыг хангаж ажиллах чадвартай байх,
- ОНРТ-ийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлага, арга барил, ажил хэрэгч чанарыг хангасан байх,
- ОНРТ-ийн хараат бус, бие даасан байдлыг хангаж, олон нийтийн төлөө өндөр хариуцлага, санаачилгатай ажиллах чадвартай байх,
- Олон ургалч үзэл, ёс зүйн өндөр түвшинд олон улсын шилдэг туршлага, жишгээр ОНРТ-ийг зөв бодлогоор хөгжүүлж, удирдах чадвартай байх,
- Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, Олон нийт, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлага, эрх ашгийг дээдлэн ажиллах чадвартай байх,
- Ёс зүйн болон хувийн зохион байгуулалт нь ОНРТ-ийг удирдахад харшлахгүй байх,
- МҮОНРТ–ийн өмнө тавигдсан зорилго, зорилтыг нэр төртэй хэрэгжүүлэх шаардлагыг хангахуйц, чадварлаг мэргэжлийн баг бүрдүүлж, хамт олны эв нэгдлийг хангаж, бүтээлч уур амьсгал бий болгох, ажиллагсдын хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэх, удирдан зохион байгуулах чадвартай байх,
- Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт, өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай байх,
- МҮОНРТ-ийн маркетинг, менежмент, техник технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох чадвартай байх,

Гурав. Ерөнхий захиралд нэр дэвшигчийн шалгуур

- Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
- Ял шийтгэлгүй байх,
- Улс төрийн аль нэг намын гишүүн бус байх,
- Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын 5-аас доошгүй жилийн дадлага, туршлагатай байх,
- НҮБ-ын албан ёсны 1-ээс доошгүй хэлээр мэдээлэл авах, ярианы болон бичгийн дундаж болон түүнээс дээш мэдлэг чадвартай байх,
- Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, эрсдлийн удирдлага, эрх зүйн чиглэлээр онолын мэдлэг, дадлага туршлагатай байх,
- ОНРТ-ийг хөгжүүлэх өөрийн хөтөлбөртэй байх,
- “Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалтад хамаарах хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй байх,

Дөрөв. Ерөнхий захиралд нэр дэвшигчийн бүрдүүлэх материал

- МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
- Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн маягт №1/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Цээж зураг 2 хувь
- Боловсрол, мэргэжил, зэрэг, цол, мэргэшсэн байдлын нотлох бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- ОНРТ-ийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл
- Гурван үеийн намтар
- Цагдаагийн газрын тодорхойлолт
- Улс төрийн аль нэг намын гишүүн бус болохыг нотлох баримт бичиг
- Байгууллагын болон хувь хүнээс өгсөн мэргэжлийн болон ажил байдлын тодорхойлолт, үнэлгээ
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Санаачилсан, удирдан зохион байгуулсан ажил, туурвисан бүтээлийн жагсаалт, товч мэдээлэл

Тав. Ерөнхий захиралд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах, томилох

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмыг сонгон шалгаруулалт явуулахаас ажлын 7 хоногийн өмнө нийтэд нээлттэй ил тод зарлана.

Ерөнхий захиралд нэр дэвшигчийн материалыг нийтэд зарласан хугацаанд Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга битүүмжлэлтэйгээр хүлээн авна.

Материалыг сонгон шалгаруулалт зарласнаас хойш ажлын 7 хоногийн дотор хүлээн авна. Хүлээн авах хугацаа мөн өдрийн ажлын цаг буюу 18:00 цагаар тасалбар болно.

Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсдын материалыг Үндэсний Зөвлөлийн гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг энэхүү журмын дагуу судалж, дүгнэж, санал дүгнэлтээ Үндэсний Зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсодтой Үндэсний Зөвлөлийн Ажлын хэсгийн гишүүд энэхүү журмын 3 дугаар зүйлд холбогдох чиглэлээр ярилцлага хийнэ.

Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсдоос Ажлын хэсэг 2-оос доошгүй нэр дэвшигчийг шалгаруулж, Үндэсний зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцуулна.

“ОНРТ-ийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 заалтын дагуу Үндэсний зөвлөл нууц санал хураалтаар ердийн олонхийн саналаар Ерөнхий захирлыг томилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

Т.Амараа  

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэнн(150.129.143.24) 2017 оны 01 сарын 16

З. Алтай , М. Наранбаатар энэ xoepийн аль нэг нь тохирох хvмvvc дээ. Xaрин дээр veд дарга байсан Ганболд гэдэг нехерийг болговол естой улам дампуурна телевизээ сайн мэдэх тогоонд байсан хvмvvc дээр шvv.

0  |  0
Top