Нэр дэвшигчдийн ДАЛД САНАА ба НУУЦ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 18

Ардчилсан нам өнгөрөгч сарын 6-нд зургаадугаар их хурлаа хийж, намынхаа даргыг бүх гишүүдийн санал асуулгаар тодруулахаар шийдвэрлэсэн.

2001 онд тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахын тулд анх удаа сунгаа зохион байгуулж байв. Харин энэ удаа ардчиллын төлөөх таван нам нэгдэж, Ардчилсан намыг байгуулснаас хойш намын даргаа сунгаагаар тодруулж буй анхны тохиолдол юм.

Ардчилсан намын эвтэй тав хэмээн нэрлэгдэж буй УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, БСШУ-ы сайд асан Лу.Гантөмөр нар хамтдаа хөдөө орон нутгийн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, намаа хэрхэн шинэчлэх талаараа болон өөрсдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа.

Эдгээр таван нэр дэвшигчийн хэн нь дарга болохоос шалтгаалж Ардчилсан намын хувь заяа шийдэгдэнэ. Тиймээс энэ бол УИХ-ын сонгуулиас ч илүү хариуцлагатай, чухал үйл явдал юм. Ингээд намын даргын төлөөх сунгаанд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн өнөөдрийн рейтингийн тоймлон хүргэе. Эндээс хэн нь хаана хаа хүрч дуусахыг бага ч атугаа мэдэж болно.

Н.Алтанхуяг ба Нэгдүгээр хүний далд хүсэл 


Н.Алтанхуягт энэ намын дарга болж явсан түүх, туршлага бий. Үүгээр нь түүнийг таван нэр дэвшигчийнхээ “Нэгдүгээр хүн” нь гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэрбээр өнгөрөгч 11-р сард “Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэж олон нийтэд зарласан. Гэвч түүний хүсэл Ерөнхийлөгч болох биш намын дарга болох байсныг олон хүн гайхаж хүлээж авсан. Магадгүй түүнтэй холбоотой зургаан ч хавтаст хэрэг АТГ-т нээгдсэн нь түүнийг том зорилгоосоо ухрахад хүргэсэн ч байж болох юм. Энэ бүхний бурууг тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тохдог. Н.Алтанхуяг өнгөрөгч  хавраас хойш Ц.Элбэгдоржийг “Шударга бусын хонгилийн хаан” гэж олон нийтэд зарласан ч өнөөх хаан нь энэ тухай нэг ч удаа ам нээгээгүй. Зарим нэг нь түүний намын даргад өрсөлдөх болсон гол шалтгааныг намын дарга болохдоо бус завшаан ашиглаж Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа хийж явна хэмээн хардаж байна. Найман жилийн турш Ардчилсан намын даргаар ажиллачихаад дахин дарга болох гэсэн хачирхалтай явдал нь энэхүү хардлагыг батлах шиг. Түүнд дарга болох шаардлага байхгүй, харин Ерөнхийлөгч болох бол түүний эцсийн мөрөөдөл... Тэгвэл тэр намын даргын сунгаанд хэнийг дэмжиж байгаа вэ? Мэдээж түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэх хүн байж таарна. Учир нь намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвших хүний нэрийг Гүйцэтгэх зөвлөлд санал болгож, ҮЗХ-оор батлуулдаг дүрэмтэй билээ.

