Асрамжийн газрын хүүхдүүдэд мэргэжил олгохоор найман холбоо нэгдлээ

2017 оны 02 сарын 16

Монгол Улсын мастер үсчин,  “Vidal” салоны захирал Д.Одонгоо асрамжийн  газрын хүүхдүүдэд туслах аянд олон нийт болон төрийн байгууллагыг нэгдэхийг уриалсан. Үүний хүрээнд Засгийн  газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газартай хамтран улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 36 асрамжийн газар бүрээс нэг, нэг хүүхэд сонгон авч үсчний мэргэжлээр үнэ төлбөргүй сургахаар болсон юм. 

Тэгвэл Монголын үйлдвэрлэл хоршооллын төвийн байранд   өнөөдөр “Монголын гэр ахуйн цахилгаан хэрэгсэлийн холбоо”-ны тэргүүн С. Дамдинсүрэн, алт мөнгөн эдлэлийн “Түмэн эрдэнэс холбоо”-ны менежер Ж.Тунгалагтамир, “Монголын фото зургийн холбоо”-ны гишүүн “Монгол фото студи”-ын захирал Д.Цэдэнгомбо, “Үсчин гоо засалчдын холбоо”-ны гишүүн Э.Одонгоо, “Шилмэл загвар” компанийн дэд захирал Г.Дэжид, “Гуталчдын холбоо”-ны гишүүн Д.Мичка нар уулзаж асрамжийн газрын насанд хүрч буй хүүхдүүдэд мэдлэг боловсрол, улмаар мэргэжил олгоход нь хэрхэн туслах талаар санал солилцсон юм.

"Өнөр  бүл", "Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор", "Нялхсын клиник сувилал" зэрэг Улсын асрамжийн төвүүдэд илүүтэй анхаарал тавьдаг. Гэвч "Сос", "Найдвар", "Өнөр", "Цөлийн сарнай", "Шинэ найдвар", "Эрдэм" зэрэг нэр бүхий 33 асрамжийн байгууллагад хувь хүн, албан байгууллагын туслалцаа учир дутагдалтай байдаг гэдгийг тэд энэ үеэр онцолсон юм. 

Хэлэлцүүлгийн үеэр төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт илтгэлийг асрамжийн төвүүдэд зохион байгуулж ажиллахаар болсон юм.  Ингэснээр насанд хүрч байгаа хүүхдүүдэд хүсэл мөрөөдлөө зөв тодорхойлох, өөрсдийн сонирхлын дагуу мэргэжлээ зөв сонгоход нь туслах явдал юм.

Тухайлбал, 15-аас дээш насны  хүүхдүүд алт мөнгөний дархан, гар утасны засварчин, цаг засварчин, гуталчин, оёдолчин, үсчин, гоо сайханч, хими цэвэрлэгээний ажилтан гэх мэт ахуйн үйлчилгээний, зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээс сонгох боломжтой юм.

Уг арга хэмжээг гуравдугаар сарын сүүл гэхэд хийж дуусгах ба хүрэлцэн ирсэн ахуйн үйлчилгээний найман төрийн бус байгууллага өөр өөрсдийн чиглэлийн дагуу сургалт явуулах төлөвлөгөөг гаргаж ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов. Холбогдох асрамжийн газрын удирдлагуудаас "Шилдэг" гэх хүүхдүүдийг сонгон шалгаруулахыг холбоодын төлөөлөл хүсч хамтран ажиллах гэрээг нягт нямбай  хийхийг сануулсан юм.

"Шилмэл загвар" компанийн захирал Г.Дэжид

"Шилмэл загвар" компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдүүдийг сургах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгоход туслах ажлуудыг жил бүр зохион байгуулдаг. Бидний зүгээс оёдол эсгүүр, загварын чиглэлээр дэмжигч байгууллага болж энэхүү ажилд оролцохоо мэдэгдэж байна.  Манай компани ахуй үйлчилгээний чиглэлд 45 жил өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа, мэргэжлийн анхдагч байгууллагуудын нэг. Дотроо загварын агентлагтай учир хүүхэд залуучууд их сонирхох байх гэж бодож байна.

"Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газар"-ын мэргэжилтэн Н.Ундраа

Асрамж халамжийн төвөөс 18 нас хүрээд гарч байгаа хүүхдүүд бие даан ажиллаж амьдрах чадвартай байх нь энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн гол зорилго байдаг. Энэ чиглэлээр 2017 онд маш олон ажлуудыг төлөвлөсөн байсны нэг нь яах аргагүй мастер үсчин Э.Одонгоо эгчийн санаачилсан мэргэжил боловсролын асуудал байсан юм. Үүний хүрээнд ч олон олон ажлууд хөвөрч тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

"Монголын үйлдвэрлэл хоршооллын төв холбоо"-ны тэргүүн Ч.Алтангаяа

"Монголын үйлдвэрлэл хоршоолол"-ын төв холбоо нь улсын хэмжээнд ахуй үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ууган байгууллага. Өнөөдрийн уулзалт нэг талдаа нийгмийн чиглэлд уриалга хүргэсэн. Харин нөгөө талдаа манай салбарууд залгамж халаа болох мэргэжлийн ажилчдаа бий болгох тал дээр санаа оноогоо солилцлоо гэж ойлгож байна. Ахуй үйлчилгээний салбар нь улсын хэмжээнд 20 гаруй мэргэжлийг хамруулдаг. Хуучнаар Хөдөлмөрийн яамны сайдын батлагдсан тушаалаар хувцас захиалга, засвар, хими цэвэрлэгээний үйлчилгээ, автомашин угаалгын үйлчилгээ, цаг засварын үйлчилгээ алт мөнгөний дархан, саун, халуун ус гэх мэт чиглэлүүд багтдаг. Хүүхэд ямар ч тохиолдолд өөрөө мэргэжлээ сонгох ёстой. Манай зүгээс шавь сургалтаар мэдлэг олгож, дадлага туршлага суулгаж, ажлын байраар хангах бүрэн боломжтой байдаг учир өөрсдийн чадах мэдэх бүхнээр хамтран ажиллахад бэлэн байна. 

Улсын  хэмжээнд  нийт 23  байгууллагын 36 асрамжийн төвд 1060 хүүхэд амьдарч, 448 албан  хаагч үйлчилгээ  үзүүлж   байгаа. Тэдгээр хүүхдүүд 18 нас хүрэхээрээ асрамжийн төвөөс хараат бус болоход амьдралаа аваад явах мэдлэг чадвартай байгаа эсэх нь асуудалтай юм. Тэгвэл тэдний ирээдүйн ажил амьдралын төлөө төрийн болон төрийн бус найман холбоод дуу хоолойгоо нэгтгэж ажиллахаар боллоо. 

А.Хишигдэлгэр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top