Ж.Ганбаатар: Ийм хямралд дахин орохгүйн тулд хүмүүст бизнес эрхлэх сонирхлыг нь төрүүлэх ёстой

2017 оны 01 сарын 20

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.

-Эдийн засгийн хямралаас гарахын тулд үндэсний компани, үйлдвэрлэгч бизнесмэнүүдээ дэмжих ёстой. Монголын баялаг болсон эдгээр хүмүүсээ эн тэргүүнд түших нь хамгийн зөв гарц гээд байгаа шүү дээ?

-Худалдаа наймааг бизнес биш гэж ойлгодог нь өнгөрсөн нийгмийн буруу ойлголтын үлдэгдэл. Та бүхэн түүхийн сурвалжуудыг анзаарахад хэдэн зуу, олон мянган жилийн тэртээгээс худалдаа хаана хөгжинө, тэнд хөгжил байдаг. Энэ бол бүх зүйлийн зангилаа. Торгоны зам, Газрын дундад тэнгист маш сайн төвлөрлийг бий болгож чадсан. Төвлөрлийг бий болгож чадсан нь л хөгждөг байхгүй юу. Үүний орчин үеийн алтан жишээ бол Нью-Йорк, Сингапур, Хонгконг, Лондон. Эдгээр хотуудад юу үйлдвэрлэдэг билээ. Төдийлөн үйлдвэрлэл хөгжүүлээгүй байдаг. Тэгсэн хэрнээ тэнд бүх мөнгийг төвлөрүүлж чадаж байна. Том хотууд ерөнхийдөө ийм байна.

Би энэ УИХ-д гишүүнээр сонгогдоод тав, зургаан сар болж байгаа. Харахад аман дээрээ бизнесийг хөгжүүлнэ, бизнес эрхлэгчид бол бидний хөгжлийн гарц, үүн дээрээ л тулгуурлах ёстой гэж ярьж байгаа боловч бодит байдал дээрээ үүнээс хойшоо сууж байна. Үүнийг харсан япон, америкчууд “Монголын ардчилсан нийгэм, эдийн засгийг ойлгохгүй байна” гэж яриад байгаа юм. 

Төрд л байвал мундаг гэдэг ойлголтыг хүн болгон ярьж байна. Газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс юм л бол “Төрийн анхааралд аваач ээ”, “Төр анхаараач ээ. Төрийн бодлогоор дэмжээч ээ” гэдэг. Бүгд ингээд сурчихсан. Төрөөс үл хамааралтайгаар л хөгждөг байх ёстой, эхлээд. Үйлдвэрлэл, бизнес явсаар, хөгжсөөр тодорхой түвшинд хүрээд өрсөлдөөн нь хөгжингүй орнуудын түвшинд хүрсний дараа л төрийн оролцоо тодорхой хэмжээгээр хэрэгтэй болж эхэлдэг. Аман дээрээ ардчиллыг дэмжиж, эдийн засгийг либерал болгоё гэж байгаа боловч үндсэн ойлголтоор нь эдийн засгийн харилцаагаа ойлгохгүй байна.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотойгоор нэг зүйлийг хэлэхэд, хувьчилж авсан арга нь луйврын шинжтэй байвал тэр нь буруу. Үүнд хариуцлага тооцох нь зөв. Монголын хувийн компани 49 хувийг авна гэдэг бол хамгийн том амжилт. Тэрийг зөв аргаар авчраад монголчууд өөрсдөө 49 хувийг нь эзэмшиж байгаа бол сайн. Үүнд бол ярих юм байхгүй. “Эрдэнэт” рүү янз бүрийн бүтээгдэхүүн шахаж байсан улс төрийнхний гар, хөлийг нь хааж чадаж байгаа бол сайн. Бүх юмыг төрд байлгана гэдэг бол хамгийн муу менежмэнт.

-Эдийн засгийн байнгын хороон дээр гишүүд яг энэ өнцгөөс нь их ярьж байгаа харагддаг?

-Эдийн засгийн байнгын хороон дээр олон удаа хэлсэн. Төрийн өмчит компаниуд дийлэнх нь ашиггүй ажиллаж байгаа. Энэ юуг хэлж байна вэ гэхээр ялангуяа сүүлийн 25 жилийн турш төрийг авч явсан хүмүүс эдийн засгийг ойлгохгүй байгаагаа л үүгээр харуулж байгаа юм. Углуургаар нь бүгдийг нь ойлгохгүй байна. Хаалттай хуралдаан болбол энэ талаар нэлээд тодорхой ярья гэж төлөвлөж байгаа.

