Загварын ертөнцийн хамгийн ХҮЧИРХЭГ ГУРВАН ЭМЭГТЭЙ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 18

Дэлхийн хувцас загвар, гоо сайхан, үнэртний ертөнцөд “Chanel”, “L”Oreal”, "Estee Lauder" гэх нэрнүүд дээгүүр байр суурь эзэлдэг. Олон арван жилийн турш нэр хүнд, чанараа алдалгүй алдартнуудын шүтээн, дэлхийн хүмүүсийн мөрөөдөл болсон эдгээр брэндийг эмэгтэй хүн бий болгосон гэдгийг хүмүүс нэгэнт мэдэх болжээ. Тиймдээ ч гайхалтай, дахин давтагдашгүй брэндийг үүсгэсэн эдгээр хатагтай нарыг Дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий гурван эмэгтэйгээр нэрлэсэн байдаг. Тэдний амжилтанд хүрсэн нууцаас товчхон танилцуулъя.

Коко Шанель


1883 онд Францын Сеймурт төрөхийн хүндрэлээс болж нэгэн бүсгүй нас барахад үлдсэн охин нь Шанель байв. Түүний аав охиныг зургаан настай байхад хорвоог орхин одоход сүмийн асрамжийн газар хүмүүжихээр ирсэн байлаа.

1971 оны нэгдүгээр сарын 10-нд 87 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд түүний хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөд эзэн байхгүй байв. Тэрбээр гэрээслэл ч үлдээгээгүй зүрхний хурц дутагдлаар Английн Рич зочид буудалд нас барсан билээ.

Габриэль Бонёр Шанель. Анхны мэргэжил нь эмнэлгийн сувилагч байв.

Шанель амьдарч, хүмүүжсэн сүмийнхээ асрамжийн газарт туслахаар цагаан хэрэглэлийн жижигхэн дэлгүүр ажиллуулдаг байжээ.

Түүний зэрэгцээ дуулж, бүжиглэж явсаар 22 насандаа цэргийн офицер, баян чинээлэг Этьен Бальзантай учирсан ч удаан ханилсангүй. Тэрбээр салсныхаа дараахан Артур Капел гэх Англи залуутай учирч, 1910 онд түүнд малгайны дэлгүүр нээж өгчээ.


Дэлхийн хоёрдугаар дайн эхлэснээр тэд амжилт олж байсан бизнесээ хаан Швейцарь луу дүрвэв. Ингээд дайны дараа буюу 1953 онд Коко Шанель өөрийн гэх салоноо Парист нээжээ.

Түүнийг насан эцэслэхэд 1965 оноос хойш компанийн ерөнхий зөвлөх, модель байсан Пьер Вертхаймер- Жак удирдлагыг өөрийн гарт шилжүүлж авсан ба 1983 оноос өнөөг хүртэл Карл Лагерфельд тэргүүлж байгаа билээ.

Коко Шанелийн жилийн эргэлт 1,089 тэрбум ам.доллар.

 


Түүний зохион бүтээсэн “Шанель5”, ханцуйгүй богино хар даашинз, хэрээсэн зузаан цүнх, сүвдан гоёл болон хоёр өнгөт шөвгөр ботинк бол нэгэн зууны гайхамшигт бүтээл болж чадсан юм.

L”Oreal


“Мөнгө хураах тусам илүү их харамч болдог”

Хелена Рубинштейн

Хелена Рубинштейн 1870 онд Польшийн Краковт өндөг зардаг наймаачны найм дахь охин болон мэндэлжээ.


Еврейн бага, дунд сургуульд суралцан Анагаахын сургуульд эм зүйн үндсийг эзэмшсэн ч 18 насандаа бүтэлгүй дурлалаасаа болж Австралид амьдардаг авга ах Луисыг зорьсон байв.

Авга ахынхаа фермд ажиллаж, он цагийг өнгөрөөхдөө нэгэн өдөр сайртаж холцруутсан нүүрээ хараад арьсандаа хэрэг болох тос бүтээхээр Карпатын нуруунаас эмийн ургамал түүн анхны тосоо бүтээжээ. Хелена арван пенсээр лонх авч тосоо савлан, зургаан шиллингээр борлуулдаг болсноор мөнгөний үнэ цэнийг мэддэг болов.

