Б.Цэрэнжав: “Зоос” банкны эрх хүлээн авагчид олон зуун сая төгрөгийн цалин авсаар байна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 31

 Найман жилийн өмнө дампуурсан “Зоос” банкны жижиг хувьцаа эзэмшигчид одоо хүртэл хохиролтой хэвээр байна. “Зоос” банкийг 2009 онд тэр үеийн Монголбанкны ерөнхийлөгч Д.Пүрэвдорж тушаал гарган, татан буулгах, эрх хүлээн авагч томилох шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэрийг хууль бус хэмээн үзэж хуулийн байгууллагад хувьцаа эзэмшигчид хандсан ч өнөөдөр хүртэл шийдэгдээгүй байгаа юм. Хувьцаа эзэмшигчид өнгөрсөн онд Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Шүүх хурал өнгөрсөн баасан гаригт  товлогдсон ч хойшлогджээ. “Зоос” банкны хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл  Б.Цэрэнжавтай ярилцлаа.

- “Зоос” банкийг татан буулгасан, эрх хүлээн авагч томилсон шийдвэрийг та бүхэн хууль бус гэж үзсээр ирсэн. Захиргааны хэргийн шүүхэд хандсан ч шийдэгдээгүй явж ирлээ. Одоо хүртэл энэ маргаан шийдэгдэхгүй байгаа шалтгаан нь юунд байна вэ?

- “Зоос” нээлттэй хувьцаат компанийг төр дээрэмдээд Төрийн банк болгож өөрчлөн байгуулсан. Үүнээс хойш найман жил өнгөрлөө. Энэ хугацаанд хууль шүүхийн байгууллага, УИХ-аар удаа дараа асуудлаа тавьсан ч шийдэгдээгүй байна. УИХ-аас энэ асуудлаар хоёр ч удаа ажлын хэсэг гарч ажилласан. 2013 онд О.Чулуунбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан байдаг. Харамсалтай нь асуудлаа хэлэлцэж амжаагүй УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дууссан. Түүний дараа УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдав. Ажлын хэсэг юу ч хийгээгүй. Харин 2015 онд Зоос банкны асуудлыг УИХ-аар авч хэлэлцсэн. Хэлэлцэгдээд ажлын хэсэг ажиллах нь зүйтэй гэж үзээд одоо энэ УИХ-тай золголоо. Одоогийн УИХ-д мөн бид хандаад явж байна. Энэ хооронд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яаманд асуудлыг тавьж ирсэн. Бидний хувьд “Зоос” банкийг татан буулгах шийдвэр гаргасан, эрх хүлээн авагч томилсон асуудлыг хууль бус шийдвэр байсан гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд хандаад байна. Шүүх хурал гурван удаа хойшиллоо. Долоо хоногийн дараа шүүх хурал болох ёстой. Сангийн яам, Европын сэргээн босголт банкны хоёрын хооронд хийсэн гэрээ олдохгүй байгаа.  Өөрсдөөсөө зайлуулсаар ирсэн. Сангийн яаманд энэ гэрээ уг нь байх ёстой. Гэрээ байгуулсан байгууллагын хувьд гэрээний нэг хувь нь байх ёстой биз дээ. Гэтэл Сангийн яаманд хандахаар гэрээ байхгүй гээд Гадаад харилцааны яаманд байгаа гэдэг. ГХЯ-нд хандахаар манайд тийм бичиг байхгүй гээд газрын дарга нь мэдэгдэл ирүүлсэн байна. (Тухайн бичгийг үзүүлэв) Сангийн яам ингэж нэг нэгнээсээ зайлуулсаар ирсэн. Энэ асуудал тодорхой болох юм бол С.Баярцогт, С.Баяр нарын хийж байсан хууль бус зүйл ил болоод Төрийн банк яаж байгуулагдсан нь нээлттэй болчих учраас Сангийн яам нууж хаасаар ирлээ. Өөрсдөөсөө зайлуулж байна гэж ойлгогдож байна.

- Одоо хэдэн хувьцаа эзэмшигч, хэдийихэмжээний хохиролтой байгаа вэ?

