Хүүхдийн боловсролд одооноос анхаарах нь ирээдүйн хөгжлийг зөв тодорхойлно

2017 оны 02 сарын 20

Монгол Улс ирээдүй хойч үе болсон хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарч, энэ асуудлаархи олон улсын гэрээ конвенцид нэгдсэн. Гэсэн ч түүнийхээ үүргийг биелүүлж, олон улсын гэрээний зүйл заалтыг дагаж мөрдөж чадахгүй байгаа.

Монгол Улсад ч тэр, олон улсад ч тэр хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, мэдээлэл хүлээн авах эрхтэй. Тэгтэл төр засгаас дан ганц эрүүл, аюулгүй орчинд амьдруулах тал дээр л анхаарч, утаа, орчны бохирдол, зам тээврийн осол гэж ярихаас хүүхдийн сурч боловсрох эрхэд тийм ч анхаарал хандуулаагүй. Үүний шалтгаан нь хүүхдийн сурч боловсрох эрх улстөрчидөд "ашиггүй" учраас гэж хэлж болох. Эсрэгээрээ утаа, зам тээврийн асуудал эрх баригчдын мөнгө идэх ажил болов.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсад цэцэрлэг, сургуулийн алинд ч хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх зөрчигдөж, анги танхимд хүүхдийг олноор нь "шпротлоод” суулгаж байна. Үүнээс нь болоод хүүхдүүд юун сурч боловсрох, тэдний анхаарал төвлөрөхгүй байхаас өгсүүлээд олон сөрөг үр дагавар гарсан. Тэр бүү ч хэл агаар дутагдсанаас болж цэцэрлэгийн хүүхэд нас барсан тохиолдол гарсан. Мөн хичээлийн хажуугаар өөрийгөө хөгжүүлье, сурч боловсроё гэхээр секц дугуйлан тэр бүр байхгүй, байлаа ч үнэтэй. Нөгөө талаас эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль дээр нь сурч боловсруулах дуртай байдаг. Энэ нь төлбөр мөнгөний асуудлаас гадна сургуул гэр хоёрын дунд нааш цааш олон удаа явж зам тээврийн осолд өртөх вий гэсэн айдас болгоомжлолоос үүдэлтэй. Эцэг эхчүүд "School Police” хийж, сургуулийн ойр орчимд зогсохгүй л бол хүүхэд багачуудыг соёлгүй жолооч нар дайрчих шахна.

Бүр байтлаа иргэдээ хамгаалах ёстой цагдаа нар хуурамч дохио асааж, урсгал сөрж яваад хүүхэд дайрч амь насыг нь хохироож байсан түүх бий. Эдүгээ Монгол Улсад дайн тулаантай орнуудаас илүүтэйгээр хүүхдүүдэд зам тээврийн осолд өртөж, олон хүүхэд нас барж, түүнээс ч олон хүүхэд бэртэж гэмтэж, зарим нь бүр насан туршдаа тахир дутуу болж байна. Монгол Улс хүн амтайгаа харьцуулахад хэтэрхий олон хүүхэд зам тээврийн осолд өртөж байна.

Үүнээс гарахын тулд хүүхдүүдийг сургууль дээр нь сурч боловсруулах, сургалтын чанарыг сайжруулахад улстөрчид, олон нийт, олны танил, оюунлаг хүмүүс нь анхаарах болсон. Ядаж л дэлхий нийтийн хэл болж байгаа англи хэлний мэдлэгийг хүүхдүүдэд олгох чиглэлд сургууль, салбарын байгууллагууд анхаарч ажилламаар байна.

Үр хүүхдэдээ англи хэл сургая гэхээр төлбөртэй сургалт дамжаанд явуулах шаардлага эцэг эхчүүдийн өмнө тулгардаг. Тэгвэл хүүхдүүдэд сургууль дээр нь үнэ төлбөргүй англи хэлний зайны сургалтыг яагаад явуулж болохгүй гэж. Орчин үеийн технологийн хөгжлийг ашиглан сурагчдад англи хэл сурах эрхийг нээж, мэдээллийн хязгааргүй ертөнцөд нэвтрэх алхмыг нь сууриар нь зөв тавьж өгч болно шүү дээ.

Манай улсад үйл ажилагаа явуулж байгаа энэ олон телевиз, сайт зэрэг мэдээллийн хэрэгслээс хүүхдийн төлөө ажилладаг, тэдний сурч боловсроход нь чиглэсэн зөв зүйтэй, хэрэгтэй мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэдэг нь хэд байдаг вэ?

Хүүхдийн боловсролд чиглэсэн, тэдний сурч боловсрох үйлсийг дэмжсэн телевизийн суваг, мэдээллийн хэрэгслийг бий болгох, үгүй ядаж дэлхий нийтийн энэ чиглэлийн боловсролыг дэмждэг хандлагыг бид эх орондоо нэвтрүүлэх шаардлагатай биш гэж үү. Энэ л бидний ирээдүй хойч үедээ хандсан хамгийн эхний, хамгийн том хөрөнгө оруулалт байх болно. Монголын ирээдүйн хөгжлийг та бидний үр хүүхэд хөтлөн авч явах болно. Тиймээс өнөөдрөөс эхлэн тэдний оюун санааг хөгжүүлэх, мэдлэг ухааныг нь тэлэх чиглэлд бид анхааран ажиллах ёстой.

 
Э.Төгс

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top