Ж.Батзандан ба Амбийцаа өсгөх алдах эрхгүй боломж 


2008 оны долдугаар сарын 1-ний “Хар өдөр” зарим нэгнийх нь хувьд өөдөлж дэвжэхийн эхлэл байжээ. Сонгуулийн маргааш МАН-ын байрны өмнө болсон жагсаалаас үүдэж таван залуу амь насаа алдаж, 10 гаруй залуучууд “Аавын хаалга” татсан байдаг. Тэдгээр залуусыг уриалан, жагсаалд идэвхийлэн оролцсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан өдгөө Ардчилсан намаас хоёр дахь удаагаа гишүүнээр сонгогдож, тэр ч бүү хал намын даргын төлөө өрсөлдөж явна. Жагсаалд уриалагч нь төрийн дээд албанд зүтгэж явахад юугаа ч мэдэхгүй дагаж, хөөрч явсан залуус одоо ч хэцүү нэртэд суусан хэвээр. Ардчилсан оронд ийм шударга ёс байж болох уу? Уг нь энэ хүн олон зуун залуусыг уриалж, амьдралд нь хар толбо суулгаснаараа хариуцлага хүлээх ёстой. Гэвч тэгсэнгүй. Түүнийг Ардчилсан намд элсээд ийм хурдан дээшилчих юм гэж хэн санах билээ. АН-ын шинэчлэлийг шинэ үе, залуус хийнэ гэж байгаа боловч тэр нь Ж.Батзандан яавч биш. Хэлэх үг нь хурц, оргилуун боловч хөрсөн дээрээ буудаггүйн үлгэр энэ хүнд л бий. Гэхдээ түүний хувьд АН-ын даргад өрсөлдөж буй таван хүний нэг гэдэг нь л хангалттай.  Түүнд амбийцаа өсгөх гэсэн санаа бий болохоос АН-ыг шинэчлэх бодол огт байхгүй.

Лу.Гантөмөр ба “Ардчилсан намын шинэ салхи” 


Аравхан хоногийн дараа Ардчилсан намын дарга хэн бэ гэдгийг орон даяар мэдэх болно. Даргын төлөөх өрсөлдөөн 30 хоног үргэлжилж, нэр дэвшигчид гишүүд дэмжигчидтэйгээ уулзахаар хөдөө орон нутгаар хамтдаа яваа. Харин энэ 30 хоногт өөрийгөө хэн бэ гэдгийг тод томруунаар харуулж чадаж буй ганц хүн нь Лу.Гантөмөр. Түүнд Ардчилсан намыг шинэчлэх чин хүсэл бий. Тиймдээ ч тэр намын залуусын хамт байгуулсан “Нэг Ардчилал” фракцаа татан буулгаж буйгаа их хурлынхаа өмнө зарласан. Түүнийг тойрсон шүүмжлэлүүд нэлээд хурцдаж ирсэн төлөв байдал нь Лу.Гантөмөр АН-ын даргын сунгаанд нөлөө бүхий дэвшигчийн байр суурин дээр бат зогссоны бодит нотолгоо юм.

Намын даргын төлөөх өрсөлдөөнд нэгийгээ муучлах, муухай харагдуулах гэсэн оролдлого энд тэндгүй явж байгаа ч Лу.Гантөмөр эв эеийг эрхэмлэж, бодлого, мөрийн хөтөлбөр ярьж өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Тийм дээ ч очсон газар бүртээ “Дарга нарын олон жил үргэлжилсэн "зодоон"-оос болж сульдаж, хямарсан намдаа ЭРС ӨӨРЧЛӨЛТ-ЭРГЭН СЭРГЭЛТ авчирна” хэмээн итгэл дүүрэн дуугарах болжээ. Мөн тэрбээр сүүлийн үед “Шинэчлэлээ, ялалтаа битгий худалдаарай”, “2020 оны ялалтаа хамгаалж, санал худалдан авагсдад үгүй гэж хэлцгээе” гэх зэргээр уриалах болов. Гэвч 26 жилийн түүхтэй намын гишүүд намын даргын сунгаагаа хэчнээн чухал болохыг ойлгож, саналаа худалдахгүй гэдэгт итгэж байна.

Д.Эрдэнэбат ба Нууцын эзэн


АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр таван сар ажиллана гэдэг бага хугацаа биш. Түүнийг Ардчилсан намын даргад яг тохирно гэж байсан үе ч бий. Гэвч намын нөхөд нь замын дунд тохирооноосоо буцаж, даргаар батламжлахын оронд сунгаагаар тодруулахаар болсон нь түүнд том цохилт болов. Яг үнэндээ түүнийг таван нэр дэвшигч дотроо яах ийх нь тодорхойгүй ганц хүн гэлцэх юм билээ. Ямар зорилгоор Ардчилсан намын дарга болох гээд байгаа нь тодорхойгүй ч түүнд нэг “Нууц” бий.

Ер нь Ардчилсан намын луугаруудын жинхэнэ санааг мэдэх тун хэцүү. Дарга болох гэхээсээ илүүтэй ард нь асар том амбийц бий гэдгийг учир мэдэх хүмүүс л гадарлана. Ид өрнөж буй АН-ын даргад нэр дэвшигчдийн сунгааны явцад түүн шиг сул дүр алга. Гэхдээ түүний сул, чимээгүй дүрийн цаана юу нуугдаж байгааг даргын сунгааны дараа л мэдэж болох юм.

