Тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 352 улсын байцаагч ажиллаж байна

2017 оны 01 сарын 19

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээ”-ний тухай тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 18 цагаас 20-ны өдрийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи,согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглосон. Тогтоол гарсантай холбогдон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 9 дүүргийн 352 улсын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тухайн өдрүүдэд 7146 хүнсний худалдааны газар, 2457 нийтийн хоолны газар, ресторан баар, зочид буудлуудыг хамруулан хяналт шалгалтыг явууллаа. 

 Шалгалтаар Архидан согтуурахтай тэмцэх тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай болон бусад хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан стандарт, дүрэм журам, “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай“ НИТХ-ын тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулан, архи, согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллалаа. Түүнчлэн тодорхой нэрийн 7378 шил архийг худалдаалахыг түр хориглож, 80 шил архинаас дээж авч лабораторид хүргүүлсэн байна. Хяналт шалгалтын явцад согтууруулах ундааг гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаалах цөөнгүй зөрчлүүд илэрснийг зогсоож, цагдаагийн байгууллагад шилжүүллээ.

Цаг үеийн нөхцөлд байдалтай уялдан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шуурхай штаб ажиллаж байгаа тул иргэд хууль бус үйл ажиллагааны талаар 70128012, 311089 дугаарын утсанд мэдэгдэж, болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэхийг зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top