Анжелина Жоли: “ТЭР ЭХЛЭЭД МИНИЙ ЭЦГИЙГ АЛСАН”

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 30

Алдарт жүжигчин Анжелина Жолигийн амьдрал хамгийн хүнд үедээ ирээд байна. Хорт хавдраар өвчилж хөхөө тайруулсан тэрээр сүүлийн үед аймшигтай турж, 30 гаруйхан кг жинтэй болсон. Өвчиндөө шаналахаас гадна депресст орж, нөхөр, хүүхдүүдтэйгээ огт уулзахгүй байгаа  гэсэн мэдээлэл тараад буй. Жүжигчний турсан шалтгааныг ойр дотныхон нь  “Аннорексия” буюу хоолны дуршилгүй болох өвчинтэй холбон тайлбарласан ч шүтэн бишрэгчид нь хорт хавдар байх хэмээн таамаглаж, жүжигчнийг удахгүй үхэх гэж байгаа гэсэн яриа хүртэл гарсан юм. “Apple” корпорацийг үндэслэгч Стив Жоббсын аймшигтай турсан зураг олон нийтэд тарснаас хойш нэг их удалгүй хорвоог орхисон явдал ийм яриаг улам үнэмшилтэй болгож буй.

Хорт хавдартайгаа мэдсэнийх нь дараа нэгэн сэтгүүлч “Өнөөдөр үхнэ гэдгээ мэдвэл юу хийх вэ” гэж асуухад тэрээр “Амьдралтай салах ёс гүйцэтгэхэд ч өөрийн гэсэн дүрэм бий. Нөхөр хүүхдүүдээ тэврээд жаргалтайгаар нүд анина” гэж хариулж байлаа. Тухайн үед тэрээр ярилцлага болгондоо нөхөр нь бүхий л талаар тусалж дэмжиж байгаа учраас өвчнөө ялан дийлэх итгэлээр жигүүрлэж байгаа талаараа өгүүлдэг байсан юм. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, Холливудын хамгийн сайхан хос хоёр тийшээ болоод байгаа билээ.   

А.Жоли энэ жил амьдралынхаа хамгийн гол уран бүтээлдээ орох төлөвлгөөтэй байгаа гэдгээ ч дурьджээ. “Тэд эхлээд миний эцгийг алсан” гэх өвөрмөц нэртэй энэ бүтээлийн зураг авалт Камбож улсад явагдах гэнэ. Мөн НҮБ-ын элчийн хувиар ч олон нийтийн үйл ажиллагаанд оролцохоор шийдсэн байна. Гэхдээ олны яриа үнэн байж, жүжигчин бүсгүй үнэхээр үхэлтэй нүүр тулсан байлаа ч туулсан амьдралдаа харамсахааргүй нэгэн билээ.            

Үхэлтэй нүүр тулах агшинд хүн өөрийнхөөрөө амьдарч чадаагүйдээ хамгийн их харамсдаг юм гэдэг. А.Жоли ч гэсэн ээжийнхээ ятгалгаар жүжигчин болж, хүсээгүй мэргэжлээрээ ажилласан нэгэн. Гэхдээ бусад тал дээр бол тэрээр “өөрөөрөө байх”-ын жинхэнэ мэргэжилтэн гэж хэлж болно. Түүний амьдралыг агуулгаар нь ангилбал хамгийн завгүй, адал явдлаар дүүрэн үе нь гарцаагүй 1990-ээд оны эхэн үе. Залуу, халуухан жүжигчин бүсгүйн талаар “Анжелина Жоли байрны хонгилд амьдарч, цустай зүүлт зүүж явна”, “Ижил хүйстэнтэйгээ явалддаг болжээ”, “Төрсөн ахтайгаа үнсэлцсэн гэнэ” гэсэн шуугиант мэдээлэл өдөр алгасалгүй гардаг байлаа. Шар хэвлэлийнхэн дуулиан шуугиан тарих гэсэндээ заримдаа “туух” явдал бий. Харин Жолигийн тухайд дээрх бүх мэдээлэл үнэн байсан юм. Тэрээр Билли Боб Торнтоны цусаар будагдсан хүзүүний зүүлтээр гангарч, загвар өмсөгч Женни Шимизүтэй үнсэлцэж байв. Энжи тэр үед үнэхээр хан ч хажуугаар нь анзааралгүй өнгөрч чадамгүй залуу насны эрч хүчээр дүүрэн, таалагдсан эртэйгээ учир ургуулахад хэзээд бэлэн, үхлийн тухай нээлттэй ярьдаг галзуу охин байжээ. Тэр ч байтугай 1995 онд 20 хүрдэг жилээ амиа хорлохыг оролдсон удаатай. Шалтгаан нь маш гэнэн, тэрээр амьдралд үзэж болох бүхнийг үзэж амссан гэж өөрийгөө дүгнэсэн учир ийм оролдлого хийсэн гэдэг. Гэхдээ энэ нь түүний үхэлтэй нүүр тулсан эхний тохиолдол биш байсан юм.      

