Ж.Ганбаатар: Аж ахуй эрхэлнэ гэдэг нь гэмт хэрэг биш

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 10

 Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын зарим гишүүдийг санал зөрөлдөхөд хүргээд байна. Мягмар гаригийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд эсрэг тэсрэг байр суурь илэрхийлсэн.

Дээрх хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.

- Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагад хариуцлага тооцох тухай шинэ заалт орч ирсэн. Та бол эсэргүүцэж байгаа хүний нэг. Энэ талаар тодруулахгүй?

- Эрүүгийн тухай хууль 2000 оны эхээр батлагдсан. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар аж ахуй нэгжийг хариуцлагад татдаггүй. Мөн аж ахуй нэгж, бизнесийн байгууллагыг ганцхан зүйл заалтаар эдийн засгийн гэмт хэрэгт тооцож зүйлчилж ирсэн. Гэтэл шинэ хуулиар 36 зүйл ангиар зүйлчлэхээр оруулж ирлээ. Засгийн газар, хууль санаачлагч нар юу гэж хэлж байгаа вэ гэхээр “2015 онд оруулж ирсэн Эрүүгийн хуульд 56 зүйл заалтаар шийтгэл оногдуулахаар байсныг харин ч багасгасан” гэж тайлбарлаж байна.

 Манай улсын Эрүүгийн хууль маань Германаас эхтэй. Гэтэл Германд аж ахуй нэгжээ эрүүгийн хэрэгт татдаггүй. Тэгэхлээр аж ахуй нэгжийг яагаад ийм байдалд оруулж байна гэхээр гадны  байгууллагын дарамт явж байна гэж харж байгаа. “Танайх ингэж хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол зээлжих зэрэглэлийг бууруулна” гэж хэлдэг гэдэг тайлбарыг Засгийн газар болоод хууль санаачлагч нар ярьж байна. Энэ бол маш өнгөцхөн асуудал юм. Ямар ч хүн аж ахуй нэгж, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхдээ санаатайгаар бусдыг хохирооё, нийгэмд, төрд хохирол учруулья гэж хийдэггүй. Терроризм, мөнгө угаах зэрэг онц ноцтой гэмт хэргийн хувьд бол өөр хэрэг байх. Аж ахуй нэгжийг маш олон зүйл заалтаар хэрэгт татаж байгаад нь би эсэргүүцэж байгаа юм. Аливаа нэг байгууллага хэрэгт холбогдсон тохиолдолд хувь хүн, захирал удирдлагуудыг нь эрүүгийн хариуцлагад татаж байгаа. Түүн дээр нэмээд байгууллагыг нь буруутгаж, маш их хэмжээгээр торгох мөн татан буулгана гэх зэргээр хэрэгт холбогдуулах нь өөрөө шударга бус байгаа юм.

-Тодруулбал, нэг хэрэг дээр эзнийг нь татахын хажуугаар байгууллагыг нь бүхэлд нь хэрэгт буруутгахаар заалт орсон гэсэн үг үү?

-Тийм ээ. Байгууллага, байгууллагын удирдлагад нь гээд хоёр давхар хариуцлага үүрүүлэх болоод байна гэсэн үг. Германд хуулийн этгээдийг хариуцлагад татдаггүй. Иргэн гэдгээрээ хүн хариуцлага хүлээдэг. Төрийн албан хаагч, бизнес эрхлэгч, иргэн бүх хүн иргэн гэдгээрээ хариуцлага хүлээж байхад нэмээд хуулийн этгээд бизнес эрхэлж байгаа гэдгээр нь давхар хариуцлага хүлээлгэнэ гэдэг болохгүй зүйл. Энэ тал дээр би ажлын хэсэг дээр эсрэг байр суурьтай байсан. Энэ хуулийн 18-р бүлэгт эдийн засгийн гэмт хэргийг бүхэлд нь зүйлчилсэн байгаа. 36 зүйл, заалт би. Тодруулбал, Есдүгээр зүйлд “Хуулийн этгээдэд ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” гэж тусгасан байгаа. Бизнес эрхлэгчид өөрсдөө болон байгууллагаараа хариуцлага хүлээх заалт орчихсон. Тийм учраас л би эсэргүүцээд байгаа юм.

