”Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

2017 оны 02 сарын 20

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 4 дэх жилдээ сар бүр зохион байгуулж буй "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, доктор Б.Уранцэцэг, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар нар "Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийлээ. Товч мэдээллийг хүргэж байна.

Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар "Шүүхийн ёс зүйн хороо 2014 онд 208, 2015 онд 213, 2016 онд 231 гомдлыг иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс хүлээн авсан. Өнгөрсөн онтой харьцуулахад гомдлын тоо 7,8 хувиар, гомдолд холбогдох шүүгчийн тоо 33.5 хувиар өссөн. Шүүгчийн тоо өндөр гарч байгаа нь бүрэлдэхүүнд гомдол гаргах, зарим хуулийн этгээд олон удаа гомдол гаргасантай холбоотой. Иргэд, хуулийн этгээдээс 2016 онд 183 шүүгчид холбогдуулан гомдол гаргасан. Сахилгын хэрэг үүсгэх, татгалзах шийдвэрийг Шүүхийн ёс зүйн хорооны гурван гишүүн хянаж шийдвэрээ гаргадаг. Өнгөрсөн онд 156 гомдол буюу 82.2 хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан. Шүүхийн ёс зүйн хорооны чиг үүрэгт хамааралгүй, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой, ирүүлсэн гомдол нь нотлогдохгүй байх зэрэг шалтгаанаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж байна. 33 гомдлын мөрөөр сахилгын хэрэг үүсгэснээс 8 буюу 24.2 хувьд нь сахилгын шийтгэл оногдуулсан.

Өөрөөр хэлбэл, шүүгчдэд сануулах 3, цалин бууруулах 4, огцруулах 1 сахилгын шийтгэл оногдуулжээ.

2014 онд 7 сахилгын шийдвэр ноогдуулах шийдвэр гарсан ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэгсэхгүй болсон.

2015 онд 13 сахилгын шийтгэл ноогдуулсны 10 нь сануулах, 2 нь цалин бууруулах, 1 нь огцруулах хэлбэртэй байлаа. Эндээс дүгнэхэд Шүүхийн ёс зүйн хороо сахилгын хэрэг үүсгэсэн хэргийн 24 хувьд нь шийтгэл ноогдуулж байгаа юм. Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянадаг тогтолцоотой. Сахилгын шийдвэр ноогдуулсан Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэрийн 80 орчим хувь нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэгсэхгүй болдог. Үүнээс үүдэж иргэд, гомдол гаргагчид шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцлээ илэрхийлдэг.

Энэ нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн ёс зүйн дүрмийг өөрчлөх шаардлага байгааг харуулж байна.

Шүүгчийн ёс зүйн дүрэмд шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой асуудал нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж заасан байдаг. Энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ноогдуулсан 5 хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон. Мөн хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан хэм хэмжээг зөрчөөгүй гэдэг үндэслэлээр 3 хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх бүх үйл ажиллагаа хуульд нийцүүлэх, биелэлтэд хяналт тавих үүрэгтэйг зөрчөөгүй, Шүүхийн ёс зүйн хорооноос оногдуулсан сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр зарим хэргийг хүчингүй болгосон. Гурван жилийн хугацаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Шүүхийн ёс зүйн хороо 3 шүүгчид сахилгын шийтгэл ноогдуулсан шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Ирүүлсэн гомдлын тухайд хэргийн хөдөлгөөний удирдлагатай холбоотой гэх 29 хувь, хувийн ашиг сонирхлын үүднээс нэг талд үйлчилсэн гэх 34 хувь, хууль буруу хэрэглэсэн гэх 15 хувь, зохисгүй байдал гаргасан гэх 14 хувь байна. Одоо үед шүүгч юу хийх ёстой түүнийгээ хийхгүй, юу мэдэх ёстой түүнийгээ мэдэхгүй байна гэдэг асуудлаар гомдол гаргах нь ихэссэн. Тухайлбал, шүүгч шүүх хуралдаанд хоцорсон, шийдвэрээ цаг хугацаанд нь гардуулаагүй гэх зэргээр гомдол гаргаж байгаа нь шүүгчид тавих иргэдийн хяналт өндөр болсны илэрхийлэл. Шүүгчийн гаргаж байгаа шийдвэр олон нийтэд ил болсонтой холбоотой иргэд мэдээлэл сайн авч, эрх зүйн мэдлэг нь дээшилж байгаа нь харагдаж байна.

Улсын хэмжээнд 520 шүүгч ажилладаг. Тэдний 35 хувьд нь гомдол гаргасан байна. Үлдсэн 65 хувь нь ёс зүйн зөрчлөөр иргэн, хуулийн этгээдийн зэмлэлийг хүртээгүй гэж үзэх үндэслэлтэй” гэлээ.

Энэ мэдээллийн дараа Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, доктор Б.Уранцэцэг, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны албаны дарга Н.Ганбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг 25 хэвлэл мэдээллийн байгууллагын 33 сэтгүүлч сурвалжлав.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top