Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж байна. Энэхүү аяны хүрээнд малчин түмэндээ халуун сэтгэлийн тусламж үзүүлсэн байгууллага, аж ахуй, иргэний тусламжийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан нарын албаны хүмүүс Төв аймгийн Лүн, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумын малчдад малын тэжээл болон ахуйн хэрэглээний тусламжийг хүргэж, албан ёсоор хүлээлгэн өглөө.
Одоогийн байдлаар Төв аймгийн Лүн сум малын хорогдолгүй байгаа бол Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн суманд бод малын хорогдол гарчээ. Цаашдаа цас нэмж орвол мал төллөх үеэр нөхцөл байдал хүндрэх магадлал байна гэдгийг орон нутгийн удирдлагууд, малчид хэлж байлаа.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд орон нутагт ажиллах үеэрээ Төв аймгийн Лүн, Булган аймгийн Баяннуур сумын малчидтай уулзаж өвөлжилтийн нөхцөл байдал, малчдын амьдрал ахуйтай газар дээр нь танилцаж, тэдний санал бодлыг сонсож байсан юм. Энэ үеэр малчид малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж байлаа.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Малчдад туслах сайн санааны аян”-ын хүрээнд 9 аймгийн 27 сумын малчдад ард иргэдийн хандивыг хүргэнэ. Ингэхдээ бид Олон улсын байгууллага, Улаан загалмай нийгэмлэгийн тусламж хүргэж амжаагүй сумын малчдад энэхүү тусламжийг хүргэж байгаа гэдгээрээ онцлог юм. Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 11 сард орсон цас хатуурсны улмаас бод малын туурай гэмтсэн халцарсан байдалтай байна. Мах, арьс ширний үнийг малчид хөндөж байна. Малын гаралтай түүхий эдийг үнэтэй болгохын тулд мал сүрэг эрүүл байх нь чухал байна. Тиймээс Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх шатандаа явж байна. Эдгээр хуулиуд батлагдсанаар мал эмнэлгийн босоо тогтолцоотой болж мал амьтныг эрүүлжүүлэх ажил аймаг, сум шат шатандаа хяналттай болно гэдгийг онцолж байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Та нар малчдыг үнэхээр давруулж байна. Ихэнх олон малтай гарууд найр наадам хэсэж баярхан зун намрыг өнгөрөөж хадлан тэжээлээ ч бэлтгэдэггүй. Цаг хүндэрсэн үед Засаг төрийн хамгаалалтанд байгаа малдаа өвс, тэжээл үнэгүй өгнө гэж суудаг. Мянгат малчингууд өвөл нь зээр гөрөөс агнаж тодорхой хэмжээний идшээ бэлтгээд сууж байдаг шүү