ДАРХАН-УУЛ: Монголын хамгийн том цахилгаан станц ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 24

Дархан-Уул аймгийн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 мвт хүчин чадал бүхий нарны цахилгаан станц энэ сарын 19-ны өдөр ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Зохицуулагч Д.Бассайхан, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мацато Такаока болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат зэрэг албаны төлөөллүүд оролцож, хүндэтгэлийн туузыг хайчилсан юм.

Дарханы нарны цахилгаан станц байгуулах ажлыг Нарны эрчим хүчний чиглэлээр 30 гаруй жил дагнан ажилласан, Физик-математикийн шинжлэх ухааны доктор Н.Энэбиш, Дарханы дулааны цахилгаан станцыг 10 гаруй жил удирдсан, Монгол Улсын Зөвлөх инженер Б.Мандалбаяр тэргүүтэй эрчим хүчний салбарт олон жил ажилласан мэргэжлийн туршлагатай баг, Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компанийн эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлжээ.Тус нарны станцыг дотоодын "Solar power international”, Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компани хамтран байгуулсан бөгөөд жилд 14,1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх юм.

Энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор 20.000 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтой хэмээн "Solar power international” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр нээлтийн арга хэмжээний үеэр онцоллоо. Станцын цахилгааны тоног төхөөрөмжүүд нь манай орны -30-40 хэмийн хүйтэн эрс тэс нөхцөлд найдвартай, өндөр үр ашигтай хэвийн ажиллаж байхаар тооцоолсон бөгөөд Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ компанид эрчим хүч нийлүүлж эхэллээ.

Нээлтийн үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд "Solar power international” ХХК-д эрчим хүч үйлдвэрлэх 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг нь гардуулж өгсөн бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Энэ тусгай зөвшөөрөл бол та бүхний тогтвортой үйл ажиллагаа явуулах, Монголын эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг тань баталгаажуулсан баталгаа юм шүү. Монголд хамгийн анхны, хамгийн том нарны станц хэр сайн ажиллахаас олон зүйл шалтгаална. Эрчим хүчний салбарт,тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гадна дотны олон хөрөнгө оруулагчид та бүхнийг анхааралтай харж байгааг битгий мартаарай. Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжлийн шинэ гарц гэж харж байна. Монгол орон ч гэсэн сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогодоо тусгаж, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль баталж, үнэ тарифыг нь баталгаажуулж өгсөн. Тиймээс Монгол Улсад нарны болон салхины эрчим хүч үйлдвэрлэх, хөрөнгө оруулах сонирхолтой бизнесменүүдийн тоо нэмэгдэж байна. Удахгүй нарны цахилгаан станцууд ар араасаа ашиглалтад орж, Монгол улс сэргээгдэх эрчим хүчээ экспортод гаргах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Монголын нар Монголчуудыг гэрт гадаагүй тэтгэж, айл бүрийн хойморт өдөр, шөнөгүй "мандах” цаг ойрхон байна. Энэ бол асар том бүтээн байгуулалт, бас асар том ажлын эхлэл юм шүү” хэмээн онцолж байлаа.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top