 

С.Эрдэнэ ба Вангийн эрдэм


 

30 гарч байж Отгонтэнгэр их сургуулийг хуульч, хууль зүйн ухааны магистрзэрэгтэй төгссөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ч азтай аавын хүү бололтой. Тийм орой дээд боловсрол эзэмшчихээд  Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга, ХАХНХ-ын сайд зэрэг төрийн өндөр албуудыг хашиж, 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллана гэдэг том хишиг. Мэдээж энэ хишиг Ардчилсан намд үнэнч байсны төлөө гэдэг нь ойлгомжтой. Гэвч 1989 оноос хойш өнөөдрийг хүртэл зөвхөн намын удирдах ажил, төрийн алба хашиж ирсэн С.Эрдэнийн “Баянголын ван” болтлоо хөлжиж чадсан түүх нь үргэлж олон нийтийн анхаарлын төвд байдаг.

Гэвч тэр бол мөнгөтэй, эрх мэдэлтэй, олон жилийн туршлагатай нэгэн. Тиймээс Лу.Гантөмөр хэчнээн хичээсэн ч С.Эрдэнэ дарга болох тохироо аль хэдийн бүрдсэн гэх. Хэрэв Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй бол түүнийг шинэ үе, шинэ салхи л хийж чадна. Энэ боломжийг ашиглаж чадалгүй намын гишүүд нь эрх мэдэл, их мөнгөний өмнө өвдөг сөхөрвөл Ерөнхийлөгчийн, бүр 2020 оны сонгууль ч энэ намын хувьд мөрөөдөл болж үлдэнэ.

Ийнхүү “Нэг ардчилал” овогтой залуусын фракцын лидерүүдийн нэг Лу.Гантөмөр, “Шонхор-МоАХ” бүлэглэлийн хөгшин толгойлогч С.Эрдэнэтэй үзэлцэж, АН-ын даргын сунгааны үзүүр, түрүү булаалдаж эхлэв. Ялгаатай нь С.Эрдэнэ сурсан зангаараа 27 жил гудамжинд хаягдсан партизануудын гомдол, хорсол дээр дөрөөлж намын даргын суудалд хүрэхийг санаархаж байгаа бол Л.Гантөмөр нь АН-ыг илүү ардчилалтай, хариуцлагатай нам болгоё, АН-аар дамжуулж нийгмээ ардчилья гэж байна.  Салхи хаашаа эргэх бол.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (122.201.24.55) 2017 оны 01 сарын 22

gantomor l bish bysad 4 n hen n ch bsan yahav AN n dargaar

0  |  0
zochin(122.201.24.55) 2017 оны 01 сарын 22

ene enhyuanga gej hyn yu medej bichee be gantomoriig l sain meddeg hun boltoi ylaan myynchin ch bj magadgyi tsaashlaad hyzyygyi hynii gar hol n ch bj magadgyi boltoi gantomor yu hiisen yum bolovsroliin said bhdaa shashnii gaj yrsgal myyntei holbootoi l gej shyygisan

0  |  0
Хувь заяа(103.229.120.68) 2017 оны 01 сарын 18

Батзандан Батзандан Батзандан

0  |  0
Хэгэ хого(49.0.190.184) 2017 оны 01 сарын 18

Lu mini deebolij uz

0  |  0
monx(103.57.94.122) 2017 оны 01 сарын 18

Erdene xal yzsen bidnii jyrmiin noxor , yamar ch yued noxroo xaydaggui saixan chanar tuund baidag

0  |  0
zochin(59.153.113.171) 2017 оны 01 сарын 18

ГОМО МӨНХӨӨ ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВНААС АВСАН МӨНГӨӨРӨӨ ЖООХОН БАНДИ НАР УРУУ ТАТАХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ГОМО

0  |  0
zochin(116.44.154.116) 2017 оны 01 сарын 18

ochij ochij nuu muun d bas tagnuul d itgel ogch bidag mon hutsavaa ene gantomor gegch hulgaichaar 2 doh eebii bolgoh gej husee yu mohgolchuud bugd an iin omnoos salaavch ogno

0  |  0
Top