П.Эрдэнэцэцэг: Цагдаагийн алба хаагчид аюулын зэргийн үнэлгээ хийдэг болно

2017 оны 01 сарын 17

/УБХЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа/

2017 оны хоёрдугаар сарын нэгнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Юун түрүүнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн алба хаагчид, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд хамгийн эхэнд очдог эргүүлийн офицеруудыг сургаж, дадлагажуулах сургалт эхэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчилэн баталсантай холбоотойгоор Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтүүд орсон. Эдгээр өөрчлөлтийг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх, зохион байгуулах тухай, хуульд тусгагдсан Хамтарсан багийн үйл ажиллагааг цагдаагийн байгууллага яаж мэргэжил арга зүйгээр хангах чиглэлээр сургалт явагдана.

Энэ хуульд цагдаагийн байгууллагын ажилтны хүлээх үүрэг өргөн хүрээнд тусгагдсан. Цагдаагийн алба хаагчид аюулын зэргийн үнэлгээг хийдэг болно. Үүнийг хэрхэн хийх талаар журмыг боловсруулж байгаа. Хуульд зааснаар хохирогч болон гэр бүлийн гишүүдийг хамгаалах чиглэлээр Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийг хэрэгжүүлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулна.

Цагдаагийн алба хаагч энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн талаар сан бүрдүүлж, үйл ажиллагаандаа ашиглана. Мөн хохирогчдод 24 цагаар зөвлөгөө мэдээлэл өгөх, хамгаалалтад авах ажлуудыг хийнэ. Аюулын зэрэг өндөртэй гарсан эсвэл хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хохирогчийн зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан, Хамтарсан багт мэдэгдэх үүргийг хүлээж байгаа. Хамтарсан баг буюу сургуулийн нийгмийн ажилтан, Засаг дарга, цагдаагийн ажилтнууд хамтран ажиллаж эрсдэлийн үнэлгээг тогтоох ёстой. Аюулын зэрэг өндөртэй гарсан бол шууд цагдаад хандан шуурхай арга хэмжээ авч, хуулийн дагуу эрхийг нь хамгаалах ажиллагаа зохион байгуулах ёстой.

Өмнөх хуулиар гэр бүлийн хүчирхийллийг захиргааны зөрчлийн хэмжээнд шийддэг байсан бол шинэ хуульд гэмт хэрэг гэж тодотгож өгснөөр дахин, давтан үйлдэгддэг энэ гэмт хэргийг таслан зогсоох гарц гаргалгаа болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bool(202.21.106.126) 2017 оны 01 сарын 17

tehnologior huulia shinechil

0  |  0
Top