- Нийт 634 хувьцаа эзэмшигч байдаг юм. Энэ хувьцаа эзэмшигчдээс 624 нь жижиг хувьцаа эзэмшигчид байгаа. Мөнгөний хэмжээг ярих юм бол янз бүрийн тоо гарна. 2009 оны үед бол зургаан тэрбум гаруй төгрөгийн хохирол байсан. Түүнээс хойш найман жилийн хугацаанд инфляци, хадгаламжийн хүү гээд тооцох юм бол ямар их өссөн нь мэдээж шүү дээ.

- Том хувьцаа эзэмшигчид хохирлоо авсан гэх хэл ам гардаг? 
- Банкны 25 хувийг эзэмшиж байсан Европын сэргээн босголт хөгжлийн банк Сангийн яамтай хуйвалдаад мөнгөө гаргуулаад авсан. Ингэхдээ манай төртэй хуйвалдаж жил зургаан сарын хугацаанд Бенн Турнбулл захирлаар удирдуулсан гаднын хэдэн хүн ажилласан. Тэр хүн энэ хугацаанд маш өндөр цалинтай ажиллаж байгаад явсан. Мөн гол хөрөнгө оруулагч нь болох Д.Батбаяр өөрийн 51 хувийг эзэмшиж байсан 3.6 төгрөгийн хохирол барагдчихсан явж байгаа. Монголбанк гаргаад өгчихсөн юм билээ. Эрх хүлээн авагч Ариунбат зөвшөөрөөд мөнгө олгож өгсөн. Хуйвалдаж л өгсөн байх.

- ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Д.Батбаяр хохиролоо нэхэмжилсэн, асуудал тавьсан зүйл байна уу?

-Байхгүй. Аль ч том хувьцаа эзэмшигч гомдол тавиагүй. Тавихгүй байгаа нь Д.Батбаяр Монголбанкны удирдлагатай ярилцаад хөрөнгө мөнгөө авсантай холбоотой байх. Харин нөгөө нэг том хувьцаа эзэмшигч болох Европын сэргээн босголт банк Төрийн банкийг Сангийн яамтай нийлж байгуулаад 1.6 жил ажиллахдаа өөрийн оруулсан найман сая ам.доллараа ямар нэгэн байдлаар гаргаж авсан гэдэг ойлголттой байна. Мөн нэг том хувьцаа эзэмшигч нь Эдвардын Сүрэн гэж хүн бий. Энэ хүн бол Алтжин компанийн Г.Алтангийн хүү нь. Энэ хүн бас одоо хүртэл дугараагүй яваа.  

- “Зоос”банкинд хүлээн авагч томилон ажиллаж байсан. Одоо хэвээрээ ажилласаар байгаа юу?

- Эрх хүлээн авагч одоо хүртэл ажилласаар байгаа. Төрийн банкны таван давхарт зогсолтгүй эргэх хүчтэй зоос банк байсаар байна. Ариунбат гэж хүнтэй зөвлөл ажиллаж байгаа. 2009 оны арваннэгдүгээр сараас хойш өнөөг хүртэл эрх хүлээн авагч гээд хэдэн хүн ажиллаж байна.

-Тэр хүмүүс үр дүнгүй ажиллаж байгаа ч маш өндөр цалин авдаг гэсэн шүүмжлэл байдаг. Энэ үнэн үү?

-Зөвхөн Ариунбатын цалинг хэлье. Ариунбат сард таван сая төгрөгийн цалин авдаг хүн. Өнөөдрийн байдлаар 430 гаруй сая төгрөгийн цалин авсан байна. Хажууд нь орлогч дарга гээд Сангийн яамны ахлах мэргэжилтэн Рагчаа гэж хүн бий. Тэр хүн сард гурван сая төгрөгийн цалин авдаг. Мөн бодоод үзэхээр 200 гаруй сая төгрөгийн цалин авсан байна. Сангийн яамнаас сард нэг сая төгрөгийн цалин авдаг хүн шүү дээ. Төрийн албан хаагч байж давхар цалин аваад байна гэдгийг нь Төрийн албаны зөвлөл тогтоосон байдаг юм. Тэгсэн мөртлөө Сангийн яам шийдэхгүй яваад байгаа. Тэгэхээр түүнийг эрх хүлээн авагч байлгах сонирхолтой, энэ дээр Сангийн яам, Монголбанкны хэсэг бүлэг хүмүүс мөнгө эргэлдүүлэх сонирхол байна уу гэж харж байгаа. “Зоос” банкны эрх хүлээн авагч гэж хэдэн хүн олон зуун сая төгрөгийн цалин авсаар байна. 

