Хүн төрөлхтөн анагаах ухаан хөгжөөгүй балар эртний үедээ эргэж очно

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 08

Өвчин үүсгэгч бактери жил ирэх тусам вируст тэсвэртэй болж, өмнө нь хамгийн үр дүнтэй гэж тооцогдож байсан пенициллин гэх мэт бэлдмэлүүд хэрэглээнээс хасагдаж байгаа. Тэгвэл энэ бүхэн дөнгөж эхлэл бөгөөд цаашдаа бүхий л вирус эмийн бодист тэсвэртэй болж, анагаах ухаан хөгжөөгүй балар эртний үедээ эргэж очно гэсэн аймшигтай таамаглалыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийж байна. Антибиотикт тэсвэртэй вирусийн эсрэг одооноос тэмцэж эхлэхгүй бол 2050 он гэхэд жилд 10.3 сая буюу гурван секунд тутамд нэг хүн энэ өвчнөөр нүд анина гэсэн судалгааг тус байгууллагаас гаргажээ.

1900 онд 100 000 хүнд ногдох халдварт өвчний шалтгаант нас баралт 797 байсан бол антибиотик гарч ирснээр 36:100 000 хүртэл бууруулж чадсан. Тэгвэл одоо эргээд түгээмэл тохиолддог өвчнөөр нас барах явдал нэмэгдэж 211.3 т хүрээд байна. Дэлхийн улсуудаас Их Британийн анх энэ асуудалд анхаарал хандуулж, Засгийн газраас “Wellcome Trust”-тай хамтран анхны илтгэлийг 2014 онд гаргасан юм. Илтгэл тэр дороо олон улсын анхаарлыг татаж, 2015 оны тавдугаар сард БРИКС-ийн орнууд дор бүрнээ энэ асуудалд анхаарахаа илэрхийлсэн юм. Улмаар ДЭМБ 2015 оны арваннэгдүгээр сарын 16-наас 23-ныг “Антибиотикийн ухамсартай хэрэглээний долоо хоног” болгон зарласан билээ. Антибиотикт тэсвэртэй бактеритай тэмцэх тухай анхны бодлогын баримт бичгийг энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай нэгэн зэрэг нээж, олон нийтэд танилцуулсан бол өчигдөр илтгэлийг эцсийн байдлаар баталлаа.    

“Антибиотик нь дараагийн үе шатанд шилжиж байгаа бөгөөд улс орны удирдагчид одооноос шаардлагатай арга хэмжээг авахгүй бол хүн төрөлхтөн ялагдаж, түгээмэл тохиолддог халдварт өвчин, хамгийн өчүүхэн шархнаас болж нас бардаг үе дахин ирнэ”  

Кейжи Фукуда (ДЭМБ-ын захирлын зөвлөх)

 

“Бид одоо л хөдлөхгүй бол антибиотик хэрэгцээгүй болж, анагаах ухаан эрт балрын үедээ эргэн очих тийм зүйлийг гарцаагүй үзэх болно”

Дэвид Кэмерон (Их Британийн Ерөнхий сайд)

 

 Илтгэлд эмийн үйлчлэлийг идэвхтэй хэвээр байлгаж, бактерийн шалтгаант өвчнийг хянахын тулд судалгаа шинжилгээ, урьдчилан сэргийлэлт, ухуулга сурталчилгаа болон бусад ажилд 2050 он хүртэл дор хаяж 100 триллион ам.доллар шаардагдана хэмээн тооцоолжээ. Энэ мөнгөөр дараах чигэлэлээр зарцуулах юм байна.

-Хүн төрөлхтөнтэй нэгэнт нүүр тулчихаад буй энэ гамшгийг дэлхий нийтэд таниулж, урьдчилан сэргийлэх боловсрол, мэдээлэл өгөх кампанит ажил зохион байгуулах,

-Антибиотикт тэсвэртэй бактерийн эсрэг шинэ эм бэлдмэл гаргах судалгаа шинжилгээний суурь бүтцийг бий болгох ажлыг дэмжих Инновацийн санг хоёр тэрбум ам.долларын дүрмийн сантайгаар байгуулах,

-Ундны усны цэвэршүүлэлтийг сайжруулах, эмнэлгийн орчинд хийгдэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн чанар, стандартыг дээшлүүлэх,

-Шинэ, үр дүнтэй антибиотик бүтээж чадсан эрдэмтдийг урамшуулах системийг тэрбум ам.долларын сантайгаар байгуулах,    

-Хөдөө аж ахуйд хортой бодисын хэрэглээг багасгах,

-Шинэ эм бэлдмэл гаргах зорилготой судалгаа шинжилгээ хийж эхэлсэн  дэмжих санхүүгийн механизм бий болгох

 

Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tegeeseidee(202.179.23.144) 2017 оны 02 сарын 08

terii chini ene heden lamuud avarchihna,sanaa zovotgui,hai

0  |  0
Top