Дахин давтагдашгүй бүтээлүүдийн чуулган

2017 оны 02 сарын 15

“Арт Хаус” төв болон “Азийн урлаг” галерей, "Master jewelry" уран дархны урлан хамтран зохион байгуулдаг Монголын уламжлалт Сар шинийн баярт зориулсан үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэлийн “Тахиа жилийн гоёл–2017” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд тавигдах урлагийн бүтээлүүд дахин давтагдашгүй гэдгээрээ бусдаас онцлог байсан юм. Дэлхийд алдартай үндэсний эдлэл, хэрэгслийн үзэсгэлэнг нээж Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооны дэд ерөнхийлөгч А.Алтангэрэл үг хэлсэн ба урлаг соёл, улс төрийн томоохон төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. 

Энэ үеэр Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооны дэд ерөнхийлөгч А.Алтангэрэлээс тодруулга авлаа.

Үзэсгэлэнгийн гол зорилго юу байв?

Зургаа дахь жилдээ зохиогдож байгаа энэхүү үзэсгэлэн худалдаа нь  үндэсний эд зүйлсийг  сурталчлах, танин мэдүүлэх, цаашлаад өв соёлоо хамгаалах, хамгийн гол нь хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой. 

Өмнө оны үзэсгэлэнгүүдээс юугаараа онцлог болж байгаа вэ?

2017 оны үзэсгэлэн урд өмнөхөөс илүү үнийн хувьд уян хатан бодлоготой байгаагаас гадна Монголын эзэнт гүрний үе, түүнээс өмнө амьдарч байсан хаант улсуудын урлагийн бүтээл тавигдсанаараа илүү онцлог болж байна. 

Үзэсгэлэн хоёр танхимаас бүрджээ. Танхимуудад тавигдсан үнэт эдлэлийн талаар яривал?

Тиймээ. Баруун талын жигүүрт Монголын эртний соёлын үнэт өв, урлагийн бүтээлүүд дэлгэгдсэн байгаа. Харин зүүн жигүүрт Монголын уран дархчуудын томоохон төлөөлөл болсон хүмүүсийн дахин давтагдашгүй цор ганц бүтээлүүд байрлсан ба үнэ хөлсөө ярилцаж сонгон авах боломжтой гэсэн үг.

Энд нийт хэд орчим бүтээлүүд тавигдсан байгаа вэ?

Энд хөөрөг, аяга, хэт хутга гээд язгуурын гурван соёлын өдөр тутмын хэрэглээний соёл, гоёл чимэглэл, хувцас эдлэл гэх мэт үндэсний хэв шинжийг хадгалсан бүхий л төрлийн 3000 орчим бүтээлүүд байгаа.

Сар шинэтэй холбоотой гадуур олон төрлийн үзэсгэлэн худалдаа гарч байгаа. Тэднээс ялгарах давуу тал нь юу вэ?

Чанар бидний нэрийн хуудас. Энд байгаа бүх л зүйлс чанарын өндөр түвшинд хийгдсэн цор ганц бүтээлүүд байдаг. Манайх хамгийн дээд зэргийн гэсэн бүхнийг энэ үзэсгэлэндээ оруулдаг. Хүссэн нэг нь ордоггүй зөвхөн шалгуур үзүүлэлт, шаардлага хангасан уран дархчуудын бүтээл байгаа гэж ойлгож болно. Хэрэглэгч та хамгийн чанартай эд зүйлсийг худалдаж авахыг хүсч байвал “Арт хаус ”-ыг л зориорой.

Танай холбооны зүгээс цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна?

Бид уламжлалт урлаг соёл, өв уламжлалыг олон нийтэд таниулах зорлигоор хэвлэл мэдээлэлтэй хамтарч цуврал нийтлэл гаргахаар төлөвлөөд ажил эхлэхэд бэлэн болсон байгаа. Бидний зүгээс урлаг соёлын бүтээл цуглуулагчдийн байнгийн үзэсгэлэнг гаргадаг. Өнөөдрийн энэхүү үзэсгэлэнгийн өмнө “Морины соёл” хэмээх үзэсгэлэн Ц.Батсайхан гэдэг хүний цуглуулгаар дэлгэгдэж дууссан. Цагаан сарын дараа ч гэсэн томоохон үзэсгэлэнгүүд гарах болно.

Үзэсгэлэнгийн үргэлжлэх хугацаа?

“Тахиа жилийн гоёл” үзэсгэлэн худалдаа нь Барилгачдын талбайн баруун талд байрлах “Арт Хаус” төвийн  үзэсгэлэнгийн танхимд  2017.02.12- 2017.02.026 өдрүүдэд  10.00-19.00 цагт зохион байгуулагдана.

“Тахиа жилийн гоёл” үзэсгэлэнгийн үеэр Монголын тэргүүн эгнээнд бичигдэх уран дархны бүтээл болох 105гр цэвэр алт орсон, шүр, тана, сувдан шигтгээтэй аяганы дуудлага худалдаа хийгдэж анхны үнэ 5 саяас эхлэн 15 сая 500 мянган төгрөгөөр зарагдсан юм.

МУУГЗ, Улсын филармоний Баянмонгол чуулгын удирдаач Бадамдоржийн Ганбат монгол хүний эрхэм хэрэглээ болсон “Хөөрөг”-ний тухай шинэхэн уран бүтээлийг туурвиж үзэсгэлэнгийн үеэр анх удаа  "Алтай" хамтлагийн дуулснаар сонсогчдын хүртээл болгосон нь онцлог байлаа.

Энэ цагийн монгол уран дархны өнгө төрхийг тодорхойлж яваа эрхэм дархчууд зүүнээс гарсан шинэхэн дээл шиг бүтээлүүдээ зөвхөн "Тахиа жилийн гоёл 2017" үзэсгэлэнд зориулж дэлгэсэн байгаагаас гадна эртний урлал хийцүүд үзмэрийн хойморт заларсан байлаа.

Гомбо Махгал 18-р зуун зэс хөөмөл, байгалийн шороон будаг

Дүйнхорын хот мандал. 18-р зуун байгалийн шороон будаг, алт.Хэмжээ:77х77см

 

Ванчин ламын ордон. 17-18-р зуун байгалийн шороон будаг. Хэмжээ:63х63.5см

Худалдаалах Монгол дарханы урласан мөнгөн аяга

Худалдаалах Монгол дарханы урласан алтан шармал домбо, мөнгөн аяга

Худалдаалах Монгол дарханы урласан мөнгөн эмээл, хазаар

А.Хишигдэлгэр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top