М.Амаржаргал: Гоо сайхны мэсийн бус эмчилгээний сөрөг нөлөө нь туршлагагүй, мэргэжлийн бус хүнээр хийлгэснээс үүдэлтэй

2017 оны 02 сарын 21

“PDIC” Гоо сайхны мэс засал, Имплант, Шүд, Эрүү нүүрний төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын их эмч, АУ-магистр М.Амаржаргалтай ярилцлаа

- Эмэгтэй хүн болгон хөөрхөн болохыг хүсдэг. Техник технологи хөгжихийн хэрээр эмэгтэйчүүдэд сайхан боломж нээгдсээр байна. Гоо сайхны хагалгаа хийлгэх нь сөрөг нөлөөтэй гэж ярьдаг. Энэ тухайд?

- Тийм шүү. Эмэгтэй хүн болгон хөөрхөн болохыг хүсдэгээс гадна хөгшрөхийг огт хүсдэггүй. Иймдээ ч  техник технологи хөгжихийн хэрээр эрсдэлгүй, аюулгүй мөн мэс заслын бус аргууд дэлгэрсээр байна. Гоо сайхны хагалгааг огт эрсдэлгүй гэж хэлж болохгүй л дээ. Энэ бол тухайн үйлчлүүлэгч туршлагатай нарийн мэргэжлийн  эмчээ зөв судалж, сонгох мөн юмыг хэтрүүлэхгүй байх буюу ямарваа нэгэн зүйлд сэтгэл ханаж сурах ёстой гэж би боддог. Гоо сайхны мэс заслын сөрөг нөлөөнүүд ихэвчлэн туршлагагүй нарийн мэргэжлийн бус хүнээр хийлгэснээс гадна хамгийн гол нь өөрийн гоо үзэмжид сэтгэл ханахгүй гоо сайхны хагалгааг олон дахин, их хийлгэснээс болдог. Ямарваа нэгэн юмны тун хэтэрвэл муухай болдогтой адил. 

- Гоо сайхны хагалгаа хийлгэх гэж байгаа хүнд юу гэж зөвлөх вэ, хагалгаа хийлгэсний дараа ямар нэгэн гам сахих хэрэгтэй юу?

- Энэ бол тухайн үйлчлүүлэгч ямар гоо сайхны мэс засал хийлгэхээс шалтгаалж харилцан адилгүй зөвлөгөө болон гам сахидаг. Гоо сайхны мэс засалд эмчийн зөвлөгөө болон мэс заслын дараах гам мэс заслын үр дүнд хамгийн чухал нөлөөг үзүүлдэг. Иймээс эмчийнхээ хэлсэн зөвлөгөө, зөвлөмжийг сайн дагах хэрэгтэй.   

- Гоо сайхны хагалгаа нь төрөлхийн юм шиг харагдуулж чадах уу?

- Ер нь гоо сайхны ямар ч үйлчилгээнд 100% үр дүнг амлаж болохгүй. Энэ бол хүний бие махбод.  Энэ нь  бүх хүнийг нэг хэвэнд цутгаагүй учраас хүн хүний гоо сайхны мэс заслыг хүлээж авах нь өөр өөр байдаг. Наад зах нь соривжилт гэдэг зүйлийг ямар ч эмч хянаж чадахгүй. Иймээс давхраа хийлгэлээ гэхэд хэсэг хүмүүс өөрийн мэт болдог байхад нөгөө хэсэг нь мэдэгдээд байдаг шүү дээ. Ямар ч гоо сайхны мэс заслыг эмч энэ хүнийг муухай болгоё гэж хийдэггүй. 

- Эмэгтэй хүн хагалгаа хийлгээд өөртөө итгэлтэй болдог уу. Тухайлбал, танай эмнэлэгт хагалгаа хийлгээд өөртөө 100 хувь сэтгэл хангалуун болсон өвчтөн бий юу?

- Мэдээж хэрэг хүн өөрт таалагдахгүй байгаа биеийг аль нэг хэсгээ засуулахад өөртэй итгэлтэй бололгүй яахав. 

