С.Болд-Эрдэнэ: Хайр гэдэг өөрийгөө өргөл болгохын нэр

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 10

Найруулагч Б.Ганболдын бүтээл "Хоёр амь" уран сайхны кино хоёрдугаар сарын 3-ны өдрөөс кино театруудаар гарч эхлээд байна.  Кино, тайзны урлагийн  цөөн хэдэн жүжигчдийн нүүр царай болсон С.Болд-Эрдэнэ тус кинонд  аав хүний дүрийг маш чадварлагаар бүтээж үзэгчид болоод кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм. Ингээд түүнтэй ярилцлаа.

-“Хоёр амь” кинонд үзэгчид ам сайтай байна. Гол дүрд нь тоглосон хүний хувьд киногоо хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Бид уран бүтээлээ дүгнэх гэхээсээ үзэгчид, судлаачид, шүүмжлэгчид илүүтэй дүгнэх болов уу. Энэ кинонд хайрын тухай, эцэг хүн хүүхдийнхээ төлөө яаж тэмцдэг тухай гардаг. “Хоёр амь” уран сайхны кино хоёрдугаар сарын 3-нд нээлтээ хийлээ. Үзэгчдийн сэтгэгдэл  маш өндөр, бидэнд урмын сайхан үгс харамгүй хэлж байгаад  их баярлаж байна. Үзэгчдээс өгч буй үнэлэлт дүгнэлт л бидний ажлын үр дүнг тодорхойлдог.

-Бидний зэрэгцээ ертөнцөд оршиж буй тэр амьдралын үнэн мөнийг дэлгэцээр дамжуулан хүргэж байгаагаараа бусдын зүрх сэтгэлд илүүтэй хүрч байгаа болов уу.

Бид аль болох гоёчлол, хэлбэр хөөхөөс зугтаж, хүн чанар руу, агуулга руугаа ойртуулахыг хүссэн. Аав болж амжаагүй хүн манай киног үзээд аавыгаа бодно, харин аав болсон хүний хувьд аав хүний зовлон, жаргалыг  бүр илүүтэй ойлгож, мэдрэх болов уу гэж бодож байна. Эмэгтэй хүний хувьд мэдээж аавыгаа бодох, эцэг хүн үрийнхээ төлөө  юуг ч золиосолж чадах  эр зоригтой байдаг  гэдгийг маш сайн ойлгох болно.

-Магадгүй аавыгаа алдсан хүмүүсийн хувьд энэ төрлийн кино, шүлэг, дуунаас зүрхшээдэг шүү дээ. Аав хүний дүрийг маш чадварлагаар харуулсан хүний хувьд тэр хүмүүст юу гэж хэлэх вэ?

-Миний хувьд ч гэсэн аавыгаа алдсан. Гэхдээ  аавын тухай дурсамж хэзээ ч биднээс мартагдахгүй, зүрх сэтгэлд үргэлж тод үлддэг. Магадгүй эцэг хүн хоёр амьтай учраас та, бид аавынхаа үргэлжлэл болоод л амьдарч байгаа шүү дээ.  Эцэг хүн хүүхдийнхээ төлөө яаж тэмцдэг вэ гэдгийг харуулсан бидний уран бүтээлийг үзэж аавыгаа  дурсана санаарай л гэж хэлмээр байна.

 

-Таны хувьд аав хүн учраас энэ  дүрийг гаргахад маш ойр байсан байх. Өөрийн бодсондоо хүртэл дүрээ тултал нь гаргаж чадсан уу?

-Ямар  ч жүжигчин хүн дүрдээ ханана гэж байдаггүй. Энэ нь хэсэгт нь ингэх байж, ингэсэн бол илүүтэй гоё болох байсан байна гэсэн шунал  байнга төрж байдаг Өмнө нь  хүний кинонд тоглоод болчихдог байсан бол энэ удаад би  зохиолоос нь эхлээд бүх юманд нь оролцож явсан. Киноны зураг авалтын турш хамт байж, санаагаа илэрхийлж зөвлөлдөж байсан.

