СЭНГЭНЭМ НАМРЫН УСАН БОЛОР БОРОО ШИГ... ЭРЭНЖИДИЙН ХАРХҮҮ

2017 оны 02 сарын 21

СЭНГЭНЭМ НАМРЫН УСАН БОЛОР БОРОО ШИГ...  ЭРЭНЖИДИЙН ХАРХҮҮ

/ХӨРӨГ/

Сэнгэнэм намрын усан болор бороо шиг

Сэрүүн тайгын вансэмбэрүү цэцэг шиг.. Шүлгийн ийм нэг яруухан мөрийг 1970-аад оны үед дунд сургуулийн хүүхэд байхдаа уншиж билээ. Арваад бадаг энэ шүлэг тэр үед олон ч залуус, хүүхдүүдийн дэвтэрт хуулагдсаар сүүлдээ дуу болон түгсэн түүхтэй юм. Удалгүй 1972 оны “Цог” сэтгүүлийн нэгэн дугаарын “Оч” буланд Өмнөговийн залуу яруу найрагч Э.Хархүүгийн шүлгүүд гараад ирж билээ. “Оч” булангийн ууган бөгөөд анхны дугаар нь тэр байлаа. Нөгөө бидний шимтэн цээжлээд байсан “Анхны хайр” шүлгийн эзэн Э.Хархүүтэй дахин энд учирсан юм.

            Тэрхүү “Оч” буланг аугаа их найрагч Дэндэвийн Пүрэвдорж санаачилсан бөгөөд анхны зочноор нь Халуун говийн Хархүүг “морилуулж” өөрөө өмнөтгөл үг бичсэн байв аа! Өмнөговийн Хархүү гэдэг нэр тэр үеэс эхлэн тухайн цагийн тоотой хэдэн сонин, “Цог”, “Залуу үе” сэтгүүлийн хуудсан дээр байн байн үзэгддэг, шүлгүүдийг нь оюутан залуус их л шимтэн уншдаг болсныг бидний үеийнхэн мэдэх юм. Харин тэрхүү “Сэнгэнэм намрын усан болор бороо шиг..” хэмээн эхэлдэг яруухан сонгодог “Анхны хайр” хэмээх уянгын сайхан шүлгийг хэн бичсэнийг төдийлөн мэдэдгүй явсан хүн олон байдгийг ойрмогхон би сонсоод харамсах шиг болж билээ.

            “Оч” буланд Э.Хархүүгээс хойш Д.Намсрай, Б.Догмид, Б.Хүрэлбаатар, Со.Чулуун, С.Оюун, Ш.Сүрэнхор зэрэг одоо алдрын дээдэд хүрсэн олон зохиолчид уран бүтээлээ шил дараалан хэвлүүлсэн байдаг. Үүнийг бичигч би ч гэсэн Э.Хархүүгээс хаа хойно 1984 онд “Оч” буланд бүтээлээ нийтлүүлсэн байх ажээ.

            Эрэнжидийн Хархүү найрагч 1972 онд анхныхаа номыг хэвлүүлж, дөрвөн жилийн дараа “Миний сайхан хөдөө” түүвэр нь хорьдугаар зууны их найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн ариутган шүүдэглэснээр Улаанбаатар хотноо ном болон барлагдаж уншигч түмэндээ хүрчээ. Уянгалаг, цэцэн яруу шүлгүүд нь олны анхаарлыг гойд татах болж утга зохиолын нэртэй шүүмжлэгчид болох Б.Ганбат, Х.Сампилдэндэв, Д.Хүү зэрэг судлаачид С.Пүрэв, П.Пүрэвсүрэн нарын зохиолчид урамын үгээр мялаасныг би сайн мэдэх хүний нэгэн билээ. Аль тэртээ 1970-аад оноос шүлэг зохиол бичсэн энэ найрагч эдүгээ гэхэд 32 дахь номоо хэвлүүлээд байгаа нь юу эсийг хэлнэ вэ?

          Ялангуяа сүүлийн арваад жил тэрбээр тун шаргуу хөдөлмөрлөж, шилдэг бүтээлийн хоёр боть, дурсамжийн ном, “Хүрэн толгойн сүүдэр” нэртэй өгүүллэгийн номоо гаргасан байх юм. Түүгээр үл барам “Хийморь”, “Зиндаа” сонинд уран сайхны редактороор арав гаруй жил ажиллахдаа 50 орчим уран бүтээлчдийн шүлэг зохиол, хөргийг нийтлүүлэн уншигч олондоо өргөн барьжээ.

      Жүжигчид, зохиолчдын 40 гаруй хөргийг урлаж, тус тусад нь ном болгон хэвлүүлснээрээ Э.Хархүү бас судлаачийн албыг давхар хашсаар ирсэн гэхэд болно. Дэндүү даруухан энэ зохиолч өөрөө туурвин бичихийн хамт голдуу залуу зохиолчдын нийт 50 орчим номыг ариутган шүүж, халуун дотно сэтгэлийн үгээр алтан шар замыг нь мялаажээ.


