Видео: Бурхны орон руу явж ээжтэй уулзана гэж хэлээд амиа хорлохоор завджээ

2017 оны 01 сарын 20

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хурлын танхимд шүүгдэгч хоолойгоо хэрчиж, амиа хорлохыг завдсан хэрэг өчигдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ талаар дөнгөж сая тус шүүхээс мэдээлэл хийлээ.

Шүүгдэгч тухайн үед хулгай, дээрмийн хэрэгт буруутгагдан, Эрүүгийн хуулийн 147.2, 145.4-т зааснаар яллагдан, шүүгдэж байжээ. Тэрээр шүүх хуралдаанд үгээ хэлж байхдаа “Би ээжтэйгээ явж уулзахаар явлаа. Надад амьд явах хүсэл алга” гэж хэлээд хоолойгоо зүсч, амиа хорлох оролдлого хийсэн байна. 

Албан эх сурвалжийн мэдээллэж буйгаар хэрэгтэнг н.Бархас гэдэг бөгөөд 30 орчим насны эрэгтэй аж. Тэрээр хумсаараа хоолойгоо зүссэн байж болзошгүй гэнэ. Мөн түүний ээж нас барсан гэнэ.

Түүнчлэн тэрээр өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан бөгөөд өршөөлийн хуулиар суллагдсан байна.

Болсон явдлын талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү хэлэхдээ “Шүүх хуралдааны үед цагдаагийн нэг алба хаагч байсан. Өнөөдрийн байдлаар манай шүүх тун ачаалал ихтэй ажиллаж байгаа учраас харуул хамгаалалтын хувьд цагдаа нар анхаарал хандуулахгүй бол хүн хүч хүрэлцэхгүй тохиолдол их байдаг. Өмнө Тахарын байгууллага энэ үүргийг гүйцэтгэж байхад ийм тохиолдол гарч байгаагүй” хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгийн газрын дарга Д.Одхүү мэдээллээ.

Цагдаа нар хоолойгоо хэрчсэн шүүгдэгчийн биед үзлэг, шалгалт хийхэд биеэс нь ямар нэгэн мэс олдоогүй аж. Тиймээс урьдчилсан байдлаар шүүгдэгчийг хумсаараа хоолойгоо хэрчсэн байж болзошгүй гэж таамаглажээ. Амиа хорлохыг завдсан түүнд яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьснаар амь насийг аварсан байна. 

Б.Учрал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top