-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, Татварын тухай хуулиудыг хэлэлцэж байхад та “Та нар бизнес хийнэ гэж юу байдгийг мэддэггүй. Ямар хэцүү байдгийг ойлгодоггүй. Дороо хүн ажиллуулаад сар болгон цалинтай байлгахын төлөө яаж зүтгэдгийг мэдэх үү” гээд сүүлийн үед бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хөндсөн зүйл заалт хуулийн төслүүд дээр орж ирж байгааг шүүмжилсэн?

-Би өөрийнхөө тойргийн дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд төсөл бичих уралдаан зарлаж байгаа. Бизнесийн төсөл бичих уралдаан юм. Яагаад ийм уралдаан зарлахад хүргэв гэвэл 2000-2005 оны үед хүүхдүүд “Би ийм угаалгын газар ажиллуулах гэсэн юм”, “Ийм нэг юм хийх гэсэн юм” гэсэн санаачилга их гаргадаг байсан. Гэтэл одоо толгойтой хүн болгон л яаж төрд ажилд орох вэ, эсвэл гадагшаа яажшүү гарч ажиллах вэ, мэргэжлээрээ гадны нэг компанид ажиллая гэж хүсдэг болсноос биш өөрөө бизнес хийх сонирхол нь буучихсан. Өөрөө тэгээс нь эхэлж бизнес хийх сонирхолгүй болчихсон. Зурагтаар гарч байгаа шоунуудыг харахад л илт. Гэхдээ би тэдгээр шоунуудыг шүүмжлээгүй шүү. “Авьяаслаг монголчууд”, “Universe best songs” зэрэг шоунууд нийгмийн бүтээлч биш хэсэг рүү хандаж байна.  Бизнесмэнүүд суучихаад төсөл шалгаруулаад худалдаж авдаг Америкийн том шоу байдгийг та бүхэн мэднэ. Тэр шоуг Монголд санаачилъя гэж бодож байгаа. Нийгэмд жаахан хөдөлгөөн оруулж бизнес хийх сонирхлыг нь төрүүлэх хэрэгтэй. Би бизнес хийж байж л амьдралаа авч явах юм байна гэдгийг ухаарах нь зүйн хэрэг. Гэр бүлийн хоёр хүн хоёул төрд ажиллавал ирээдүйд амьдралын гарц хэцүү шүү. Явцын дунд төсвөөс юм хумсалдаг, төсвөөр тэжээгддэг амьдрал жамаа дагаад ил тод гарч ирээд багасаад явчихна. Нэг нь сонирхлынхоо дагуу төрд ажиллаад явж болно. Нийгмийнхээ төлөө боловсролоо зориулахын төлөө тэгж явах нь зөв. Гэхдээ нэг нь бизнес хийж байж ар гэрийн амьдралаа авч явна шүү дээ. Зарим сургуулиудад би лекц уншихдаа төр ирээдүйд маш цомхон, хүчтэй хүмүүсийн амьдардаг салбар болох ёстой гэж хэлдэг. Жишээ нь, 50-60 мянган хүнтэй байхад л болно. Өнөөдөр 250 мянган хүнийг тэжээж байна. Цомхон байх ёстой.


Бизнес хийх сонирхлыг хүмүүст сайн төрүүлээч ээ. Түүнээс биш дуу дуулах, дугуйгаар явж, турникэндээ сайн байх ёстой ч гэх шиг. Тэр тэмцээнд орж болно. Гэхдээ хүн болгон тийм биш байгаасай гэж бодож байна. Бизнес эрхлэх сонирхол л их байх ёстой. Үүний төлөө л би энд дөрвөн жил сууна гэж бодож байгаа. Төрд удаан ажилласан, олон сонгогдсон хүмүүс “Төрийн ажлын туршлагатай”, “Би төрийн хүн ш дээ”, “Би төрийн хүн учраас төрийн ажил хийнэ ээ” гэдэг. Зарим үед бизнестэй холбоотой хууль эрхзүйн бичиг баримт боловсруулахад оролцдог. Гэтэл бизнесийн ямар ч туршлагагүй хүн бизнесийг зохицуулна гэдэг бол хэцүү. Сэтгүүлзүйн ямар ч туршлага, мэдлэггүй хүн энэ салбарыг чинь зохицуулна гэвэл та бүхэн бас нэлээд юм ярина даа. Огт бизнес хийж үзээгүй. Хадаас хадах нь бүү хэл хоёр хүн цалинжуулж үзээгүй, хармаанаасаа мөнгө гаргаж сураагүй ийм хүмүүстэй юу ярих вэ. 500 хүнийг цалинжуулъя гээд сард сая төгрөг өгнө гэвэл 500 сая төгрөг хэрэгтэй. Сая төгрөг гэдэг бол дундаж цалин. 500 сая төгрөгийг хүнд сар болгон гаргаад дээр нь нийгмийн даатгал, татвараа нэмбэл нэлээд болно шүү дээ. Энэ чинь өөрөө маш том эрсдэл. Тэр хүн тэрбумаас илүүг олж байж тэр хүмүүсийг цалинжуулна. Үүн дээр л энэ нийгэм хөдөлж Монгол Улс хөгжиж байгаа. Хөгжил гэдэг үүн дээр л явж байгаа. Би өмнө нь нийслэл, дүүргийн ИТХ-д сууж байсан болохоор улсын төсвийг өнөөдөр л хараад шогшроод байгаа юм биш. Энэ бүхнийг эдийн засаг талаас нь хүмүүс сайн ойлгохгүй байна л даа. Үүнийг хурдан засах ёстой.