            Э.Хархүү одоо монголдоо хамгийн олон хувиар /100 000/ хэвлэгддэг, 250 нүүр бүхий “Зиндаа” сэтгүүлийн уран сайхны редактороор ажиллаж, урлаг уран зохиолынх нь нүүрийг хариуцан гаргаж байна. Энэ сэтгүүл өргөн олны таашаалыг хүлээсэн нэр хүндтэй сэтгүүл болно гэдэгт би итгэл дүүрэн явна аа ! Яруу найрагч, зохиолч Эрэнжидийн Хархүү монголын нэртэй багш нарын нэгэн агаад түмний үр хүүхдэд эрдмийн өглөг түгээсэн багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан юм. Тэрээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг арваад жилийн өмнө хүртсэн бөгөөд зохиолчийнхоо хувьд 2000-аад оны үед МЗЭ-ийн шагнал авчээ. Өнөөдөр уран бүтээлч хэн бүхэн өөрийгөө мэддэг, үнэлэмжээ тодорхойлдог болчихсон цаг үед Эрэнжидийн Хархүүгийн шагнал илүүдсэн байна уу, дутсан байна уу гэдгийг мэргэн уншигч та бүхэн нэг болгоогоод үзээрэй ! Төрийн гавьяат хэмээхөндөр алдар нүдээ олдогч юм уу, үгүй ч юм уу !? Өмнийн говиос төрсөн цөөхөн хэдэн уран бүтээлчийн тод нэгэн төлөөлөгч авьяаслаг, хөдөлмөрч энэ хүн тунчиг даруухан чимээгүй амьдарсаар эдүгээ 73 насны босго алхлаа.

           1970-аад оноос Эрэнжидийн Хархүү уран бүтээлээ эхэлсэн гэхлээр өнөөдөр мандан бадарч яваа Бавуугийн Лхагвасүрэн, Дарамын Батбаяр гэх зэрэг хүмүүс ор бараагүй л байж шүү дээ ! Жилээс жилд шүлэг зохиол нь олшроод чанаржаад байхад түүнийг нь олж хардаггүй ойшоож үнэлдэггүй явдал ямар учиртайсан билээ. Э.Хархүүгийн “Тос даасан монгол айл”, “Говийн хүү”, “Намар оройн зураг”, “Монгол ёс”, “Анхны хайр” зэрэг шүлгүүд нь FM-ээр байнга сонсогдож байдаг, олон хүн цээжээр мэддэг юм билээ. Жинхэнэ монгол шүлгийн уран дархан хүн гэвэл энэ хүнийг би онцлон хэлмээр байна. Уламлжлалт монгол шүлгээсээ хөндийрч түүнийгээ урлаж чадахгүй найрагчид олширсоор байгаад би сэтгэл эмзэглэдэг. Гэтэл энэ найрагчийн шүлэг язгуураасаа ясны уламжлалаа хадгалсаар өнөөг хүрсэн нь бахдууштай. Ганхан жишээ авъя л даа.

                        Дэргэн хатирах хүлгийн дөрвөн туурай эрмэг

                        Дэрхийн нисэх шувуудын уран жигүүр шалмаг

                        Хээр хоносон саран тэртээ дээр цэмцгэр

                        Хэсэгхэн цагаан үүлэн түүний наана сиймгэр

Аль 1984 онд бичсэн “Намар оройн зураг” шүлгийн дөрвөн мөрийг иш татлаа.

            Хорин найман мөр эл шүлгийн бүх мөр бүгд 6 үгтэй, толгой, сүүлийг ягштал холбож монгол хөдөөгийн намрын яруу тод зургийг нүднээ харагдаж, сэтгэлд буутал шүлэглэсэн нь найрагчийн үгийн цэц авьяас, сэтгэлийн урыг илтгэж байна. Мөр бүрийн төгсгөлийн үгийг аваад үзье.

            “Ягаан, намуун, амгалан, омголон, яаруу, хайруу, хатуу, таруу, эрмэг, шалмаг, цэмцгэр, сиймгэр, номхон, уяхан, уяруухан, зэврүүхэн, цэвцгэрхэн, цэмцгэрхэн, зайдуухан, алсуурхан, яаруу, хөөрүү, дотно, нойтон, содон, тодхон, сэвэлзүүр, гэгэлзүүр” төгсгөлийг ийнхүү ойролцоо дуудлагатай үгээр холбохдоо утгыг улам тодруулан цээлшүүлж чадсан нь гайхалтай. Энд ямар нэг хүчээр албадаж хийсэн үг ганц ч алга байгаа нь содон сонин юм. Найргийг ингэж нарийн урлана гэдэг ховор тохиолдол билээ. Энэ мэтээр иймэрхүү жишээг Э.Хархүү найрагчийн аль ч шүлгээс олныг харж болно. Энд би зөвхөн сүүл толгой холболтын талаар яриад ч байгаа юм биш, ерөөс сүүлийн жилүүдэд манай яруу найраг хэт задгайрч, муухан шиг орчуулгын модон хэлтэй, санаа нь ойлгомжгүй, бүр оньсого таавар шиг болсоор байгааг шүүмжилсэн хэрэг юм.