- Жүжигчин хүн дүр голох ёсгүй гэдэг. Та ямар дүрийг илүүтэй гаргаж чадна гэж боддог вэ?

-“Жүжигчин хүн ямар ч дүрд тоглож чаддаг байх ёстой” гэж  багш нар маань хэлдэг байсан. Зүйрлэж хэлбэл, гарт орсон гурил шиг түүгээр юу ч хийж болох хэмжээнд хөрвөдөг байх ёстой гэдэг санаа. Гэхдээ тухайн хүн цаг хугацааны явцад өөрийн арга барил, дүр төрхөө олоод ирэхээ нэг дүрээ илүүтэй гаргадаг, тэр нь хүмүүст хүрдэг, үүгээр нь үзэгчид хүлээж авдаг болчихдог.  Миний хувьд мэдээж залуу байна. Уран бүтээлийн хувьд илүү дэвшиж, сайжрах хэрэгтэй. Тиймээс аль нэг дүрийг онцолж хэлэх цаг нь ирээгүй байна.

 -Кинонд экстрим хэсгүүд нэлээдгүй гардаг. Тухайлбал, судсаа ханадаг хэсэг үзэгчдийн зүрх сэтгэлийг илүүтэй огшоосон мэт санагдсан.

-Уг нь  зохиол дээр  гутлынхаа тахыг аваад судсаа зүсье зэрэг олон янзаар ярьсан л даа. Тэр хэсэгт аав хүний үрээ гэх  гэх тэр хайр, тэмцлийг харуулж байгаа нөгөө талаас үзэгчдэд сонирхолтой байх үүднээс бодож олсон. Ямар ч зовлон бэрхшээл тулгарсан үр хүүхдийнхээ төлөө тэмцэх аав хүнийг хэн ч, юу ч дийлдэггүй.  Хавханд орсон чоно хөлөө таслаад ч хамаагүй явах чадвартай, зоригтой байдаг шиг үүнтэй адил эцэг хүн үрийнхээ төлөө чоно шиг тийм зориг тэвчээрийг  гаргадаг юм гэдгийг харуулахыг зорьсон.

 

 

-Зохиол нь анх “Өргөл” гэж нэртэй. Дараа нь “Сэдхил” нэртэй болоод сүүлдээ “Хоёр амь” гэж нэр дээр тогтсон гэсэн. Яагаад “Хоёр амь” гэж  яагаад нэрлэх болов?

-Кино маань аав хүү хоёрын амьдралын тухай  мөн хүний сэтгэлийн тухай, буян гэж юу юм гэдэг талаар давхар өгүүлдэг.  Тэр утгаараа  эцэг, хүү хоёр амьтай байдаг гэдэг санааг л уран бүтээлээрээ дамжуулан харуулсан учир ингэж нэрлэсэн. Мөн нөгөө талаас нэг хүний биед хоёр амь ч цохилж байж болно. Жишээ нь нэг хүний зүрхийг донор болгоод өөр хүнд суулгалаа гэж бодоход тэр хүнд хоёр хүний амь зэрэгцэж байгаа биз. Нийгэмд  орхигддог сэдэв болох донорын талаар мөн манай кинонд гардаг.  Нэг хүн нас барахад найман хүний донор болж амийг нь авардаг юм байна л даа. Бурхан боллоо ч гэсэн өөр хүнд амьдрал бэлэглэнэ  гэдэг нь том буянаас гадна өөрөө ч  оршихын нэр мөн  нөгөө хүндээ амьдрал бэлэглэдэг гэсэн утгыг мөн шингээсэн.