-Төр засгийн зүгээс үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжинэ хэмээгээд янз бүрийн л алхам хийж, татварын хөнгөлөлт ч үзүүлэхээр болж байна?

-Та 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг нэг хувь болгоё гэдэг зүйлийг ярьж байх шиг байна. 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг жижиг дунд үйлдвэрлэгч мөн гээд хуульд заачихсан байгаа. Бүх аж ахуйн нэгжүүдийг энэ хөнгөлөлтөд хамруулах ёстой гэдэг дээр би анхнаас нь дуугарч байгаа. Манай намын бүлэг, Засгийн газар дээр тэгэх боломжгүй л гэж байгаа л даа. Гэхдээ нэг, хоёрхон компанид зуу гаруй тэрбумаар нь өгчихдөг. Идэж шамшигдуулж байгаа асуудал нь хэдэн их наядаар яригдаж байхад бүхэл бүтэн 750 мянган хүн ажиллаж байгаа энэ жижиг, дунд үйлдвэрийн салбарт хорин хэдхэн тэрбум төгрөгийн л асуудал байгаа. 20 хэдэн тэрбум төгрөг гэдэг бол та бидэнд, хувийн компанийн хувьд их мөнгө ч улсын төсөвтэй харьцуулбал энэ чинь харьцангуй гайгүй мөнгө. Энэ их хэцүү цаг үед бүх компанийнхаа татварыг багасгаснаараа мэдээж төсөвт 23 тэрбумаар ачаалал үүснэ. Нөгөө талдаа ямар ач холбогдолтой вэ гэхээр төр рүү орж ажиллах гэж байсан эсвэл гадагшаа явж ажиллах гэж төлөвлөж байсан хүмүүс гурав, тав, арван хүн цалинжуулаад бизнес хийж эхэлнэ. Тэр хэрээр төсөв нэмэгдэж, төсвийн дарамт багасна. Тэр хүн чинь татвар төлөхгүй ч нийгмийн даатгал, шимтгэл төлнө, хувь хүний орлогын албан татвар ч төлнө. Энэ утгаар нь харвал нэгээс хоёр жилийн дотор 23 тэрбумаас чинь илүүг төсөвт өгнө. Халамж авч байгаа хүмүүс нь шинээр бий болсон компанид орж ажиллана. Тэгэхээр үүнийг том хараасай гэж бодож байна. Ингээд ярьчихаар Ганбаатар өөрийнхөө компанийг уг хөнгөлөлтөд оруулах гэж байна гэж зарим хүн ойлгоод байх шиг байна. Сүүлдээ би инээх ч биш, уурлах ч биш тийм сонин байдалд орж байгаа юм. Би олон удаа хэлж байгаа, манай “Оргил” худалдааны төв бол үйлчилгээний салбарт сардаа 1.5 тэрбумаас илүү тэрбум төгрөг олдог. Ингэж хэлэхээс өөр аргагүй байдалд орж байгаа юм (инээв). Өмнө нь бизнес хийдэг УИХ-ын зарим гишүүн өөрийнхөө бизнесийг зарим зүйл дээр холбож байсан болохоор ийм хардалт их байдаг юм байна. За яах вэ, улстөрч чинь сайнаар хэлүүлэхгүй, муугаар хэлүүлэхгүй байна гэж байдаггүй юм байна. Хүн болгонд очоод өөрийгөө тайлбарлалтай нь биш. Хүн ойлгохоороо л ойлгоно биз.

-Та УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар ажилладаг. Эдийн засгийн хямралаас гарахад үйлдвэрлэлээ сэргээх хэрэгтэй гэдэг дээр олон хүн санал нэгддэг. Харин таны хувьд?

