Ч.Соёлмаа: Хүүхдийн сүүн шүдийг эрт авснаас шүдний эгнээний гажиг үүсдэг

2017 оны 01 сарын 26

“Би Си Медикал” компаний захирал, “PDIC” эмнэлгийн Хүүхдийн шүдний их эмч, Анагаах Ухааны магистр Ч.Соёлмаатай ярилцлаа. 

Сайн байна уу. Өнөөгийн хөгжлөө дагаад анагаах ухаан тэр дундаа танай шүдний салбар өнөөдөр хэр хэмжээнд хөгжиж байна вэ, эмнэлгийнхээ онцлогоос дурьдвал?

- Сайн байна уу сүүлийн жилүүдэд нийгмийн өөрчлөлт болон шинжлэх ухааны хөгжлийн нөлөөгөөр нүүр амны судлалын салбар хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Энэ хөгжлөөс хоцрохгүйгээр хамтдаа хөгжиж, дэвших бүрэн боломжтой юм. Манай эмнэлэгийн хувьд Монгол-Солонгосын хамтарсан эмнэлэг. Нүүр амны бүх төрлийн эмчилгээ, арьс, гоо сайхны мэс заслын болон мэс заслын бус эмчилгээнүүд хийгддэг тусгай мэргэжлийн төв эмнэлэг юм. БНСУ-ын Солонгосын Сөүлийн Үндэсний Их сургуулийн профессорууд, БНСУ-ын Гоо Сайхны Мэс Заслын холбооны ерөнхийлөгч, БНСУ-ын “SLOCK” имплант академи зэрэг хамгийн шилдэг эмч нарын баг бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 

Сүүлийн үед шүдний өвчлөл ихсэх хандлагатай байна. Тэр дундаа хүүхдийн шүдний өвчлөл ямар хэмжээнд байгаа вэ ?

- Сүүлийн үед шүдний өвчлөл их байгаа нь орчин үед чихэрлэг бүтээгдэхүүн хэт их хэрэглэх, мөн хагас боловсруулсан болон наалдамхай бүтээгдэхүүний хэрэглээ хооллох хэв маяг зэрэг олон шалтгаануудын улмаас ихэсч байна. Би 2013-2015 оны хооронд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Шүдний сургуулийн Хүүхдийн шүдний тэнхимд магистрын зэрэг хамгаалсан бөгөөд судалгааны ажлын сэдэв маань шүдний өөр төрлийн өвчлөлийг тогтоох зорилготой байсан хэдий ч энэ ажлынхаа хүрээнд 2014 онд УБ хотын ЕБС-ын 7-12 насны нийт 687 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж энэ насныхны дунд шүд цоорох өвчний тархалтыг судалж тогтоож байсан. Судалгаагаар шүд цоорлын тархалт 95,5% тай гарсан нь маш өндөр үзүүлэлт юм.Мөн судалгааг хийхдээ гэр хорооллын болон хотын төвийн сургуулийн хүүхдүүдийг аль алийг нь  хамруулан ангилж үзэхэд шүд цоорлын тархалтын  хувьд гэр хорооллын хүүхдүүд 96.7%, хотын төвийн хүүхдүүд 94.1 % тай байгаа нь хоорондоо багахан хэмжээний ялгаа ажиглагдаж байгаа хэдий ч  гэр хорооллын өвчлөл их байгаа нь усны хангамж хэрэглээ эрүүл ахуйн орчин нөхцөл мөн эцэг эхчүүдийн хүүхдэдээ  тавих анхаарал халамж зэргээс шалтгаалж байгаа гэж бодож байна.Мөн энэ насныхан нь шүд солигдлын үе дээрээ байгаа бөгөөд энэ нь амны хөндийд  сүүн шүд ч байгаа байнгын шүд нь ч зэрэгцэн ургаж байгаа нас юм .Судалгаанд сүүн шүдний цоорлын эрчим 4.5, байнгын шүдний цоорлын эрчим 3.1гэсэн үзүүлэлт гарсан ба үүнээс харахад сүүн шүдний өвчлөл их байгаа нь эцэг эхчүүдийн дунд сүүн шүдийг унах шүд учраас эмчлэх хэрэггүй гэсэн буруу ойлголттой явдгаас үүдэлтэй байж болох юм.  