Анжелинагийн эцэг нь шаггүй жүжигчин Жон Войт гэдгийг мэдэхгүй хүн ховор биз. “Биелэгдэшгүй даалгавар”, “Анаконда” зэрэг бүтээлээрээ та бидний эчнээ танил болсон энэ жүжигчин охиноо нэг настай байхад “Оскар”-ын шагнал гардан мандаж байсан нэгэн. Гэвч нэртэй хүний зүстэй охин шиг амьдрах хувь Анжелинад олдоогүй юм. Жон Войт гэр бүлийн үнэ цэнийг ойлгодоггүй завхай зайдан нэгэн байсан тул эх Маршелин Бертранд нь охиноо гурван настай байхад салах өргөдлөө өгч, 1980 онд албан ёсоор хоёр тийш болжээ. Үүнээс хойш Анжелина эцэгтэйгээ хаяа нэг уулзахаас өөр холбоогүй болсон гэдэг. Ээж нь охиноо хайраар дутаагаагүй ч хойт эцгийн гар харуулснаас Энжи дураараа, хэнд ч захирагддаггүй нэгэн болж өсчээ.  

            Гэр бүлийн тогтворгүй байдал л охиныг буруу зам руу түлхсэн юм. Энжигийн хүүхэд нас эцэг эх нь хамт байхаараа үргэлж маргалдаж хэрэлдсэн, эс бөгөөс байнга эзгүй тийм л хар бараан амьдрал дунд өнгөрчээ. Тэрээр хожим нь хүүхэд насныхаа талаар “Би бүх ертөнцийг, үр хүүхдээ орхиж явсан бүх эцэг эхчүүдийг үзэн яддаг байлаа. Тиймээс ч хайр дурлал, үерхэл нөхөрлөлд итгэдэггүй, өөрийн ирээдүйгээс ямар ч гэрэл гэгээтэй зүйл хүлээдэггүй байлаа” хэмээн өгүүлсэн нь бий. Яагаа ч үгүй нүүр амаа будаж шунхдан аль болж бүтэхгүй хүмүүстэй нөхөрлөх болсон Энжи 10 гаруйхан насандаа бэлгийн харилцаанд орж, 14-төйдөө хамтран амьдрагчтай болж байжээ. Сэтгэл санааны энэ этгээд байдал нь түүнийг нийгмээс тусгаарлаж, багш нар нь таагүй ханддаг болсон төдийгүй зан суртахууны доголдолтой сурагчдын нэрсийн жагсаалтад нэрийг нь байнга оруулдаг байжээ. Шилжилтийн насандаа хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг мэдрэмтгий болдог. Гэтэл яг энэ үед хайртай өвөө нь нас барсан явдал Энжид хүчтэй нөлөөлж, тэрээр үхлийн талаар өөрийн гэсэн үзэл бодолтой, энэ талаар ярих дуртай нэгэн болж хувирчээ. Хүмүүс Энжиг багаасаа жүжигчин болохыг хүсдэг байсан гэж боддог, гэвч амьдралынхаа энэ зурвас үед охин оршуулгын товчооны эзэн болохыг хамгийн их хүсдэг байжээ. Үеийнх нь охидууд хүүхэлдэй тэвэрч унтах зуршлаасаа ч гүйцэд салж чадаагүй байхад тэрээр аль хэдийнэ ахлах ангийн хөвгүүдтэй болзож, хар бараан өнгийн хувцас өмсч, хүйтэн зэвсэг цуглуулдаг гаж сонирхолтой хүн болон төлөвшиж байв. Тэр ч байтугай хар тамхи хэрэглэж, сексийн үед хутгаар биеэ зүсч таашаал авдаг болжээ. Энэ гаж сонирхол нь гай болж, нэгэн удаа санамсаргүйгээр гол судсаа хэрчин үхэл сэхлийн зааг дээр эмнэлэгт хүргэгдсэн гэдэг. Үхэлтэй нүүр тулсан энэ тохиолдол нь түүнд сайнаар нөлөөлж, үүнээс хойш тэрээр гаж зуршлаа орхин бага, багаар өөрчлөгдөж эхэлсэн юм.

