”Алаг мэлхий”-гээр наадах

2017 оны 02 сарын 25

Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдөр буюу битүүний үдэш хүүхэд багачууд, томчуулын хамтаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх зэрэг шагайн найдгайгаар тоглодог.

Эдгээрийн нэг болох "Алаг мэлхий" наадгайн талаар хүргэе.

“Алаг мэлхий өрөх” хэмээх шагай өрөх тоглоомоор хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 шагайг мэлхийний бие болгон өрж нааддаг.

    Мэлхийний нурууг хааш хааш 6 үелсэн бүгд 36 шагайгаар бүрдүүлж өрнө.
    Нурууны дөрвөн үзүүрт тус бүр 4 шагайнаас бүрдэх 4 шилбэ буюу нийт 16 шагайг өрнө.
    Шилбэний доод талд дөрвөн тавхай тус бүрт 5 буюу нийт 20 шагай өрнө.
    Нурууны дээд талд нь хүзүү болгож 6 шагайг хоёр эгнээгээр өрнө.
    Хүзүүний дээд талд нь толгой болгож 3 шагайг өрөөд хоёр талд нь нүд 2, чих 2 болгож өрнө.
    Нурууны доод талд нь сүүл болгож гурван шагай өрнө.
  Нурууны 36 шагайн дээр давхардуулж бөөрний хоёр, зүрх ба давсагны нэг нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсагийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлнэ.

Мэлхийний биеийг бүтээсний дараа толгой талд нь улаан будагтай дөрвөн шагайг дугуйлан өрж, зүүн гар талд хөх будагтай 5 шагайг нум сумны сүүл хэлбэртэй өрөөд “мод” гэж нэрлэн, баруун хажуугаас нь тухайн сумны үзүүр цухуйсан шинжтэй гурван цагаан өнгийн шагай өрөөд “төмөр” гэж нэрлэнэ. Мөн дөрвөн сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг. Ийнхүү цагаан сарын үед наадах “Алаг мэлхий” нь нийт 108 шагайнаас бүрддэг байна.

Шинийн нэгэнд 12 жилийн тоолол ёсоор учран золгож буй жилтэй ижил жилтэй хүн, эсвэл түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаар шоо хаяж тоглодог.


·         Нэг нүх буувал алаг мэлхийн дөрвөн сарвуун дээр нэг нэгээр нь тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны аль нэгийг, эсвэл зүрх ба давсагны аль нэгийг

·         Хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг  

·         Гурван нүх буувал толгой ба сүүлний аль нэгийг, эсвэл “төмөр” хэмээн нэрлэгдсэн шагайг

·         Дөрвөн нүхээр буувал дөрвөн шилбэний аль нэгийг

·         Таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэг, эсвэл “мод” хэмээгдсэн шагайг

·         Зургаан нүх буувал хүзүү буюу нурууны аль нэгийг тус тус авч тоглодог ажээ.

Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг. Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгодог байна. 

Д.Тамир  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top