Сүүн шүд нь хэдээс хэдэн наснаас эхлэн ургадаг вэ, эрт  авахуулснаар ямар нэгэн сөрөг нөлөө байдаг уу ?

- Хүүхдийн өсөлтийн онцлогоос шалтгаалан сүүн шүд 5-6 сартайгаас эрүүний төвийн үүдэн шүд шүдэлж эхлэн хамгийн сүүлд хоёр нас таван сар орчимд хоншоорын сүүн хоёрдугаар араа шүд шүдэлснээр нийт 20 сүүн шүд шүдэлж дуусдаг. Сүүн шүдийг цоорсон үед нь эмчлүүлээгүй удаан явснаар цоорол нь даамжирч улмаар шүдний зөөлц үрэвсэж, холбоосны үрэвслийн хүндрэлд хүрч эмчлэгдэх боломжгүй үед унахаас нь өмнө эрт авахуулах тохиолдлууд байдаг бөгөөд энэ нь байнгын шүдний гажгийг үүсгэдэг сөрөг муу нөлөөтэй. Сүүн шүд болгоны харалдаа доор нь байнгын шүдний эх үүсвэр нь байрлаж байдаг бөгөөд сүүн шүдний сурвалж нь бүрэн шимэгдсэнээр сүүн шүд унаж үүний оронд гарах байнгын шүд тэр зайнд гарах учиртай байдаг гэтэл энэ хэвийн үйл явц алдагдаж  байнгын шүд шүдлэх хугацаа болохоос өмнө  шүдийг эрт  авснаар хажуу байнгын шүднүүд байрандаа ургахгүй зай нь шахагдах үүнээс шалтгаалсан байнгын шүдний эгнээний гажиг, болон шүдний бөөгнөрөл үүсэх сөрөг муу нөлөөтэй. Тиймээс аль болох цоорлыг эрт үе дээр нь оношлуулан эмчлүүлж сүүн шүд ч байсан эрт шүдийг авахуулахгүй байх нь зүйтэй юм. 

 

 -  Нэгэнт ийм гажиг үүссэн бол хэрхэн засах вэ?

-  Сүүн шүдийг нэгэнт эрт авахуулсан тохиолдолд шүдний зай баригч аппаратыг цаг алдалгүй хийлгүүлж  зүүх ёстой. Шүдний гажиг үүссэн насны онцлогоос нь хамааран шүдний авагддаг болон авагддаггүй аппаратуудаар засах цаашлаад эрүү хоншоорын ясны өөрчлөлттэй буюу шаамий, хэт орсгой,нүүрний тэгш хэм алдагдаж нэг тал руугаа мурийсан тохиолдолд гажиг заслын болон мэс заслын эмчилгээг хослуулан хамт хийх эмчилгээг хийдэг. Авагддаг аппаратын хувьд бага насанд нь зүүдэг бөгөөд юм идэх үедээ авч бусад үед нь байнга зүүж байх ёстой ба хүүхдүүд амнаасаа авсны дараа мартан зүүхгүй байх мөн пүршийг чангалах ёстой цаг хугацаанд нь чангалаагүйгээс шалтгаалан үр дүн нь харилцан адилгүй гарч байдаг учраас аппарат зүүж эхэлсэн тохиолдолд эцэг эхчүүд байнга анхаарал тавьж цаг хугацаанд нь хянуулах ёстой. Авагддаггүй аппаратын хувьд насанд хүрсэн үед ч зүүж шүдний гажгийг засах боломжтой ба энэ нь гажгийн хүнд хөнгөний байдлаас шалтгаалан 1-1.5 жилийн хугацаанд авахгүйгээр байнга зүүж байх ёстой эхэн үедээ бага зэргийн өвдөлт байдаг ба зэмсгийн төмөрнүүдээс холгож нухах асуудлууд гарч болох ба үүнийг цаг тухайд нь үзүүлж хянуулаад явахад тийм ч хүндрэлтэй асуудал биш юм. 

