ЗАВХАН: Нийслэлийн тэргүүний 22 багш орон нутагт вакумжуулсан сургалт зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 18

Ирээдүйд эх орныхоо хөгжлийг түүчээлэх сайн боловсон хүчин бэлтгэхийн тулд багш нарын ур чадвар сайн байх ёстой. Тэгвэл Завхан аймаг ирэх 4 жилд “Сайн багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ хүрээндээ “Багшийн сэтгэл хүүхдэд” удирдах ажилтан, багш нарт зориулсан сургалтын эхний үйл ажиллагааг зохион байгуулж 500 орчим багш нар оролцжээ.

“Сайн багш” гэдэг бол мэргэжлийн ур чадвар сайтай байхаас гадна хамгийн гол нь хүүхдийн төлөө сэтгэлтэй байх хэрэгтэй. Тиймээс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, ажлын үр дүнг дэмжих “Сайн багш” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр тусгагдсаны дагуу “Багшийн сэтгэл хүүхдэд-1” үйл ажиллагааг Нийслэлийн тэргүүний “Шинэ Үе” бүрэн дунд сургуультай хамтран зохион байгууллаа.

Тус сургуулиас шилдэг тэргүүний 22 багш орон нутагт 3 өдрийн турш ажилласан байна. Вакумжуулсан сургалтыг Тосонцэнгэл суманд зохион байгуулж, Завхан аймгийн зүүн болон хойд чиглэлийн14 сумын 15 сургуулийн багш нар хамрагдлаа.

Дараагийн ээлжинд үлдсэн сумдын багш нарыг энэ сургалтад хамруулах юм байна. Сургалтыг шат дараатайгаар жилд 2-3 удаа зохион байгуулах бөгөөд багш нар онлайнаар даалгавар авч өмнөх сургалтынхаа үр дүнг үнэлэх зарчмаар багшаа хөгжүүлэх юм.  Ийнхүү нийслэлийн шилдэг багш нарын арга зүй, ур чадвараас суралцсанаар хөдөө орон нутгийн сурагчдын сурлагын амжилт эрс сайжрах юм.

Ийнхүү “Сайн багш” хөтөлбөр 4 жилийн хугацаанд хэрэгжсэнээр хөдөөгийн багш нарын ур чадвар, сэтгэлгээ өндөр түвшинд хүрч Завхан аймгийн боловсролын салбар эрчимтэй хөгжих юм. Энэ хэрээрээ цалин, урамшууллын тогтолцоо ч өөрчлөгдөнө гэдгийг хэлж байлаа.

Б.Оюун-Эрдэнэ /Завхан/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top