Сар шинийн баярын урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явагдаж байна

2017 оны 02 сарын 16

Өнөөдөр НМХГ -аас сар шинийн баярыг угтаж нийслэлийн 9 дүүрэгт хийгдэж буй хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ. 

Шалгалтын явцад хүнсний сүлжээнд оролцогч аж ахуйн нэгж, иргэдэд хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах талаар 5 төрлийн зөвлөмж боловсруулан хяналт шалгалтанд хамрагдаж байгаа аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж ажилласан байна. Мөн илэрсэн зөрчлүүдийг арилгуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэд хэрэглэгчдийг хэрхэн аюулгүй хүнсээр хангах талаар томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүрүүдийн түрээслэгч ажилтнууд зэрэг 80 аж ахуйн нэгж, 270 ажиллагсдыг хамруулан сургалт зохион байгууллаа.

Шалгалтад худалдаа, үйлдвэр үйлчилгээний 82 аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч 226 иргэн, нийт 308 цэг салбар хамрагдаж, хяналт шалгалтын явцад 265 зөрчил илрүүлэн, үүнээс одоогийн байдлаар 147 зөрчил буюу 55.4 хувийг арилгуулан ажиллаж байна.

8 үзэсгэлэн худалдаа

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор улсын байцаагчийн 205 заалт бүхий 119 албан шаардлага хүргүүлж гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна. Холбогдох хууль тогтоомж зөрчсөн 35 аж ахуйн нэгж, иргэнд 6.060.000 төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулсан. Шалгалтын явцад түгээмэл илэрч байгаа зөрчлүүдээс дурьдвал худалдаа үйлчилгээний ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй импортын хүнсний бүтээгдэхүүнүүд, гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хэвийн боов, хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй буюу үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг бичээгүй, хаяг шошго нь хятад хэл дээр бичигдсэн бүтээгдэхүүн худалдаалж байгаа зөрчлүүд нилээдгүй байлаа.


Тухайлбал: Юмт бөмбөгөр, Эрдэнэбулган, Барс-2 захын лангуунуудад БНХАУ, ОХУ-аас импортлогдсон гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан хар чавга, хатаасан үзэм, ястай чангаанз худалдаалсан, түргэн гэмтэх бүтээгдэхүүн болон хиам, зайдсыг үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг тавилгүйгээр хүнсний сүлжээнд нийлүүлсэн, мөн Сүхбаатар дүүргийн иргэн н.Од гэртээ хэвийн боов үйлдвэрлэн өөр аж ахуйн нэгжийн нэр дээр савлан Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн орчимд худалдаалсан зөрчлүүд илэрлээ.

Шалгалтын явцад тусгай зөвшөөрөлгүй худалдаалсан 13 нэр төрлийн 326 ширхэг, 609.0 мянган төгрөгийн тамхийг улсын орлогод оруулахаар, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй хадгалах хугацаа дууссан 93 нэр төрлийн 807 ширхэг, 229 кг 2.292.750 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар хураан авч, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл”-д шилжүүлсэн.

Хоол хүнсний хордлого, халдварт хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор 167 дээж, 30 арчдас авч НМХГ-ын НТЛ-д шинжлүүлэхэд одоогоор эерэг сорьц илрээгүй байна. Шинжилгээний хариу гүйцэд гараагүй байна.
Шошгын зөрчилтэй худалдаалагдаж байсан 23 нэрийн, 20.5 кг, 1055 ширхэг, 2.324.600 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлж, зөрчлийг арилгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Түүнчлэн сар шинийн баярын өдрүүд буюу 02 дугаар сарын 24-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд улсын байцаагчид хариуцлагатай жижүүр хийж, иргэдийн санал, гомдол, хүсэлтийг Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай арга хэмжээ авч ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top