 

 Шүдний өвчлөл юунаас болж үүсээд байна вэ?

- Шүдний өвчлөл нь олон шалтгаануудаас болж үүсдэг ба үүнд хэт чихэрлэг бүтээгдэхүүн газтай ундаа, жүүс ихээр хэрэглэх хоол хоорондын амттаны давтамж хүүхдэд эхийн амнаас дамжуулан хоол өгөх эхийн сүүг орлох тэжээлүүдийг байнга унтах үед нь өгөх цаашлаад амны хөндийн эрүүл ахуйг муу сахих дутуу угаах зэргээс өнгөр үүсч шүдний цоорол үүсэх нэг шалтгаан болдог. Дутуу  буруу угааснаас болж шүд буйл үрэвсэн шүд угаах үед цус гарах өвдөх зовиураас нь болоод улам шүд угаалтаасаа зайлсхийж энэ нь амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болох мөн шүд цооролд өртөх шүдний цоорлыг эмчлүүлэхгүйгээс шүдний мэдрэлийн үрэвсэл мөн холбоосны үрэвслээр  хүндэрч энэ нь даамжирч шүдний ноцтой хүндрэл болох эрүү хоншоорын бугалаа нэвчээс болж түүгээр ч зогсохгүй амь насанд ч хүрч болзошгүй. Тиймээс шүдийг өвчлөөгүй байсан ч зургаан  сар тутамд шүдний урьдчилан сэргийлэх үзлэг тогтмол хийлгэж хэвших хэрэгтэй юм.

 

Дээрх өвчлөлүүдэд ямар эмчилгээ хийгддэг вэ. Тухайлбал танай эмнэлгийн хувьд ямар эмчилгээнүүд хийгдэж байна вэ?

- Нэгэнт шүд цоороод өвдөлт өгөөд эхэлсэн бол шүдний цоорол эмчлэх эмчилгээнээс эхлэх ёстой. Манай эмнэлгийн хувьд гэвэл шүдний бүх төрлийн эмчилгээ хийгдэж байна. Тухайн шүдний өвчлөл хүндрэл, тухайн үйлчлүүлэгчийн насны онцлогоос хамаараад эмчилгээнүүд хийгдэх  ёстой. Мөн манай эмнэлэг Монгол улсад маань төдийлөн хийгдэхгүй байгаа эрүү хоншоорын ясны гаралтай хэт болон дутуу хөгжил, нүүрний тэгш хэм алдагдаж мурийлт үүссэн зэрэг гавал-эрүү ясны гаж хөгжлийг мэс засал болон гажиг заслын эмчилгээтэй хавсарсан аргаар  хослуулан эмчилгээг  хийж байна. Энэ эмчилгээгээ бид БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн профессор мэс заслын эмч нартай хамтран хийдэг. Шүдний ерөнхий эмчилгээ болох насанд хүрэгсдийн болон хүүхдийн шүдний цооролын эмчилгээ, сувгийн эмчилгээ, буйл тулгуур эдийн үрэвслийн эмчилгээнүүд, бүх төрлийн авагддаг болон авагддаггүй хиймэл шүдэлбэрүүд хийгдэж байгаа. Авагддаггүй шүдэлбэрт төрөл бүрийн бүрээсүүд болох металл, металл шаазангийн хосолмол, дан шаазан  гэх мэт шүдэлбэрүүдийг хийж байна.

Мэс заслын эмчилгээний хувьд хагас болон бүтэн саатсан агт араа шүд авах, сурвалжийн орой тайрах, уруул болон хэлний хөвч тайрах, суларч хөдөлгөөнд орсон шүдэнд бэхэлгээ чиг тавих, шүдний тулгуур эдийн төрөл бүрийн мэс заслын эмчилгээнүүдийг хийж байна.

