Төрийн нарийн бичгийн дарга элчин сайд нар хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов

2017 оны 02 сарын 24

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Гаалтыг 2017 оны 2 дугаар сарын  22-нд хүлээн авч уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.

Талууд 2016 оны сүүлээр Вашингтон хотноо болсон Гадаад хэргийн яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтын үеэр ярьж тохиролцсон асуудлууд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Монгол Улс АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай Хоёрдахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор дахин шалгарсан,  хоёр орны хооронд байгуулагдсан Ил тод байдлын гэрээ 2017 оны 3 дугаар сарын 20-ноос хүчин төгөлдөр болох гэж байгаа, Монгол Улс АНУ-ын H2 визийн хөтөлбөрт хамрагдах яриа хэлцээ эхэлсэн, 2017 онд тохиож буй Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааг амжилттай эхлүүлсэн зэрэг харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц болох асуудлуудыг талууд онцоллоо.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улс Олон Улсын Валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах яриа хэлцээг амжилттай явуулахад АНУ-ын зүгээс тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд Элчин сайд Ж.Гаалтад талархал илэрхийлэв.

АНУ-ын хувьд хоёр улсын иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх сонирхолтой байдаг бөгөөд Монголчууд Америк руу аяллын, гэр бүлийн, хөдөлмөрийн, бизнесийн, сургалтын зэрэг олон зорилгоор зорчихыг америкийн тал хүсч байдгийг Элчин сайд тэмдэглэв.

Мөн тэрбээр АНУ-ын шинэ Засаг захиргааны зүгээс хууль бус цагаачдыг албадан буцаах арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ хүрээнд АНУ-д хариуцлагатай аялах, виз мэдүүлэхдээ үнэн, зөв мэдээлэл өгөх зэргийг Монголын олон нийтэд сурталчилсан ажлыг монголын талтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол Улс нь АНУ-ын визээс чөлөөлөгдөх хөтөлбөрт хамрагдах алсын зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд Монголчууд Америкт хариуцлагатай зорчиж байх нь уг хөтөлбөрт хамрагдахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг америкийн тал онцлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top