Аливаа улс орны тусгаар тогтнолын нэг хэмжүүр нь эх хэлээ хэрхэн хамгаалж байгаагаар тодорхойлогддог. Хуулиар зохицуулсан хамгаалалтаас гадна иргэдийн хэл соёлоо гэх үзэл, мэдлэг ч үүнд нөлөөтэй. Тэгвэл өнгөц харахад жижиг юм шиг санагдавч мэдлэг дутсанаас болж улс орноо болон өөрсдийгөө эвгүй байдалд оруулдаг зүйл бас байна. Энэ бол гадаад үгийг зөв бичиж, хэрэглэх явдал. Бүр тодорхой хэлбэл, албан байгууллага, үйлчилгээний газрын гадаад үгээр бичсэн нэр хаяг утга, санааны хувьд алдаатай байдаг болжээ. “Монголчууд англи хэлэндээ тийм муу юм уу, эсвэл зориуд жижиг дэлгүүрийн дээр худалдааны төв гэж бичээд байдаг юм уу” гэж америк танил маань асуух, зөвлөхийн дундуур хэлж билээ. Бид л анзаардаггүй байсан болохоос биш гадныхны нүдэнд утгын алдаатай харагддаг англиар бичсэн нэр, хаяг олон болчихож. Эдгээрээс сүүлийн үед байшингийн хананд хамгийн их “хадагдаж” байгаа хоёр үгээр жишээ авъя.
Mall-Орчуулбал худалдааны төв гэсэн үг. Улаанбаатарт ийм хаягтай дэлгүүр цөөнгүй бий. Тэгвэл худалдааны төв гэж юу вэ. Үүнийг Олон улсын худалдааны төвийн нэгдсэн зөвлөлөөс албан ёсоор тодорхойлсон байдаг. “Барилга нь архитектурын хувьд өвөрмөц шийдэлтэй, том талбайтай, үйлчлүүлэгч худалдан авалт хийх явцад тэдний тав тухыг бүрэн хангасан иж бүрэн үйлчилгээтэй (машины зогсоол, кафе, баар, зоогийн газар, кино театр) газрыг худалдааны төв гэж үзнэ” хэмээн онцолжээ. Энэ нь mall гэсэн хаяг хадаж байгаа дэлгүүрт стандарт болдог байна. Иргэд зөвхөн худалдаа хийх гэж ийшээ ирэх бус нэг дороос бүх үйлчилгээ авах боломжийг худалдааны төв гаргаж өгдөг, тийм стандарттай юм байна. Хэмжээгээрээ ч маш том. Их дэлгүүрээс ялгарах онцлогийн нэг нь энэ.
Худалдааны бизнес өрсөлдөөн ихтэй учир энэ төрлийн бизнес эрхлэгчид юуны түрүүнд хэрэглэгчдийг татах гол шалтгаан болох барилгынхаа дизайнд анхаарлаа хандуулдаг. Худалдааны төвүүдийн гол онцлог нь энэ юм байна. Дэлхийн томоохон худалдааны төвүүдийн нэг нь Дубай mall. Арабын нэгдсэн Эмират улсад байдаг тус худалдааны төв хэмжээгээрээ дэлхийд зургаад ордог. Энэ худалдааны төвд хэрэглэгчдэд шаардлагатай бүх төрлийн бараа байхаас гадна чөлөөт цагаа өнгөрөөх казино, кинотеатр, баар, ресторан бий. Машины зогсоол, хүүхдийн тоглоомын төв байхаас гадна дэргэдээс нь нийтийн тээврээр үйлчлүүлж болно. Хятадын Донгуанд байрладаг South China Mall гэхэд нийт талбай нь 639 мянган ам метр. Энд амарч зугаалахад зориулсан цэцэрлэгт хүрээлэн, дэлхийд алдартай Ялалтын гулдан хаалганы дууриамал загвар байдаг.
