ОРХОН: 841 хүүхэд өвчтэй гэх шалтгаанаар цэцэрлэгтээ ирсэнгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 19

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улирал тохиож байгаа тул Орхон аймгийн Засаг дарга захирамж гаргаж энэ төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өчигдөр хоёр дахь хурлаа хийж Засаг даргын орлогч А.Түвшинжаргалд нөхцөл байдлыг танилцууллаа. 

Энэ долоо хоногийн даваа гарагийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 8.7 хувийг томуу, томуу төст өвчний үзлэг эзэлсэн байна. Мөн Хүүхдийн хүлээн авахаар 450 гаруй хүүхэд үйлчлүүлжээ. Мөн БОЭТ-ийн Хүүхдийн тасагт 78 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн. Нийт хэвтсэн эмчлүүлэгчдийн 30.7 хувийг хатгаа туссан хүүхэд эзэлж байгаа талаар Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин ярилаа.
Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх нь их байгааг энэ үеэр мэргэжлийн хүмүүс хэллээ. Тодруулбал, өчигдөр нийт 841 хүүхэд өвчтэй гэсэн шалтгаанаар цэцэрлэгтээ ирээгүй гэж Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн хэллээ. Дээрх хүүхдүүдийн 700 гаруй нь ханиад, томуу туссан аж. 
Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл ӨЭМТ-үүд ажлын өдрүүдэд 20 цаг хүртэл, амралтын өдрүүдээр 4 цаг ажиллаж байгаа аж. Энэ нь ч үр дүнгээ өгч Хүүхдийн хүлээн авахын ачаалал буурах хандлагатай байгаа юм байна. 
 
Эрүүл мэндийн сайдын тушаалд томуугийн өвчлөл амбулаторийн нийт үзлэгийн 15 хувийг эзэлсэн тохиолдолд хорио цээр тогтоохоор заасан. Одоогоор энэ үзүүлэлт аймгийн хэмжээнд 8.7 хувь байгаа учир нийслэлтэй ижил сургуулийн сурагчдын амралтыг сунгах шаардлагагүй гэж ажлын хэсгийн бүрэлдэхүүн үзлээ. 
 
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарын илүү цагийн хөлс, гэрээр үзлэг хийхэд шаардлагатай шатахууны мөнгийг шийдвэрлэхээ хэллээ. Тиймээс сургууль, цэцэрлэгийн эмч нарын ажлыг сайжруулж, эцэг, эхчүүдэд томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг тогтмол хугацаанд хүргэх үүргийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өглөө. 
О.Анир
Эх сурвалж: Орхон аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top