Хүүхдийн хүмүүжлийн аян нээлтээ хийлээ

2017 оны 02 сарын 23

Хүүхдийн хүмүүжил нийгэмд хурцаар хөндөгдөж буй тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Өнөөдөр НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргалын санаачлагаар Нийслэлийн Боловсролын газар, Нийгмийн хөгжлийн хороо хамтран 2020 он хүртэл 4 үе шаттайгаар хэрэгжих “Сайн хүн” хүмүүжлийн аяныг эхлүүллээ.

БГД-ийн 57 дугаар цэцэрлэг дээр болсон аяны нээлтэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа оролцлоо. Тус аяны зорилго нь Төрийн өмчийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүд нэгдэж, хүүхэд хүмүүжлийн бодлого, хөтөлбөр, арга зүй, тэргүүн туршлагаа солилцох, Багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад оршино. Мөн хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, багш сурган хүмүүжүүлэгчдийн ёс зүйгээр үлгэрлэн хүмүүжүүлэх нөлөөлөл, хариуцлагыг дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах, арилгах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хүмүүжлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж , Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулахад хувь нэмрээ оруулах зорилготойгоор явуулж байгаа юм.

Хүмүүжлийн аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ “Орчин үеийн гэр бүлийн амьдрал өөрчлөгдөж, эцэг эхийн  хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг роль суларч байгаагаас хүүхэд орчноосоо хүмүүжлийн харилцааг шууд тусган авч байна. Тэр орчин нь мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнц болсон. Мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг, хүчирхийлэл, садар самуун сурталчилсан мэдээ, нэвтрүүлэг, кино, сошиал ертөнцөд нэг нэгнээ гүтгэсэн, доромжилсон, авилга, хээл хахууль гэх мэтийн сөрөг мэдээллээр дүүрэн байна.

Бидний өмнөх үеийн эцэг эхчүүд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар, хүүхдийн хүмүүжлийг хөдөлмөртэй нягт холбон, ардын сурган хүмүүжүүлэх уламжлалаар хүмүүжүүлдэг байсан. Гэтэл орчин үед ихэнх эцэг эхчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт, багшид даатгаж өгч байгаагаас хүүхдийн хүмүүжлийн асуудал орхигдож байна. Иймээс хүүхдийн хүмүүжилд сургууль, боловсролын байгууллага, эцэг эх, төр хувийн хэвшлийн бүх байгууллагууд хамтран ажилласнаар богино хугацаанд эерэг үр дүнд хүрэх боломжтой юм. Хүүхдийн хүмүүжлийн асуудал зөвхөн боловсролын байгууллагууд, багш, эцэг эхчүүдийн төдийгүй Монгол төрийн гол бодлого байх учиртай.” хэмээн онцлон тэмдэглэлээ. Тэрбээр мөн нийслэлийн 216 цэцэрлэгийн анги бүрт 1 ангийг тохижуулж хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, номоор хангаж, эцэг эхчүүдэд лекц унших ажлаа явуулсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top