”Стэнд бай” аврал уу эсвэл дампуурлын эхлэл үү

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 19

Эдийн засгийн хүндрэлээс гарахаар Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн тусламжийг авах тал дээр судлаж, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлыг ярьж эхэлсэн. Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нар өнгөрсөн намар Вашингтоныг зорьж Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад  албаны төлөөлөгчдийн хамт оролцож “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавьж, тавигдах нөхцөлүүдийн талаар  харилцан зөвшилцсөн билээ.

Тэгвэл үүний хүрээнд ОУВС-ийн шинжээчид энэ сарын 20-нд манай улсад ирэхээр болсон. Энэ удаад ирэх шинжээчдийн багтай Сангийн яам болон Засгийн газар ОУВС-ийн ямар хөтөлбөрт хамрагдах, ямар чиглэлээр өөрчлөлт, шинэчлэлт хийх зөвлөмж авах асуудлаа ярилцах юм байна.

"Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах улсууд зээлдүү­лэгчтэй харилцан тохиролцож санамж бичиг байгуулдаг. Энэ са­намж бичигт тавигдсан шаард­­л­агуудыг хөтөлбөр хэрэг­жих хугацаанд тухайн улс хэрэгжүүлэх ёстой юм.

 Ямар  улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагддаг вэ?

Үүнд мэдээж эдийн засгийн үсрэнгүй өсөлттэй улсууд хамрагдахгүй. Харин эсрэгээрээ эдийн засгийн хүнд нөхцөлд орсон буюу  хатуухан хэлэхэд дампуурлаа зарлахад  тун ойрхон улс орон  “амь тариа”-нд орохын тулд тус хөтөлбөрт хамрагддаг гэж хэлж болно. Гадны хөрөнгө оруулагчдын сонорт хэдийнээ манай улсын эдийн засгийн талаарх сөрөг мэссэйж тарж үүнтэй зэрэгцэн Олон улсын валютын сангаас хэрэгжүүлдэг “Стэнд бай” хөтөлбөрт хэрэв  хамрагдвал хөрөнгө оруулагчид биднээс улам л нүүрээ бууруулна. Учир нь эдийн засгийн ямар ч чадамжгүй болж байгаагаа тэдэнд илтгэж буй юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн доройтлыг олон улсад харуулах хар тамга  “Стэнд бай” хөтөлбөр.

Ял эдэлж байсан хүн ажилд ороход  урьд нь “ял эдэлж байсан  эсэх"  гэсэн асуулт эзнээ үргэлжид хар сүүдэр мэт дагасаар л байдаг. Яг үүнтэй агаар нэг ойлголт бол “Стэнд бай” хөтөлбөр.

Бид өнөөдөр урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж болох ч энэ нь  алс хэтдээ хохиролтой үр дагаварыг авчирна.

  Тэгвэл  эдийн засагчид  “Стэнд бай” хөтөлбөрийн талаар юу хэлэв?

Эдийн засагчдын зүгээс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг эсрэг тэсрэг байр суурьтайгаар тайлбарлаж буй юм. Нэг хэсэг нь  “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал ам.долларын ханш тогтворжихоос гадна эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого хэмээн үзэж байгаа бол нөгөө хэсэг нь “Стэнд бай” бол аврал биш дампуурлын эхлэл”  хэмээн үзээд буй.

Манай улс “Стэнд бай” хөтөлбөрт анх удаа ч хамрагдах гэж байгаа  юм биш. Өмнө нь хоёр удаа буюу 1991, 2009 онуудад уг хөтөлбөрт хамрагдаж байжээ. 2008 оны тухайд  тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ манай улсад 1,6 жилийн хугацаанд зээлийн хязгаарлалт тавьж байв.

“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан 2009 оны эдийн засгийн дүр зураглал 

Тэр үед одоогийнхтой мөн л адил байв. Экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ унаж, экспортын орлого буурсан. Мөн зарим арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, төлбөрийн чадвар нь эрс муудаж хаалгаа барихад хүрсэн. Түүнчлэн барилгын салбар хямралд өртсөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсын нийт  өр 24,8  их наяд, ДНБ-ийн 9,1 хувь алдагдалтай, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2500 хүрсэн байна.  Монгол улс зөвхөн хүүгийн зардалд  л гэхэд өнгөрсөн жил 981 тэрбум төгрөг төлөх тооцоо гарсан байдаг.

“Стэнд бай” хөтөлбөрийн  горыг амссан улс бол Грек юм. Грекийн Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан ч амжилттай хэрэгжээгүй, эдийн засгийн хүндрэл нь улам л даамжирсан гэдэг.  Бид үүнийг давтахгүй л байхсан.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top