Сүхбаатар: Шүлхий өвчнөөр таван сумын 276 мал өвчилжээ

2017 оны 02 сарын 08

Малын гоц халдварт шүлхий өвчний цагийн байдлын талаар аймгийн Мал эмнэлгийн хэлтсээс мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар Эрдэнэцагаан, Сүхбаатар, Асгат, Баруун-Урт, Мөнххаан таван сумын 12 голомтонд 31 хот айлын 57 өрхийн нийт 276 мал үүнээс үхэр 233, хонь 47, ямаа 6 өвчлөөд байна.

Өвчилсөн 224 малыг устгалд оруулсан байна. Мал эмнэлэг үржлийн газраас вакцины хамгаалалтын бүс тогтоож вакцинжуулалт хийх чиглэл ирсний дагуу дээрх сумдын 320 гаруй мянган толгой малын 48,5 хувийг хамруулаад байна. Вакцинжуулалтын ажилд 52 ажлын хэсэгт 52 малын эмч, нийт 254 хүн ажиллаж байна.

Өвчний тархалт нэмэгдэж байгаагийн шалтгааныг мэргэжлийн байгууллагууд нэгдүгээрт цагаан зээрийн шилжилт хөдөлгөөн, хоёрдугаарт тээврийн хэрэгслийн хяналтгүй шилжилт хөдөлгөөнтэй холбон тайлбарлаж байна. Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн Хэнтий, Дорнод, Дорноговь аймгийн чиглэлд буурахгүй байгаа бөгөөд ингэхдээ төв бус бэлчээрийн замаар ариутгал халдваргүйтгэл хийлгэхгүй зорчиж байгаа юм.

Аймгийн ОБГ, Онцгой комиссоос баталсан маягтын дагуу хүн, машины хөдөлгөөнд зөвшөөрөл олгож байгаа тул ард иргэд та бүхнийг хязгаарлалтын дэглэмийг чанд мөрдөж мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top