Азийн сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2017 оны 01 сарын 19

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар хотын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд азийн сангийн зүгээс Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Мөн холбогдох бодлого болон төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын шат шатны засаг захиргааны байгууллагад болон бусад оролцогч талын идэвхтэй оролцоог хангаж, хамтран ажиллах юм байна.

Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа нийслэлийн Засаг даргын орлогч “Өнөөдөр байгаль орчинд тулгамдсан гол асуудал бол агаарын бохирдол. Мөн хүн амын өсөлтөөс шалтгаалаад хөрсний бохирдол, доройтол ихэссэн. Дөрвөн уулын дунд монголчуудын тал нь ирж суурьшсантай холбоотойгоор усны бохирдол өндөр түвшинд хүрч, цэвэр усны нөөц багассан байгаа. Байгаль орчны энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд Азийн сан хамтран ажиллана. Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон хөгжилд түлхүү анхаарч төсөл хөтөлбөр олноор хэрэгжүүлнэ” гэв.

Цаашид хэрэгжих ажлуудад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчийг төлөөлөн нийслэлийн Байгаль орчны газар ажиллах бөгөөд тус газар нь Агаар, Ус, Хөрс гэсэн сэдвийн хүрээнд хэрэгжүүлэх нэн тэргүүний ач холбогдол бүхий үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг тодорхойлох, хамтран хэрэгжүүлэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top