 

-“Нийгэмд бие биеэ хайрлах хайр хүндлэл дутагдаж байна. Өнөөдрийн хөгжлийг өндөр барилга, технологиор хэмжиж болохгүй” гэж та хэлсэн байна. Энэ нийгэмд таны хамгийн эмзэглэдэг зүйл юу байна вэ?

-Хамгийн гол нь хүний хөгжил, оюун сэтгэлгээ цэвэр байх ёстой. Хүнээ хөгжүүлэх хамгийн чухал зэвсэг нь соёл урлаг. Соёл урлагаар дамжуулж хүнийг хүмүүжүүлдэг, хөгжүүлдэг.  Жишээ нь хөгжимчин хүн хэзээ ч алуурчин болж чаддаггүй гэдэг. Энэ нь юуг өгүүлж байна вэ гэхээр хөгжмийн урлаг тэр хүний оюун бодол, сэтгэлийг цэвэрлэж байсан учраас л тэр юм. Монгол үндэстнээрээ бахархах омогших сэтгэлийг ч гэсэн урлаг ойлгуулдаг. Гэтэл өнөөдөр манайд соёл урлагийн салбар хаягдаад байна. Урлагийн үнэ цэнэ, үр нөлөөг ойлгохгүй байна. Мөн бидэнд өнөөдөр идеал болох зүйл алга. Бид 10,20  жилийн дараа яг ямар улс болох гээд байгаа юм, юунд хүрэх, юугаараа бахархдаг улс болох гээд байгаа юм гэдэг бидний алс хэтийн зураглал нь тодорхой бус байна. Ингэхлээр бидэнд нэгдэх, нэг зүг харсан зүйл байхгүй болчхоод байна л даа.

Цөөхөн монголчууд бид нэгэн зүг харах зорилго чиглэлээ тодорхой болгоод түүндээ хүрэх арга замаа олчихвол хөгжил бидэнд ойр  байгаа. Яагаад гэвэл монголчууд асар их оюуны чадамжтай дээр нь дэлхийн талыг эзэлж байсан түүхтэй ард түмэн шүү дээ. Жишээ нь Америкчууд өөрсдийгөө эрх чөлөөний орон, Япончууд хариуцлагатай гэдэг шиг ийм  л тодотгол бидэнд дутаад байна. Гэлээ гээд энэ нийгэм болохгүй байна гэж буруутгахгүйгээр хувь хүн бүр  мэддэг, чаддаг  ажлаа сайн хийгээд явж байвал энэ нь бид бүхний улс орондоо оруулж буй хувь нэмэр болов уу.

-Насан туршдаа хүн суралцдаг гэдэг. Үүнтэй адил таны хувьд тоглосон уран бүтээл бүрээсээ ямар нэгэн зүйлийг шинээр сурч үлддэг болов уу. Үүнтэй адил “Хоёр амь” кино таныг  юуг сургаж, ойлгуулав.

-Тэгэлгүй яахав. "Юу хийж байна түүндээ зүрх сэтгэлээ юүл. Тэгж чадвал амжилтад хүрнэ" гэсэн гоё үг байдаг. Гэвч бид өнөө, маргаашийн ахуйдаа баригдаад тэгж чадахгүй л байна л даа. Гэхдээ ямар ажил хийж байна, юунд суралцаж байна түүндээ л сэтгэл зүрхээ бүрэн зориулж чадвал заавал амжилтад хүрч чадна гэдэ Үүнийг л хийж байгаа уран бүтээл бүрээсээ ойлгож байна л  даа. Тухайлбал “Хоёр амь” кинонд миний хувьд эхнээс нь дуустал нь хүртэл явсан. Болохгүй, шантрах зүйл гарахад хамтын хүчээр ард нь гарч чадсан. Энэ бүхэн хүртэл амьдралын том сургууль. Эргээд харахад, энэ хэсэгт ингэх байж дээ гэж бодож байгаа нь  суралцаж байгаагийн л нэг хэлбэр болов уу.