- Монголбанк “Зоос” банкийг татан буулгах, эрх хүлээн авагч томилсон нь хууль бус шийдвэр байжээ гэж үзвэл яах вэ?

-Тэгвэл Төрийн банк байхгүй, Зоос банк байгаа гэсэн үг болно. Зоос банкны актив дээр үндэслэгдэн Төрийн банк байгуулагдсан. Дээр нь нэмэгдэж Хадгаламж банк нэмэгдсэн. Улам том болсон. Төрийн банкны анхны тулгын чулуу Зоос банкны суурин дээр байгуулагдсан гэж ойлгох ёстой. Тэгэхээр Төрийн банкны хувьчлал гэж ярихгүй юм болно шүү дээ. Хэрэв хувьчлал гэж яривал биднийг шинэ банкны хувьцаа эзэмшигч болгох ёстой болно.

-Одоо Төрийн банкийг хувьчлах тухай ярьж байна. Та энэ дээр ямар бодолтой байна?

-Төрийн банкны хувьчлал явагдах ёстой. Яагаад гэхээр Төрийн банк байгуулагдсанаас хойш манай төрийн удирдлага, Сангийн яамныхан хувааж иддэг болсон. Тухайлбал 2011 онд Төрийн банкны захирлаар Ж.Отгонбилэг болсон. ТУЗ-ийн дарга нь Очирхүү болж байсан. Гишүүдээр нь одоо Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Г.Баясгалан, Сангийн яамны газрын дарга Ж.Ганбат гээд олон хүн бий. Төрийн банк байгуулагдсанаасаа хойш дандаа ашигтай ажилласан. 2012 оны палансаа гаргахдаа банкийг ашигтай гаргаад ТУЗ-ийн гишүүн бүр 90 сая төгрөгийн шагнал авч хувааж идсэн байдаг. Гэтэл ерөөсөө тэр хүмүүст хариуцлага тооцолгүй явж ирлээ. Харин ч тэд одоогоороо төрийн өндөр албан тушаалд сууж байна. Түүнээс хойш Төрийн банкийг удирдаж байсан хүмүүс дандаа хувийн эрх ашиг, мөнгө гэж харж ашигласаар ирсэн. Тийм учраас хувьчлах нь зөв байх гэж хардаг.

Т.Түвшин

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Дулмаа(103.26.193.196) 2017 оны 01 сарын 31

Монголын төрд үнэн гэж байхаа больсон тул хариуцсан байгууллагууд нь анхаарахгүй байгаа юмаа. Түрүү түрүүчийн засгийн газрын үед энэ ”ЗООС” банкны хувьцаа эзэмшигч нарын хохиролыг шийдээгүй нь төрд шургалсан хулгайч нараа яаж ч чадахгүй байсантай холбоотой боловуу. Одоогийн Монголын төр, Засгийн газар энэ асуудлыг яаж шийдэхийг харах л үлдлээ. Төрийн банкыг хувьчлахдаа энэ хэдэн хохирогч нарыг хувьцаа эзэмшигч болгочихвол болов бишүү. Хувьцаа эзэмшигч нарын асуудлыг шийдэхгүйгээр Төрийн банкийг хувьчилж болохгүй.

0  |  0
Б.Дулмаа(103.26.193.196) 2017 оны 01 сарын 31

Монголын шүүх үнэхээр цэвэр ариун юм бол энэ асуудал хэзээ нэгэн цагт шийдэгдэнэ.Монгол төрийг булингартуулж явдаг нэр бүхий хүмүүсийн нэр нь тодорхой л юм байна шүү дээ. Даанч шүүх, засгийн газарт итгэх итгэл маань өнөөдөр юу болоод байнадаа?

