БОАЖ-ын салбарын байгууллагууд нягтлан бодогчид сургалтад хамрагдлаа

2017 оны 02 сарын 20

БОАЖ-ын салбарын байгууллагын нягтлан бодогч нарт зориулсан сургалт өчигдөр Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд боллоо. Сургалтад 21 сав газрын захиргаад, Тусгай хамгаалалттай газар, Цаг уур, орчны шинжилгээний харьяа газар болон Байгаль хамгаалах сан, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв зэрэг салбар байгууллагын 80 орчим нягтлан бодогч нар хамрагдав. Сургалтаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, төлөвлөлт, салбарын төсөв санхүүгийн мэдээлэл, Төрийн сангийн журам, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, шилэн данс хөтлөлт зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийсэн юм.Мөн Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн н.Дайриймаа Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын өөрчлөлт, Сангийн сайдын заавар журмын өөрчлөлт болон үндсэн хөрөнгийн элэгдлийн бүртгэлийн талаар итлгэл тавьж мэдээлэл өгсөн.

Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдал хүндрэлтэй байгаагаас шалтгаалан төрийн бүх урсгал зардлыг энэ оны төсөвт нэг хувиар бууруулсан. Урсгал зардлыг бууруулж, төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа ч байгаль орчныг хамгаалах ажлыг батлагдсан төсвийн хүрээнд ажиллах бүрэн боломжтойг БОАЖЯ-ны Санхүүгийн хэлтсийн дарга Б.Нансалмаа онцлон хэлсэн. Мөн тэрээр төсвийн сахилга батыг чанд сахиж байгууллагынхаа батлагдсан төсвийг зориулалтын дагуу Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиудын хүрээнд зарцуулахыг сургалтад хамрагдсан нягтлан бодогч нарт сануулав. Өнгөрсөн онд Хангайн нурууны байгалийн цогцолборт газар, Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газар, Онги-Таац голын сав газрын захиргаа, Хөвсгөл эгийн голын сав газрын захиргаадын нягтлан бодогч нар сайн ажиллажээ.

 


Цаашдаа харьяа байгууллагуудын нягтлан бодогч нарт үйл ажиллагаандаа хэд хэдэн зүйлийг мөрдлөг болгон ажиллах үүргийг энэ үеэр өгсөн юм.

Үүнд, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, төсөв санхүүгийн мэдээллээ заасан хугацаанд ил тод болгож ажиллах,

-Төсвийн тухай хуульд заасан хугацаанд Төслийн гүйцэтгэлийн мэдээ, санхүүгийн тайлангаа Төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлэх,

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах,

-Төсвийн тухай хуульд заасны дагуу батлагдсан төсвийг зориулалтын дагуу хэмнэлттэй зарцуулж, хэмнэлтийн горимоор ажиллахыг үүрэг болголоо хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top