-Та хэр сайн аав бэ, Гэр бүлдээ хангалттай цаг зав  зарцуулж чадаж байна уу?

-Тун хомс талдаа.  Миний хэр сайн аав эсэхийг цаг хугацаа  харуулна гэж боддог. Миний үр хүүхдүүдийн хэрхэн явж байгаагаар намайг дүгнэх болов уу. Мэдээж сайн аав байхыг хичээдэг. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх  хамгийн сайхан амралт минь болдог.

-Аав тань хэрвээ байсан бол “Хоёр амь” кинонд нь  үнэлэлт дүгнэлт өгөх гэхээсээ илүүтэй юу гэж хэлэх байсан бол.  Та төсөөлж байна уу?

-Энэ киноны дүрийг би гаргахдаа аавыгаа бодож мөн аавдаа зориулж бүтээсэн. “Хамба” фильмийн найруулагч Б.Ганболд найзын маань аав нь ч гэсэн бурхан болсон. Тухайн үед бид   энэ талаар яриагүй ч гэсэн “Аавыгаа бодож байсан шүү” гэж сүүлд уулзахдаа ярьсан. Аав маань хэрвээ байсан бол хүүдээ чухам юу гэж хэлэх байсныг нь сайн  мэдэхгүй байна. Гэхдээ хүүгийнхээ  уран бүтээлийг хараад  баярлах л  байсан.

 

-Цаашид бодож төлөвлөсөн, зорьсон зүйл мэдээж олон л байгаа байх. Яг одоо юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-“Мөрөөдөлтэй байх нь мэргэжилтэй байхаас ч илүү чухал” гэж агуу үг байдаг. Алсыг харсан том мөрөөдөлтэй түүнийхээ төлөө тэмцдэг, хөдөлмөрлөдөг байх нь чухал юм.  Үүнтэй адил надад  гэсэн мөрөөдөл олон бий. Залуустаа хэлэхэд, юунд хүрэх, юуг бүтээхийг хүсэж байна тэр бүхнээ тодорхой болгоод түүнийхээ араас улам илүү хичээж байж амжилтад хүрнэ шүү. Тэгээд таван жилийн дараа  эргээд өөрийгөө харахад өөр хүн болсноо мэдэрнэ. Хөдөлмөр чинь  заавал үр шимээ өгнө.

-Амьдралынхаа эрч хүчийг юунаас авдаг вэ?

-Гэр бүл, үр хүүхдээсээ. Гэртээ байх  нь надад амар амгаланг мэдрүүлдэг Чөлөөт цаг заваараа агаар салхинд гарах дуртай.

-Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа таны бүтээсэн "аав"-ын дүрийг тасарчихсан. Юун Холливүүд. "Ийм жүжигчин манайхаас бусад оронд үнэтэй жүжигчин гэж бичсэн байсан л  даа. Үүнээс улбаалж асуухад та ур чадвараа хэдээр үнэлэх вэ?

-Мэдээж ямар ч хүнд өөрийгөө үнэлэх үнэлэмж  байлгүй л яахав. Хамгийн гол нь миний хувьд хийж байгаа уран бүтээлийн чанар чансаа дээрээ л  анхаарахыг хичээдэг. Өөрөө хэлбэл миний уран бүтээлийн чанар чансаа миний үнэлэмжийг бусдад илтгэнэ. Ингэхийн тулд өөрийгөө яаж шинээр илэрхийлэх үү гэдэг дээр үргэлжид суралцаж байх ёстой гэж боддог. Түүнээс биш мөнгөөр өөрийнхөө үнэ цэнийг үнэлэх  нь утгагүй. Мөнгийг  бид олох  биш харин мөнгө бидэнд зориулагдах ёстой зүйл.

-Кинонд буяны талаар давхар өгүүлдэг. Таны хувьд буян гэж юу вэ?