Филиппиний Пасайд SM Mall of Asia гэсэн худалдааны төв байдаг. 378 мянган ам.метр талбай бүхий энэхүү худалдааны төвийг 2006 онд нээжээ. Энд олимпийн хэмжээний уралдаан тэмцээн явуулахад тохирох том усан сан, Филиппиний анхны IMAX кинотеатр байдаг. Дөрвөн ч том барилгаас бүрддэг тул худалдан авагчдыг трамвайгаар зөөж үйлчилдэг. Бүх үзүүлэлтээрээ томд орох учир нэг томоохон хотод л гэхэд 2-3-хан худалдааны төв байдаг нь дэлхийн жишиг юм.
Энэ бүхнээс харахад Mall гэсэн үгийг хүссэн хүн болгон байшин дээрээ бичдэггүй юм байна. Харин худалдааны төв гэсэн олон улсын стандартад нийцэх нь байтугай дөхөж очсон нь Улаанбаатарт байхгүй. Гарын хуруунд багтах машины цөөхөн зогсоолтой, түрээсийн лангуутай “хулхи” Mall дэлгүүрүүд бол Улаанбаатарт харин олон байна.
TOWER-Энэ үгийг яаж ч орчуулсан цамхаг гэсэн үгнээс холдохгүй. ”Википедиа”-д бичсэнээр бол цамхаг гэдэг нь өндөр, бас нарийн бүтэцтэй барилга юм. Өнөө үед цамхагийг радио долгион цацах, дамжуулахаас гадна цаг уурын хэмжилтийн, пуужин хөөргөгч гэх мэт олон ажил, үйлчилгээнд ашиглаж байна. Ерөнхийдөө их өндөр, “бие” нь нарийхан, гонзгой барилгыг tower буюу цамхаг гэж тодорхойлдог болохоос 10 давхар орон сууц барьчихаад цамхаг гэж нэрлэдэггүй юм байна. Олон улсын жишиг нь ч ийм. Жишээ нь, дэлхийн хамгийн том цамхаг бол Бурж Халифа буюу “Дубайн цамхаг”. 828 метр өндөр буюу 163 давхар энэ цамхаг дэлхийн хамгийн өндөр барилга юм. Бидний сайн мэдэх Эйфелийн цамхаг байна.
Сүүлийн үед Улаанбаатарт босч байгаа өндөр барилга бүр tower гэсэн нэртэй болоод байгаад дүгнэлт хийх ёстой болжээ. Барилга бариад л цамхаг гэж нэрлээд байвал бид Гиннесийн номонд хамгийн олон цамхагтай улс гэсэн нэрээр бичигдэхэд ойрхон байна. Улаанбаатарт байгаа өндөр барилгуудаас Bodi tower, Central tower гээд л урт жагсаалт гарна. Эдгээр өндөр барилгыг цамхаг гэж нэрлэж яагаад болохгүй юм бэ хэмээн олон хүн асуух байх. Шууд утгаар нь харвал болохгүй шалтгаан алга. Өндөр үү, өндөр. Орой дээр нь гарвал хот сайхан харагдах уу, харагдана. Энэ нь цамхаг гэж багцаагаар 8-12 давхар өндөр барилгыг л хэлчихэж болно гэсэн монголчуудын ерөнхий ойлголттой холбоотой байх. Саяхныг хүртэл үүнээс өндөр барилга байгаагүй болохоор аргагүй л дээ. Гэтэл олон улсын жишгээр үзвэл цамхаг гэсэн тодорхойлолтод нийцэх барилга манайд алга.