- Хөгшрөлт бол хүн бүхэнд тулгардаг зүйл. Зарим хүмүүс алтан утас татуулж, ботокс шахуулан, арьсаа татуулдаг. Энэ нь олон сөрөг нөлөө дагуулдаг гэдэг. Үнэн үү?

- Хөгшрөлт гэдэг ямар ч эмэгтэй хүний хамгийн их айдаг зүйл. Техник технологи хөгжихийн хэрээр  мэс заслын бус хөгшрөлийн эсрэг аргууд маш ихээр  дэлгэрж байгаа. Үүнд коллагентэй утас буюу ПДО утаснууд, филлер, ботокс, PRP эмчилгээ болон янз бүрийн арьс өргөх лазер аппаратууд байна. Эдгээр нь янз бүрийн зорилгоор хийгддэг. Жишээ нь Коллагентэй утас буюу ПДО утаснууд нь өргөстэй өргөсгүй маш олон төрөл байдаг. Өргөсгүй утсыг ихэвчлэн залуу хүмүүс арьс унжихаас урьдчилан сэргийлэх зорилгоор мөн биеийн аль нэг хэсгийн өөх хайлуулах, хуян хөөрдөг хүмүүст цусан хангамж сайжруулж өвчин намдаах зорилгоор хийдэг. Харин  өргөстэй утсыг нүүрний арьс татах мэс засал хийлгэхээс айдаг,  эсрэг заалттай,  мэс засал хийлгэхэд арай эрт байгаа дундаж насны арьс унжилттай хүмүүсд хийвэл илүү тохиромжтой байдаг. Энэ мэтчилэн маш олон зүйл ярих хэрэгтэй болно. Хор уршгийн талаар гэвэл мэдээж мэс заслын бус учраас эрсдэлгүй, хурдан, эдгэрэлтэд ямар нэг хугацаа шаардахгүй зэрэг давуу тал ихтэй ч бас л туршлагатай нарийн мэргэжлийн гоо сайхны мэс заслын эмч эсвэл арьс гоо заслын эмчээр хийлгэх хэрэгтэй. Мэргэжлийн бус хүнээр хийлгэснээр гоо сайхны мэс заслаас ч илүү эрсдэлийг дагуулдаг.  Дахин хэлэхэд тун хэтэрвэл хортой шүү дээ.

- Сүүлийн үед охид бүсгүйчүүд мэс заслын бус ямар төрлийн  эмчилгээг  хийлгэж байна вэ?

- Манай эмнэлгийн хувьд охид бүсгүйчүүд ихэвчлэн филлер, ботокс, коллагентэй утсыг хийлгэж байна. Өнөө үед хүүхнүүд маань гоо сайхандаа их эртнээс анхаардаг болжээ. Учир нь манай Монголын орны эрс тэс, хуурай уур амьсгалд арьс хуурайшиж, үрчийж унжих  нь бусад орнуудыг бодвол илүү хурдан байдаг. Гоо сайхандаа илүү анхаарах болсон нь техник технологи хөгжсөнтэй холбоотой гэж бодож байна. Бид өмнөхөөсөө илүү мэдээлэл авч, юу сайн юу муу гэдгийг мэдэхэд их амархан болж. Мөн сүүлийн үед Синделла, ихсийн тарилга гэх мэт хөгшрөлийн эсрэг, дархлаа сайжруулдаг витамин эмчилгээнүүд ч бас их эрэлттэй байгаа. Энэ эмчилгээ нь бие организмыг цэвэршүүлж, хоргүйжүүлэн   цайруулах, хөгшрөлийн эсрэг, дархлаа дэмжих зэрэг олон үйлчилгээтэй курс эмчилгээ юм. Бүсгүйчүүд маань синдерелла гэдгээр нь илүү мэддэг байх. 

Хүмүүс ботокс филлер хоёын талаар ойлголт маш муу байдаг юм шиг санагддаг. Ботокс бол булчинд үйлчилж үрчлээ арилгадаг эмчилгээ бол филлер нь дүүргэгч эмчилгээ юм. Зарим тохиолдолд энэ 2 эмчилгээг хавсран хийлгэвэл илүү үр дүнтэй ч үе байдаг. 