Гажиг заслын эмчилгээнд авагддаг авагддаггүй аппаратаар шүдийг эмчилж тэгшлэнэ. Авагддаг аппарат нь ихэвчлэн хүүхдийн шүдэнд хийгддэг авагддаггүй аппарат нь байнгын шүдэнд насанд хүрсэн хүмүүст  хийгдэж болох эмчилгээ юм. Шүдний гоо сайхны эмчилгээнээс холливууд смайл, шүд цайруулах эмчилгээнүүд хийгдэж байна.

 

Хиймэл шүдний хувьд тухайн арга техникээс шалтгаалж хэлбэр хийц нь хамаарах уу,  хэр өөрийн шүд шиг харагддах вэ?

- Хиймэл шүд нь дан ганц эмчийн ур чадвараас шалтгаалахгүй бөгөөд лабораторийн ажлыг шүдний техникч хийж гүйцэтгэдэг учраас энд техникчийн ур чадвар мөн нөлөөлдөг.  Манай эмнэлгийн хувьд БНСУ-ын C.R.O шүдний лабораторитай хамтран ажиллаж, бид шүдний хэвийг аваад  Солонгосын лабораторид хиймэл шүд нь хийгдэж ирдэг учраас үйлчлүүлэгчдэд амархан дасан зохицох болон удаан хугацааны баталгааг бид өгч чаддаг. Дан шаазан буюу цирконоор хийгдэж байгаа тохиолдолд өөрийн шүд мэт,  хиймэл шүд гэж   анзаарагдахгүй  байх ч талтай .

 

Танай эмнэлгийн хувьд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаж чадсан уу? Сүүлийн үеийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж чадаж байна уу?

- Энэ тал дээр хөгжлөөрөө тэргүүлэх орнуудын нэг болох Солонгос улсын эм материал тоног төхөөрөмжөөр хангагдсан ба шүдний оношилгоонд чухал шаардлагатай хэсгийн нэг болох шүдний рентген зургийг Финлянд улсын рентген  дижитал  аппаратаар шүдний бүх төрлийн зураг гажиг заслын эмчилгээний үед шаардлагатай дэлгэмэл рентген ,эрүүний үений болон гавлын ясны эгц урдаас болон хажуугийн проекцоор авч оношлож байна. Сүүлийн үеийн дэвшилтэт эмчилгээ болох гурав дахь шүдлэлт буюу имплантийг БНСУ-ын SLOCK академийн ерөнхийлөгч Ким Ёон Жэ болон Монголын эрүү нүүрний мэс заслын эмч нартай хамтран хийж байна. Шүдийг эрт авахуулснаас болж тухайн орчмын яс хатангиршиж  ясны шимэгдэлт  их хэмжээтэй болсон үед имплант шүд ч хийх боломжгүй болох тохиолдол байдаг бөгөөд бид  энэ асуудлыг шийдсэн эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.   “SLOCK Implant” академийн ерөнхийлөгч эмч нартай хамтран Монголын нүүр амны мэс заслын эмч нарт имплант болон холливуд смайл, шаазан  бүрээс хийх сургалтуудыг гурав дахь удаагаа зохион байгуулаад явж байна.

 

Танай эмнэлэг зөвхөн шүд гэлтгүй, бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны эмчилгээ хийдэг гэсэн. Энэ тухайд?

-Тийм ээ. Сүүлийн үед яригдаад байгаа мэс заслын бус гоо заслын эмчилгээнүүд бүгд хийгдэж байгаа. Үүнд ботокс, филлэр, cinderella, V-хэлбэрт оруулах тарилга, биеийн дархлааг дэмжих эхсийн болон сармисны тарилга, нүүрэнд коллагентэй утас суулгах, хэсэг газрын өөх хайлуулах тариа зэрэг гоо сайхны эмчилгээнүүд хийгдэж байна. БНСУ-ын N-Finders: Гоо сайхны эм материал, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн корпорацтай албан ёсны гэрээ байгуулан бүхий л гоо сайхны эм материал аван эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байгаа. Түүнчлэн Солонгосын Арьс Гоо Заслын Эмч нарын Холбооны хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий эмч, багш нарыг урин авчирч гоо сайхны шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сургалт семинаруудыг  тасралтгүй явуулж байгаа билээ.