10-12 давхар барилга бариад үүнийгээ цамхаг гэж нэрлэхэд бидний хувьд болохгүй юм алга. Хамгийн гол нь, цамхаг гэдэг үгийг монголоор бус англиар бичээд байгаад л асуудлын зангилаа оршиж байна. Дөрвөн давхар байшин дээр цамхаг гээд монголоор бичсэн байхад монголчууд өөлөхгүй, гаднынхан ч гайхан харахгүй. Гадаад хүн болгон монголоор бичсэн үгийг ойлгохгүй болохоор тэр л дээ. Харин tower гэж англиар бичвэл өөр хэрэг. Цамхагийн талаарх гаднынхны ойлголт, монголчуудын төсөөлөл өөр. Mall буюу худалдааны төв ч үүний тод жишээ. Гадны жуулчид Mall гэсэн дэлгүүрийн хаягийг хараад худалдааны төв байна гээд яваад ортол хэдэн тохиролцооны тасаг байвал гайхна биз дээ. Үнэндээ англиар бичих гэж байгаа тэр үгээ маш сайн судалж байж хаяг хаддаггүйгээс болж бид гаднынхны өмнө ийнхүү эвгүй байдалд ордог болжээ. Өвөр Монголд очтол чинь хоёр давхар байшингийн дээр “аварга том барилгын дэлгүүр” гээд монголоор бичсэн байвал(манайд Barilga Mega store гэсэн жижиг дэлгүүр бий шүү) танд ямар санагдах вэ. Бас модон байшин барьчихаад гэр гэсэн хаяг хадсан байвал бидэнд сайхан санагдахгүй л байх. Үүнтэй адил юм. Ингэж өөрсдийгөө эвгүй байдалд оруулж байхын оронд бүх хаягийг кириллээр эсвэл уйгаржин монгол бичгээр бичье. Ядаж л нэрэнд цэвэр, гаднынхан шоолохгүй шүү дээ.
Н.Энх
Сэтгэгдэл ( 10 )
Маш зов ажил зохиох гэж байгаад баяр хургэе! Нэг жижиг тээврийн хэрэгсэл угаадаг газар ”Big” гэж байх шиг. Монгол нэр хаягтай газар тун цоохон таардаг.
Зөв ч бас нэг яаралтай анхаарал хандуулах юм байнаа. холбогдох хүмүүс нь яаралтай арга хэмжээ авахгүй бол хавар болохоор хэцүүдэхээр нэг зүйл ажиглав. Гурвалжингийн гүүр даваад Монгол самик компанийн урд автобусны буудлын хажууд ил задгай ямар ч труба бэхлээгүй хөрс рүү бохирын машинууд ямар ч хяналтгүй бохироо хийгээд бас замаар гоожуулсаар явахыг харлаа. Энэ хавьд орон сууц барьсан учраас удахгүй үнэртээд эхлэх юм байна
Гадагш гараад гудамжаар явахад хаана яваагаа ойлгоход бэрх болчихсон, заримдаа төөрчихсөн яваа ч юм шиг,хаяг адрес нь харь хэл дээр болохоор заримыг нь орж лавлаад муухай ааштай нэгэнд нь загнуулж хараалгаад хөөгдаж гарах бол юу ч биш.Хаягийг нь крилл үсгээр монгол хэл дээр болгомоор юм.Энд нэг их ажил орохгуйлдээ.Хүсвэл ганц захирамжаар л хийчих ажил, бага ч юм биш шүү!!!
Малл.тоwerч яамай уб хотыг хятадынхуу монголынхуу гэдэг нь байгууллагын хаяг рекламаас үүдэлтэй ээдрээтэй асуудал. Үе үеийн хотын засаг дарга нар хотын хөгжлыг биш өөрсдийнхөө л бизнесийг хөгжүүлэхээр чармайхаас хотод хэрэгтэй зүйл огт хийгээгүэй. Сайн юм хийдэг бол байгууллагуудын хаягийг цэгцлэж болох хугацаа их байсан шүү. Ганц захирамж гаргаад л болох ажил шүү дээ
uuriinh ni ulsiin ihenkh irged ni oilgodoggui khayagtai uls orom gej manaihaas uur baihgui baihaa.
uuriinh ni ulsiin ihenkh irged ni oilgodoggui khayagtai uls orom gej manaihaas uur baihgui baihaa.
juram gargaad murduulehed l shiidegdchih asuudal shuu dee.mongol bichgeer ,krileer,angliar
Xeden baishin barichixaad l town gedegtei adil bna
Үнэн. Хаягаа монгол бичгээр болон кирилээр байвал бүр сайн.
yag unen bodomoor yum hayagiin negdsen zaavartai baimaar yumaa nogoo TV eer garaad bsn goshin shog shig olon gadaad hayagnuud tolgoi erguuleed ereeljleed bg mongold oo bgamuu haana bgaagaa oilgodogui undesnii hel soyoloo deedelii humuusee .