0  |  0
Hohirogch(202.9.41.128) 2017 оны 01 сарын 31

Huvitsaand itgehee boliloo. Olon jil bolloo hohiroloo shiidverluulmeer l bn sh uu. Hariutssan turiin baiguullaguud ni yagaad anhaardaggui yum be.

0  |  0
oyuna(202.179.24.199) 2017 оны 01 сарын 31

624 хүн гэдэг бага тоо биш, гол нь эдгээр хүмүүсийн итгэж найдаж авсан хувьцааг луйвардаж авсан. Монголын төрд үнэн гэж байдаг бол хувьцаа эзэмшигчдийн хохирлыг бүрэн барагдуулах ёстой.

0  |  0
Зочин(202.179.29.98) 2017 оны 01 сарын 31

Төр засгийнхан өөрсдийнхөө луйврыг нуухын тулд хэнийг ч гаргуунд гаргахад бэлэн байнадаа. Яасан ч түмний хөрөнгийг идэж цаддаггүй юм бэдээ. Төрийн хууль нь үйлчилдэггүй юмаа гэхэд тэнгэрийн хууль нь үйлчлэх л ёстойдоо

0  |  0
Хохирогч(202.9.43.8) 2017 оны 01 сарын 31

Хуйвалдаанд оролцсон цөөнгүй хүмүүсийн эрх ашгийг хөндөөд байгаа учраас хууль бус үйлдлүүдээ нууж дарагдуулах нарийн арга олоод байна энэ луйварчид. Итгэж найдан оруулсан хөрөнгөө олж авмаар байна. Зогсолтгүй эргэх хүчээр бүгд урагшлан тэмүүлж ирээдүйдээ хөрөнгө оруулж байна гэж итгэсэн. Нэг л өдөр учир битүүлэгээр итгэл эвдэнэ чинээ санаагүй. Шийдвэрлээд учрыг нь олох хангалттай хугацаа өнгөрсөн атал одоог хүртэл хохирол барагдуулахгүй байгаа нь хэний, хэдэн хүний хууль бус үйлдлийг ил болгох гээд байгааг тодорхойлоод байна.

0  |  0
Хохирогч(202.179.29.98) 2017 оны 01 сарын 31

Хохирогч бидний төлөө тууштай 8 жил тэмцэж байгаа Цэрэнжав гуайд баярлаж явдаг. Төр нь ард иргэдийн төлөө ажиллахгүй, өөрсдийн эрх ашгийн төлөө ажилладгийн том жишээ бол Зоос банкний асуудал. Шударга үнэн хэзээд ялна. Битгий бууж өгөөрэй. Танд амжилт хүсье.

0  |  0
Zochin(202.9.43.8) 2017 оны 01 сарын 31

Huvitsaa ezemshigchidiig ene meteer hohirooj baigaa n huvitsaand itgeh itgel tsaashlaad turd itgeh itgeliig ugui hiij baigaa yavdal yum. Huuli bus uildel bolgon hor urshig daguulj ard tumen goriig n uurch baidag. Itgeltsel deer suurilj huvitsaa hudaldan avch tuhain companyd hurungu oruulsaniihaa tuluu ingej hohirood yavj baih yum. Togtoltsoonii, bodlogiin gajuudaliig hen herhen yaj zasch zalruulan shudarga niigmiig tsogtsloohiig ard tumen harsaar huleeseer baigaa. Shudarga unen buhen zaaval yalna. Tand amjilt husey Tserenjav guai.

0  |  0
Хохирогч(203.91.112.214) 2017 оны 01 сарын 31

Цэрэнжав гуайд баярлалаа.624 хүн гэдэг бага тоо биш, гол нь эдгээр хүмүүсийн итгэжь найдаж авсан хувьцааг луйвардаж болохгүй шүү дээ.Шүүх, хууль, үнэн гэж байдаг бол хохирлыг нь бүрэн барагдуулах ёстой.Төрийн нэрээр идэж бүр болохгүй шүү дээ.Мөнгөө авмаар байна.

0  |  0
Top