18 нас хүрээд жүжигчин болохоор эрс шийдэж, энд тэндхийн кинонд зураг авахуулах боллоо. Яагаад жүжигчний мэргэжлийг сонгох болсон талаар нь асуухад тэрээр нэгэнтээ “Надад жүжигчин байх нь хэзээ ч таалагдаж байгаагүй. Ээж л үзээд алд гэж байнга ятгадаг учраас л дуртай дургүй театрт очдог байсан юм. Ер нь би ээжийнхээ хүслээр л жүжигчин болсон хүн. Харин одоогоос таван жилийн өмнө жүжиглэхээсээ илүү найруулах нь миний хийх ажил юм байна гэдгийг ойлгосон” хэмээн хариулсан нь бий. Нэр хүндтэй жүжигчин эцгээсээ болж урлагийн замыг сонгосон гэсэн яриаг Анжелина өөрөө ийнхүү эрс үгүйсгэдэг ч дэлгэцийн анхны дүрээ бүтээхэд нь эцгийн нөлөө орсон нь гарцаагүй үнэн. Тэрээр анх долоон настайдаа “Lookin’ to Get Out” хэмээх инээдмийн кинонд дүрээ мөнхөлсөн бөгөөд аав нь энэ киноны гол дүрд тоглож байсан боломжоо ашиглаад охиноо жижиг дүрд оруулсан байдаг. Гэвч чихийг нь байнга халууцуулдаг байсан учир эцэг нь охинтойгоо тийм ч ойр дотно биш байсан юм. Эцэг охин хоёр 1997 онд нэгэн сэтгүүлд хамт ярилцлага өгсөн нь тэдний харилцааны хамгийн ойр дотно байсан үе бөгөөд 2000-аад оны эхээр үл ойлголцон өмнөхөөсөө ч хүйтэн хөндий харилцах болсон гэдэг. Хачирхалтай нь, яг энэ үеэс Анжелина Жолигийн амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн юм. “Булш хайгч” киноны Лара Крофтын дүрийг бүтээснээсээ хойш хувь заяагаа гартаа бат атгаж, “Taking Lives”, Beyond Borders”,Shark Tale гээд амжилттай бүтээлүүдийг ар араас нь угсруулсан. Гэр бүлтэй ч болж, Холливудын хамгийн сайхан залуусын нэгийг өөртөө дасгасныг бид мэднэ.

Муугаар хэлбэл явдалтай, хар тамхичин хүүхэн, дундаж жүжигчнээс халамжтай хань, зургаан хүүхдийн эх, НҮБ-ын сайн санааны элч, хүмүүнлэгийн үйлстэн, дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг болж, зүйрлэж хэлбэл, жирийн авгалдайнаас гоёмсог эрвээхэй болж хувирсан билээ. Хүн сайн тал руу өөрчлөгдөж болдгийн төгс жишээ нь Анжелина Жоли гарцаагүй мөн юм. Амьдрал үнэхээр баялаг ажээ. Амьдралын сайн мууг хангалттай амсч, өөрийн гэсэн түүхээ бүтээж чадсан энэ гайхалтай эмэгтэй саяхны нэгэн ярилцлагадаа “Зарим хүн нэр алдартай болох гэж жүжигчний мэргэжил сонгодог. Харин би бол алдарших дургүй. Элдэв арга хэмжээнд оролцож олон нийтийн өмнө гарах дургүй. Хүмүүс намайг анхаарч, үйл хөдлөл бүрийг минь ажиглаж байхыг тэвчиж чаддаггүй юм. Бас үсчин, хувцас захиалгын газарт их цаг зарцуулах нь ухаалаг үйлдэл биш гэж үздэг. Гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байх л сонирхолтой. Өмнөх амьдралаа бодохоор ингэж өөрчлөгдсөндөө өөрөө ч гайхах үе бий” хэмээн ярьжээ.           

 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top