- Алтан утас татуулах, арьсаа татуулах, ботокс шахуулах  нь үргэлж залуу байлгаж чадах уу. Байнга хийлгэхгүй болохоор хурдан хөгширдөг гэдэг?

- Бүх зүйл насан туршийн, мөнхийн байна гэж байхгүй.  Мэс заслын бус ч бай мэс заслын ч бай хөгшрөлийн эсрэг хийгдэж байгаа эмчилгээнүүд бүгд хэсэг хугацааны байдаг.  Мэс заслын бус арга бол хөгшрөлийг удаашруулах зорилготой гэж хэлж болно. 

- Гоо сайхны хагалгаагаараа ямар улс тэргүүлдэг вэ. Манай улсын гоо сайхны хагалгаа хийх чадвар хэдий хэрийн түвшинд байгаа вэ?

- Энэ нь газар нутаг тухайн улсын хүн амын биений галбир, нүүрний төрхөөс их шалтгаалдаг.  Тухайлбал ази хүмүүс ихэвчлэн онигор нүд, намхан хамар, жижиг хөх, эрүү хоншоор, шанааны хөгжил том байдаг. Иймээс Азид ихэвчлэн давхраа, хамар өндөрлөх, хөх томруулах эрүү, шанаа тайрах зэрэг мэс заслууд илүү хөгжсөн байдаг. Эсрэгээрээ европчууд  том хамар, хэт таргалалт ихтэй учраас ихэвчлэн хамрын мэс засал, өөх соруулах, хөх багасгах, арьс сойх, биеийн галбир засах мэс засалдаа илүү сайн байдаг. Иймээс энэ улс хамгийн шилдэг нь гэж хэлэхэд хэцүү. Азидаа гоо сайхны чиглэлээр хамгийн хурдацтай хөгжиж байгаа нь БНСУ гэж бодож байна. Манай Монгол эмч нар ч гэсэн маш мундаг, Солонгос эмч нартай энэ тэнцэхүйц түвшинд байгаа гэж боддог. Миний бодлоор эмнэлэг хамгийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж, аппарат гэхээсээ илүү хамгийн гол зүйл бол тухайн эмчийн ур чадвар, мэдрэмж, мэдлэг, чин сэтгэл хэрэгтэй гэж боддог. Манай монгол эмч нарт энэ бүх чанар байж чаддаг. 

- Цаашдаа ямар зорилго тавин ажиллаж байна вэ?

- Цаашдаа манай эмнэлэг, зөвхөн үйлчлүүлэгчиддээ хандсан биш Монгол Улсын энэхүү салбарт ажиллаж байгаа эмч болон энэ салбар зориглон орж ирж байгаа эмч нартаа зориулан туршлага судлах, шинэ техник технологийг сурталчлан таниулах, мэдлэг чадварт нь хувь нэмэр оруулах зорилготой БНСУ-ын N-Finder.,cо корпорацтай хамтран ажиллаж сургалт семинарыг тасралтгүй явуулж байна. 

- Эдгээр эмчилгээний талаар зөвлөгөө авахыг  хүсвэл хэрхэн холбогдох вэ?

- Манай эмнэлгийн хаяг: СБД 1-р хороо Энхтайваны өргөн чөлөө 14230 “UBH” центрийн 4 давхар 407 тоот. 70007103 утсаар холбогдон цаг авч, зөвлөгөө авах  боломжтой. 

 

Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туул(64.119.22.55) 2023 оны 07 сарын 17

Сайн бна уу? Хамар дээр судас дагасан мэнгэ ч юм уу ургацаг ч юм уу нэг юм гараад 3 жил боллоо. 2 удаа гоо заслын эмнэлэгт лазердуулж авахуулсан боловч эргээд ургаад бна. Заримдаа нүүрээ угаахад цус гарна. Бага зэрэг өвчтэй. Эмчээ надад үүнээс салах арга эмчилгээ бна уу? Тус болооч

0  |  0
Гүлжан(202.126.90.5) 2022 оны 03 сарын 02

95819484

0  |  0
Гүлжан(202.126.90.5) 2022 оны 03 сарын 02

Ок

0  |  0
Гүлжан(202.126.90.5) 2022 оны 03 сарын 02

Нүүр сонгох

0  |  0
Top