            Бүр 1990-ээд онд “Энэ хэдэн хүүхдийн турсагыг бүү хуулаасай” гэсэн шүүмжлэгчийн үгийг дөрөөлөн оодорсноос манай яруу найраг өөрсдийгөө хөгжөөн дэвэргэсэн хэдхэн хүний хэрэглээ болоход хүрээд байна шүү.

            Би энд шинэ хуучны хооронд яс хаях гэсэн юм биш, эртний уламжлалт, энэ дэлхийд хаа ч байхгүй монгол найргаасаа бүү тасран холдоочээ, баргийн хүн ухаж ойлгохооргүй хачин юм бичиж, түүнийг нь худлаа хошууран магтахаа болиоч ээ гэсэн утгаар ярьж байна.

            Эрлийз шүлгийн үерээс яруу найргаа аврах цаг болж шүү Эрэнжидийн Хархүү мэт монголоор сэтгэж, монголоор урлагсдынхаа эгнээ рүү эргэн харж суралцмаар байна гэдгийг энэ дашрамд зориуд хэлье. Яруу найрагч маань дурсамжийн номоо “Улаан овооноос эхэлсэн зам” нэртэй хэвлүүлжээ. Сүүлийн жилүүдэд эл төрлөөр туурвисан зохиолчдын номууд нэлээд гарснаас Д.Пүрэвдоржийн “Улаан гэрийн хоригдол”, “Бор гэрийн богд”, Д.Нямаагийн “Тэнгэрийн хаяа”, Д.Гармаагийн “Цэцэгсийн мөнгөн шүүдэр” зэрэг номууд чанартай сайн болсон санагддаг. “Улаан овооноос эхэлсэн зам” дурсамжийн ном нь “Атга атга шагай” хэмээх гурван гол хэсгээс бүтсэн бөгөөд энэ нь эсээ, туурийн хэлбэрээр эмхэрдэж шагласан, хэл зохиомж төгс, мөлжүүр сайтай уншууртай ном болжээ. Доторх гарчиг нь хүртэл сонин содон юм. Халхын буурал ухаан, Миний хүү гүнзгий ухаантай, Хар малгай Жамбалыг хагас өдөр дагаж, Тэмээний хүүхэд явлаа, Ширмэн Хоовон, Дэмүүл арслантай тулгасан хундага, Ононгийн шаргал намар, Худам монголоороо гайхуулав гэм мэт нэрнээс нь харахад номын агуулга тодорхой болж байна. Энэ бүтээлийн талаар судлаачид үг дуугарах байх аа !

            Яруу найрагт дуртай, оюунлаг монголчуудын бүхэл бүтэн хэдэн үеийг найргаар хүмүүжүүлж сэтгэл зүрхэнд нь үүрд хоногшсон “Анхны хайр” шүлгээр нь Халуун говийн Хархүү найрагчийн эл хөргийг өндөрлөсү! Тэртээ 1970-аад оны хэв шинжит дүр “ялигүй богинодсон ногоон тэрлэг”-тэй хөөрхөн охид, өнөө цагийн булга минжин дээлтэй эгч нар болоод тэднийг дээдлэн дурлан хайрлаж явсан хэн бүхэн сэтгэл нялхран уншина биз ээ !

 

Анхны хайр

Сэнгэнэм намрын усан болор бороо шиг

Сэрүүн тайгын Вансэмбэрүү цэцэг шиг

Ариухнаас ариухан

Анхны хайр минь

Хэнхдэг зүрхний минь нэгээхэн хэсэгт

Хэнзхэн цоморлигоо дутуухан дэлгээд

Хэзээ хойно ч дурсан жаргамаар

Хиргүй тунгалагаар үлдсэн юм

Ялигүй богинодсон ногоон тэрлэг

Ягаахан хацартай дугираг царай

Цэнхэр туузтай салаа гэзэг

Цэвэр ичимхий хонгорхон ааш

Нүүр нь улайсхийгээд ичингүйрэн өнгөрдөг

Нүдээрээ инээсэн арван зургаатай охин

Ай даа, яахан мартах билээ

Анхны минь хайр яг л ийм байсан юм

Дэндүүхэн эрт хэнзэлсэн болохоор

Дэлбээлж чадаагүй ээ, бидний хайр

Залуу насны алтан босгон дээрээс

Зам нийлэлгүй алслан одсоон

Анхны минь хайр бүтээгүй ч гэсэн

Амьдралын далайд ууссан ч гэлээ

Энхрийлэн дурсахын жаргал болж

Элэг зүрхэнд минь шингэсэн юм

Хааяа эдлэх амттайхан шаналал минь болж

Халуун зүрхэнд минь үлдсэн юм.

Өгөөж хишгээр ундаалаагүй ч анхныхаа хайрыг

Үүрдийн нандин зүрхэндээ хадгалж явна би.

Орчлонд заяасан түмэн сайхны сор хэмээн

Оддын доорх хорвоод хайрлаж явнаа би.

1974 он

 

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, зохиолч

Бороохойн Батхүү

Эх сурвалж: 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
trtr(150.129.141.128) 2017 оны 02 сарын 21

ene egelhen nairagchid az jargal eruul enhiig husie

0  |  0
Top