- Нийт 36 зүйл дээр байгууллага аж ахуй нэгжийг буруутгах юм байна. Тухайлбал, ямар хэргүүд дээр эзнээс нь гадна байгууллагыг нь буруутайд тооцож байгаа юм бэ?

- Зах зээл дэх өрсөлдөөнийг хязгаарлах, устгах зорилгоор зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчид үгсэн хуйвалдах, хэлцэл хийж зохиомлоор бараа, бүтээгдэхүүний хомсдол бий болгосон, бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоосон, хэмжээг хязгаарласан, бараа, бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон, өрсөлдөгч аж ахуйн нэгж, иргэний аж ахуйн үйл ажиллагааг зах зээлд оруулахгүй хясан боогдуулж бусдад их хэмжээний хохирол учруулсан бол нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Эзнийг нь ингэж шийтгэхийн хажуугаар аж ахуй нэгж байгууллагыг нь татан буулгах ч юм уу их хэмжээний мөнгөөр торгоно гэсэн үг.

Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх, Татвар төлөхөөс зайлсхийх, Патент, зохиогчийн эрхийг хулгайлах, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гээд маш олон зүйлд тухайн хэрэг үйлдсэн хүнээс гадна давхар байгууллагад нь хариуцлага тооцох гэж байна. Энэ бол маш буруу асуудал болж байна.

- Байгууллагын нэг удирдах ажилтан алдаа гаргасан тохиолдолд тухайн компани аж ахуй нэгжид бүхэлд нь хариуцлага тооцох болж байна?

- Тухайн байгууллагын дансыг нь хаана, татан буулгана гэж байгаа юм. Байгууллагыг тэр чигт нь татан буулгана гэдэг өөрөө улсад маш их хохиролтой. Тухайн байгууллага 800 хүнтэй байвал 800 хүн ажилгүй болно гэсэн үг. Уг нь захирал нь хариуцлага хүлээгээд компани нь үйл ажиллагаа нь үргэлжилж байх ёстой. Жишээлбэл,  Вольксваген гээд машины хэргийг та бүхэн санаж байгаа байх. Вольксвагены үйлдвэр нь уг машиндаа дизель түлш ялгаруулж байгаа бохирдлын хэмжээг бага гаргадаг төхөөрөмж зохиомлоор тавьсан байдаг. Утаа нь бага гарч байна гээд заагаад байсан. Үнэн хэрэгтээ тийм биш байгаа нь баригдаад маш их хэмжээний торгуулийг тус компанид оногдуулсан. Энэ машин зарагдаж буй бүх улс орнууд торгууль ноогдуулсан. Герман, Америка, Солонгос гээд. Хэрвээ дээрх жишээг харах юм бол энэ компанийн үйлдвэр Монголд байх юм бол торгоно, татан буулгана, хаана гэсэн үг шүү дээ. Дэлхийд Германчууд эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн хуулийн эхийг гаргаж ирсэн хүмүүс. Германчууд аж ахуй нэгжүүдийг хуульчилж хариуцлага татаагүй байхад бид ингэж хуульчилдаг нь буруу. Гол зангилаа нь тэр.  

- Хуулийн заалтуудыг харахад эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэрэгт дандаа хорих ял оногдуулахаар заасан байна. Угтаа бол зарим хөнгөвтөр хэрэгт хорих гэхээсээ илүүтэй уян хатан хандах хэрэгтэй байх л даа?

- Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг харахад шийтгэлийн хувьд олон сонгох санкцтай болсон. Хүлээх хариуцлага дотор торгоно, гэрийн хорионд оруулна, тусад нь хөдөлмөр эрхлүүлнэ, хорино гэсэн дөрвөн санкцтай байгаа. Гэтэл эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх гэхээрээ дандаа хорино гэсэн нь давамгайлж байгаа байхгүй юу. Мөнгөн торгууль ч юм уу, албадан ажил хийх гэдэг санкц байх ёстой. Гэтэл тийм юм алга. Тухайлбал “Бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд гэмтэл учруулсан бол 6 сараас нэг жилээр зорчих эрхийг хязгаарлах, мөнгөн торгуул ноогдуулах ...” гээд заасан. Сонгох санкц гэдэг маань үүнийг хэлж байгаа юм. Энэ заалтыг шүүгч алийг нь ч авч хэрэглэх эрхтэй болж байгаа юм. Гэтэл эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэнэ гэхээрээ л шууд хорино цагдана гэдэг байж болохгүй. 

