Цементийн үйлдвэрүүд дотоодын хэрэглээг хангаад зогсохгүй экспортлох боломжтой болоод байна

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 16

Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулах, дэмжих зорилгоор Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулганыг тус салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган-2017 өчигдөр /2017.02.15 /зохион байгууллаа. 

  Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа энэ үед Барилгын салбарын ханган нийлүүлэгчид болох барилгын материал үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдэд төрөөс баримтлах бодлого чиглэл тодорхой бус байгаагаас тэдний үйл ажиллагаа доголдож, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан барилгын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид хүндхэн байдалд ороод байгаа юм.

Иймд салбарт тулгарч буй дээрх асуудлыг шийдэх гарцыг тодорхойлж, харилцан уялдаатай ажиллах боломжийг дэмжих зорилготой тус чуулганд БХБЯам, НЗДТГазар, МҮХАҮТанхим, МБҮАссоциаци, МБМҮХолбоо, Барилга.МН болон Барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч ААНБайгууллагын удирдлагууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцож санал солилцлоо.

 Чуулган Барилга, барилгын материалын чиглэлээр Барилгын салбарт төрөөс баримтлах бодлого чиглэл, Нийслэлээс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, МУ-ын ЭЗ-ийн төлөв байдал барилгын салбарын нөлөөлөл, Барилгын материалын зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Монголын барилгын зах зээлд нэвтрэх хялбар арга зам, Барилгын материалын ханган нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдав.

Барилгын салбарын бодлого зөвхөн орон сууц, дэд бүтцэд чиглэх болсон өнөө үед барилгын материалын борлуулалтыг томоохон төслүүд рүү чиглүүлэх хэрэгтэй байааг Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо энэ үеэр онцлон хэлж байв. Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр сүүлийн таван жилд 350 гаруй барилгын материалын жижиг дунд үйлдвэр ашиглалтад орж, орон сууцны барилгад өргөнөөр хэрэглэгддэг 40 гаруй нэр төрлийн материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болжээ. Тухайлбал, зуурмаг, инженерийн болон иргэний барилгын бетон төмөр бетон хийц эдлэлүүд, керамик тоосго, хувцанцар цонх хаалга, сантехникийн төрөл бүрийн хуванцар хоолой, дулаалгын хөөсөнцөр хавтан зэрэг багтаж байна

Түүнчэн барилгын үндсэн материал болох цементийн 60-70 хувийг бид импортоор оруулдаг байсан. Тэгвэл өнөөдөр монголчууд өөрсдийн түүхий эдийн нөөц дээр түшиглэн цементээ 100 хувь хангах нөхцөл бүрдсэн нь барилгын материалын үйлдвэрлэлд ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдийн хамгийн том амжилт юм.

Энэ талаар БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэл, лаборатори хариуцсан мэргэжилтэн Г.Цэрмаа
    

      Барилгын салбарт хамгийн чухал нь барилгыг бүтээдэг материал. Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, импортыг бууруулах, экспортод гаргах зэрэг асуудлыг шийдвэрлүүлэх бизнесийн таатай хууль эрх зүйн баримтуудыг боловсруулж, хэрэгжүүлж байна. Үүний томоохон жишээ нь, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэж, цемент, төмөр хийц, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрээр хангах зорилтын хүрээнд Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөр юм.  
      
Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөрөнгө оруулалтын үр дүнд шинээр ашиглалтад орсон болон орохоор төлөвлөгдсөн цементийн үйлдвэрүүд дотоодын хэрэглээг хангаад зогсохгүй экспортлох боломжтой болоод байна. Барилгыг чанартай удаан эдэлгээтэй, тохилог өнгө үзэмжтэй сайхан байлгахыг л хүсвэл бид түүнийг бүтээдэг материалын үйлдвэрүүдийг дэмжиж ажиллах нь зайлшгүй” гэв.

 Тус чуулганаар барилгын материалын үйлдвэрлэгчид, бөөний худалдаалагчид нэгдэн “Барилгачин” группийг байгуулан, ханган нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бий болгож, борлуулалтын нэг сувгаар чанартай барилгын материалыг хямд үнээр эцсийн хэрэглэгчдэд хүргэж, ажиллахаар болов. 

 

Б.Алтжин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэнтий(112.72.11.124) 2017 оны 02 сарын 16

Цемент хаанаас авах юм вэ. 1тн ямар үнэтэй бна зэрэг мэдээлэл өгөөч

0  |  0
Top