-Бидний сэтгэл зүрх доторх бодь сэтгэл гэдэг нь нигүүлсэх, хайрлах, гэгээрэх гэсэн үг.  Ийм бодь сэтгэл, зөв сэтгэлийн үндсийг  лавтайяа үндэслүүлж чадах юм бол хүний унтах нь хүртэл буян болдог гэдэг. Яагаад гэвэл хийж байгаа бүх үйл нь зөв болоод зөв сэтгэлээс гарч байгаа учраас тэр. Тэгэхээр буян гэдэг ойлголт юу хийж байгаадаа чухал биш, яаж хийж байгаадаа гол утга учир нь оршдог болов уу.  Жижигхэн зүйлийг ч сэтгэлээ шингээн хийвэл буян болно. Хэрвээ чиний зүрх сэтгэлд хүнийг хайрлах бодь сэтгэл маш зөв үндэслэж чадсан бол жирийн хийж байгаа ажил чинь хүртэл буян болно. Буян гэдэг хэлбэртээ биш юм. Юу хийж байгаадаа гол нь биш яаж хийж байгаадаа юм.

 

-Та киноныхоо гол өгүүлэмжийг цөөн үгээр илэрхийлбэл?

-Хайр. Өнөөдрийн нийгэмд бие биенээ хайрлах, хүндлэх  хайр дутагдаж байна. Томчууд  бидний ойлгохгүй, ойлголцохгүй байгаа амьдралын тэр зөрчлийг хоёр хүүхэд энгийн аргаар шийдэж нэгэндээ амьдрал хүртэл  бэлэглэж болж байна шүү дээ. Маш энгийн байгаа энэ бүхэн л хайр байхгүй юу. Хайр гэдэг өөрийгөө өргөл болгохын нэр юм байна. Гэхдээ эцсийн дүндээ үзсэн хүн бүр өөрийнхөөрөө утга зангилааг нь ойлгоно. Бидний хувьд яавал хүнд хүртээмжтэй, аль болох энгийн болох вэ гэдгийг бодолцож, амьдралд ойр байх зарчмыг барьсан.

-Мөн киноны дууг та өөрөө дуулсан нь ихээхэн онцлогтой байлаа. Маш өвөрмөц дуу болсон. Зовлонтой үедээ хүн дууны үгийг ойлгодог бол, жаргалтай үедээ аяыг ойлгодог гэдэг. Үнэхээр л үүнийг илэрхийлсэн мэт.

-Киноны хөгжмийг  хөгжмийн зохиолч Г.Цэрэн маш гоё зохиосон. Энгийн биш, өөр ертөнцийн, өөр өнцгөөс харсан ч юм шиг. Арай сонин, хүнд хүрэхгүй ч юм шиг эхлээд санагдсан.  Тэгээд би “Энэ дуу чинь караокед хэзээ ч орохгүй юм байна” гэж хэлж байсан юм. Хэн нэгэн чамаас жаргалтай байна уу гэж асуувал худлаа хэлэхгүйн тулд хуурамчаар би инээмсэглэнэ гээд  хүнд үгтэй. Гэхдээ дуу болгон хүнд хурдан ойлгогдоод байх албагүй. Хамгийн гол нь тухайн дүр, тухайн уран бүтээлийн мөн чанарыг илэрхийлж чадсан байх хэрэгтэй.
 Нөгөө талд нийгэмд хар бараантай байгаа болоод ч тэр үү  хүмүүсийн сэтгэхүйн ч тэр хөнгөн, энгийн киног илүүтэй үзэх дуртай болсон юм шиг санадсан. Гэхдээ өөр өнцгийн киног үзэж байх л хэрэгтэй. Манай киног үзээд аавыгаа яагаад дурсаж болохгүй гэж, хэрвээ тэр хүн эцэг хүн бол өөрийгөө илүүтэй олж харж яагаад болохгүй гэж энэ өнцгөөс нь харж заавал үзээсэй гэж хувьдаа хүсэж байна.

 

 

Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top