1902 онд анхны тос "Valaze"-г Мельбурны гоо сайхны салбарт борлуулах санал хүлээн авснаас хойш зургаан жилийн дараа өөрийн анхны салоноо Англид нээжээ.

1911 онд Парижид гоо сайхны анхны үйлдвэрээ нээж, дараа нь Америкийн сэтгүүлч Эдуард Уильямс Титустай гэрлэн хоёр хүү төрүүлэв.

Өнөөдөр Хелена Рубинштейны үүсгэсэн "L”Oreal" брэндийн бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн дэлхийн 50 оронд худалдаалагдаж байна. Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг Хелена Рубинштейн харамч хэдий ч нэр хүндтэй нэгэн байв.


Бусад хөрөнгөтнүүдийн адил өглөө юмуу үдийн хоолоо ресторанд идэлгүй өөрийн бэлдсэн хачиртай талхаа идэхийг илүүд үзэн, зоос бүрийг хямгатай зарцуулахыг зөвлөдөг байжээ.

Тэрбээр 92 насандаа гэрийн дээврийн хөндийд нуугдсан дээрэмчдэд хандаж "Та нар намайг алж болно, харин дээрэмдээд амьд үлдээхийг зөвшөөрөхгүй"хэмээсэн гэдэг.

Сальвадор Дали Хеленаг “Ногоон даашинз өмссөн Прометей” гэж хэлсэн нь бий.

“Estée Lauder”


Эстер 1906 оны зургаадугаар сарын 1-нд Америкын жижигхэн хот болох Куинст Еврей цагаачийн гэрт мэндэлжээ.

Ирээдүйд гоо сайхны бүтээгдэхүүний хатан хаан, дэлхийн хамгийн баян хатагтай болсон энэ охин айлын зарц байлаа.

Жинхэнэ нэр Жозефина Эсте Ментцер.

Хувь тавилан түүнийг гоо сайхны ертөнцөд “Хорьдугаар зууны хатан хаан” хэмээх алдар нэрээр шагнасан юм.

Түүнийг “Тайм” сэтгүүлийн 1998 оны дэлхийн шилдэг бизнесменээр тодруулахад бүх орны бүсгүйчүүд дуу нэгтэйгээр хүлээж авчээ.


Эстер “Ньютаун”-ы дунд сургуулийг төгссөн ч эцэг эх, найман ах эгчийн хамтаар гэрийн бяцхан дэлгүүр нээн цаг ямагт ажилласаар л байв. Түүний эзэн гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг байсан ба жаахан охин өдрийн турш крем найруулан хутгадаг байсан нь ирээдүйн "Estée Lauder" дэлхийг тэргүүлэх гоо сайхны бүтээгдэхүүний суурь болсон билээ.

1930 онд галт тэргээр нөхөр Жо Лаудер дээр очихдоо анхны тэжээлийн тосоо авч очсон байдаг.

Нүүрний анхны кремийг авга ах химич Жоны хамтаар зохион бүтээжээ.

Хамгийн анхны хөгшрөлтийн эсрэг үрчлээ тэнийлгэх тосоо үйлдвэрлэж патентаа авав.

1948 онд албан ёсны дистрибьютор компани “Эсте Лаудер”, Нью-Йоркийн "Saks" зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулах эрхтэй болсон юм. Өнөөдөр “Эсте Лаудер” компани жилд таван тэрбум долларын ашигтай ажиллаж,120 оронд өөрийн нэрийн 10 000 сүлжээ дэлгүүрээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна.


Түүний 17 охин компанийн брэндээс "Bobbi Brown","La Mer","Aramis","Clinigue" зэрэг нь эдүгээ дэлхийд нэрд гарч чаджээ.

Одоо “Эсте Лаудер”-ийг түүний хүү Леонардо удирдаж байна.

Гоо сайхны хатан хаан 98 нас хүрсэн бөгөөд 2004 онд Манхэттен дахь гэртээ нас нөгчсөн юм.

Б.Энх-Уянга

 www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top