 

-  Эмэгтэйчүүдийн ихэнх нь  ботоксыг муу, сөрөг нөлөөтэй гэдэг шүү дээ.

-  Аливаа бүх зүйлд эерэг болон сөрөг зүйл гэж байдаг ба ботокс тариа нь булчингийн агшилтаас үүссэн үрчлээг мэс заслын бус аргаар хоромхон зуур алга болгож чаддаг бүтээгдэхүүн юм. Ботоксыг зөв газраа тохирсон тунгаар зөв арга техникээр хэрэглэвэл ямар нэгэн сөрөг нөлөөгүй.Тэгэхээр мэргэшсэн мэргэжлийн эмчээр хийлгэх нь зүйтэй юм .

Өөр  ямар төрлийн гоо сайхны хагалгаа хийгдэж байна. Тухайлбал хамар өндөрсгөх ч юм уу?

- Одоогоор дээр дурдсан мэс заслын бус эмчилгээнүүд бүгд хийгдэж байгаа ба ирэх 4сараас эхлэн унтуулгатай гоо сайхны мэс заслын хагалгаанууд хийгдэх төлөвлөгөөтэй байгаа.Хагалгааг мөн БНСУ ын мэргэшсэн гоо сайхны  мэс заслын нарийн мэргэжлийн эмч нар сард 1 удаа ирж хийж байх төлөвлөгөөтэй байгаа.

Танай эмнэлгт хаана, ямар сургууль төгссөн эмч нар ажиллаж байна. Ур чадварын хувьд?

- БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их сургуулийн Шүдний сургуульд  магистр, докторын зэрэг хамгаалсан монгол эмч нар болон гоо сайхны эмч маань Солонгосын гоо сайхны мэс заслын  эмнэлгүүд дээр байж дадлага хийж мэргэжлээрээ мэргэшсэн эмч байдаг. Мөн АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын сургуулийг төгссөн мэс засалч болон шүдний нарийн мэргэжлийн  их эмч нарын баг бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Эмнэлгийнхээ цаашдын зорилгоос танилцуулахгүй юу?

- Нүүр ам судлалын салбар маш хурдацтай үсрэнгүй хөгжиж байна. Бид БНСУ-ын хамгийн шилдэг эмч нартай хамтарч ажиллаж байгаа нь Азид тэргүүлэгч гүрний хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, үйлчилгээг Монголдоо шууд нэвтрүүлснээр олон улсын төвшинд эн зэрэгцэхүйц үйл ажиллагаагаа явуулж байгаа нь үйлчлүүлэгчид маш том боломжийг өгч байгаа юм.  Бид цаашид эрүү нүүр гоо сайхны мэс засал, арьс гоо засал болон бүх төрлийн шүдний эмчилгээнүүддээ салбартаа тэргүүлэгч байж зөвхөн өөрсдөө мэдээд  зогсохгүй монгол эмч нартаа сургалт семинаруудаа тасралтгүй зохион байгуулан ажиллахыг зорьж байна. 

Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(112.72.12.95) 2017 оны 01 сарын 29

Emchilgee uilchilgee undur tuvshind hiigddeg..chadvar saitai emch.. Hamt olon .. Ta buhendee amjilt husye

0  |  0
Zochin (139.5.217.125) 2017 оны 01 сарын 28

Amjilt!

0  |  0
Miki(139.5.217.125) 2017 оны 01 сарын 26

Sain emneleg sanagdsn tanai hamt olond ajlin amjilt husie

0  |  0
Top