- Байгууллагад хариуцлага тооцдог тийм улс орон байдаг юм уу?

- Хорь гаруй улсад байдаг юм байна. Тухайлбал, АНУ-д онцгой нөхцөлд байгууллагад хариуцлага хүлээлгэдэг. Мөнгө угаах, террорезм ч юм уу, эсвэл улс орны аюулгүй байдалд хохирол учруулсан, олон хүнийг залилан мэхэлсэн нөхцөлд үйл ажиллагаа нь зогсоож болдог. Гэтэл монголын өнөөгийн нөхцөлд дээрх зүйл заалтыг ашиглах боломжгүй гэж харж байна.

Бид өнөөдөр хөгжил, дэвшил ярихаас биш Аж ахуйн нэгжийг татан буулгах, үйл ажиллагааг зогсоох гэдэг байж боломгүй зүйл. Магадгүй АНУ-ын хэмжээнд хүрсэн тэр цагт байж болох юм.

 Т.Амараа

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.245.69) 2017 оны 02 сарын 20

Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байж Монголын хууль манйа компанид хамаагүй гэж хэлж байсан захирлын нарийн бичиг , туслахуудтай олон тааралдаж байсан. иймд мэдээллээ өгөхөөс татгалздаг, худлаа мэдээ өгдөг, татвараас зугтдаг, татвар даатгал төлөхгүй буруу арга хэрэглэдэг ААНб-ыг захиралтйа нь хамт шийтгэх нь зөв.

0  |  0
ард(202.9.40.172) 2017 оны 02 сарын 14

харин ч манайх шиг хуулийг гууль болгодог нөхдүүдэд сулхан хууль байна, дүрэм журам гэдгийг мэддэгүй хүмүүст л хатуу харагдаад байгаа юм болов уу?

0  |  0
зочин(202.9.41.166) 2017 оны 02 сарын 14

Тиймээ аж ахуй эрхэлэх нь гэмт хэрэг биш л дээ.Гэвч бөөний төвд Роошины 1кг-аар нь ууталсан чихрийн уутыг нь задлан хиллэж зарах, жингийнхээ туухайны наана юм овоолж харагдуулахгүй болгож байгаад зарах, шинэ жилийн бялуу авах гээд 29-нд очсон чинь 31-ны өдөр үйдвэрлэгдсэн он сартай байх гээд хамгийн эхний хамгийн жижиг луйвар ингэж эхлээд бүүр томрохоороо эрдэнэт шигл болоод байвал яахуу эрхэм дэлгүүрийн эзэн гуай.Худалдаачин хүний хуруу нь хөдөлвөл хулгайя болдог гэж хуучны кинонд хэлдэг дээ. Одоо ч юун хуруу, юун дөрвөн мөч найман мөчтэй юм шиг хөдөлдөг болцон биз дээ

0  |  0
Зочин(202.131.236.198) 2017 оны 02 сарын 13

Үнэн шүү дээ. Ганбаатарыг дэмжиж байна.

0  |  0
zochin(49.0.206.132) 2017 оны 02 сарын 12

manai mongold suuliin ued horino tsagdan shuuhdene torgono gedeg l mash uvaigui bodlogotoi bolchood baigaa shuudee tomchuud geh ene eliirluud l iim jishig togooj baina shde tor gesen nereer ailgadag boljdee

0  |  0
zochin(49.0.206.132) 2017 оны 02 сарын 12

tiim shde torguuluia tavina bizde yamar gemt hereg hiij baigaa bishde asuudliig ni zasaj zalruulj l ogno bizdee

0  |  0
boldoo(202.9.41.25) 2017 оны 02 сарын 10

luivaraar bayjsan garuud l biznesiig oilgohgui bgaa ym

0  |  0
зочин(202.70.44.146) 2017 оны 02 сарын 10

монгол улсаараа төрийн албан хаагч, тэтгэвэрийнхэн, халамжийн үйлчилгээнд хамрагддаг болии доо аж ахуй эрхлээд эрүүгийн гэмт хэрэгтэн болох юм байна дөө ямар аймаар хууль батлах гэж байгаагаа МАН ухаарч байна уу

0  |  0
Top