-Импортыг хаачихаад экспорт руу чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжиж байна гээд Монгол Улсыг хэтэрхий өндөр өртөгтэй улс болгочихов оо. Үүн дээр болгоомжилж байна. Энгийн жишээ татъя л даа. Хувцас хунараа зөвхөн Монголдоо л хийнэ гэвэл хилийн цаана маш хямдхан, хилийн наана маш үнэтэй болно гэсэн үг. Тэгвэл бид маш үнэтэй нийгэмд амьдарна. Та үнэтэй орон сууцанд хамгийн үнэтэй хаалга хэрэглэнэ. Хамгийн үнэтэй хувцас өмсөнө. Тэгэх юм бол өнөө контарбанд цэцэглэнэ. Бидний олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр бид энэ бүхнийг хооронд нь ялгаж салгах хэрэгтэй. Тэртэй тэргүй дэлхий даяарчлагдаж байгаа үед алийг нь дэмжих ёстой вэ гэдгээ харах ёстой шүү. Аль үйлдвэрээ дэмжиж, алийг нь хөл дээр нь босгох вэ гэдгээ сайн харах хэрэгтэй. Эдийн засгийн энэ байдлаас гарахад ганцхан хүний томьёолол бүтэхгүй. Олон талаас нь харах ёстой. Гишүүдийн ярьж байгаагаар том төслүүдээ хөдөлгөж, гадны зээл тусламжийг оруулж, экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа үйлдвэрүүдээ дэмжих ёстой гэдэг дээр санал нэг байна. Харин цаашдаа яавал ийм байдалд дахиж орохгүй вэ гэдгийг ярих хэрэгтэй. Яагаад байн байн ийм байдалд орох ёстой юм. Нийгмээрээ бизнес эрхлэх сонирхолтой байх ёстой. Нийгмээрээ шүү дээ. Дарга болж байгаа хүнийг хэвлэл мэдээллээр түлхүү гаргахаар дарга л мундаг гэсэн ойлголтыг өгдөг. Нэг дарга гарч ирээд “Би төдөн тийм үйлдвэрийг хаалаа, боолоо. Тийм тушаал гаргалаа. Тэр тушаалаар төчнөөн үйлдвэрийн үүдийг хаасан. Би ийм тийм стандарт гаргасан” гэж ярьдаг. Энэ бүхэн нь хүний бизнес эрхлэх сонирхлыг шууд хаачихдаг. Ийм дарамттай байдаг. Сайд дарга нар тэр хийсэн ажил, гаргасан тушаалаа дотооддоо л ярих ёстой. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах ёсгүй. Энэ бүхнийг бодох хэрэгтэй. Цаашдаа ийм байдалд орохгүйн тулд хүмүүст бизнес эрхлэх сонирхлыг нь төрүүлэх хэрэгтэй.

Гэтэл одоо төрд орж ажиллахыг хүн болгон л хүсч байна. Жишээ нь, “Манай компанид орооч, ажиллаач” гэхээр “Үгүй ээ. Төрд л ормоор байна. Мэргэжилтэн ч болтугай хийгээд явмаар байна” гэж байна. Яг үүнтэй адил бизнес хийх сонирхолтой хүмүүсийг л бий болгох хэрэгтэй. “Авьяаслаг монголчууд”-тай зэрэгцүүлээд бизнесийн төсөл бичдэг шоуг хиймээр байна шүү дээ. Уг шоуг санаачлаад араас нь дэмжээд явах сонирхол байна. Энэ шоу чинь Америкт жинхэнэ утгаараа гарчихсан. Д.Трампийн анх санаачилсан шоу шүү дээ.

-Монголчуудын сэтгэлгээнд л асуудал байгаад байна гэж үү?

-Та дархан аварга бол дээшээ, мундаг дуучин бол дээшээ, та хамгийн мундаг шүлэг уншдаг бол дээшээ, бүжигчин бол дээшээ, балетчин дээш, хошин шогийн жүжигчин бол дээшээ гэдэг. Гэтэл бизнес хийж байгаа хүнийг адгийн шулаач, панзчин, наймаачин чи холд гэдэг. Энэ чинь өөрөө ойлголтын зөрүүг харуулж байгаа байхгүй юу. Юу ч гэж хэлмээр юм. Заримдаа миний инээд хүрээд суудаг юм. Янз янзын мессэж ирж л байдаг. Ойлголтын зөрүү гэж энийг л хэлж байгаа юм. АНУ, Европт би иймэрхүү зүйлс яривал нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гэдэгтэй адил мэдээжийн юмыг энэ хүн яасан их ярьдаг юм бэ гэж гайхах байх.

Өдрийн сонин

Д.ГАНСАРУУЛ

 

Top