”ЗӨГИЙН ҮҮР-100” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2017 оны 03 сарын 09

Өмнөговь аймгаас таван багш Энэтхэг улсад суралцахаар боллоо Өмнөговь аймгийг 2017-2020 онд хөгжүүлэх Засаг даргын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрт иргэдийн боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн 17 дэд хөтөлбөр хэрэгжиж байгаагийн дотор “Зөгийн үүр-100”, “Англи хэлтэй Өмнөговь” дэд хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн англи хэлний таван багш Бүгд Найрамдах Энэтхэг улсын Бангалор хотын “SEEACADEMY” олон улсын сургуульд 2017 оны 03 дугаар сарын 13-аас 09 дүгээр сарын 06-ыг хүртэл 6 сарын хугацаатай суралцахаар батламжаа гардан авлаа.

Суралцах эрх авсан багш нарт хандан аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлэхдээ “Улс, аймгийн хувьд эдийн засаг хүнд байгаа ч орон нутагтаа тогтвор суурьшилтай, амжилт бүтээлтэй ажиллаж байгаа иргэд, албан хаагчдыг гадаад улсад сургаж мэрэгшүүлэх нь аймгийнхаа хөгжилд болон ирээдүйдээ томоохон хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгож байгаа. Тиймээс аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд нийт 17 дэд хөтөлбөр байгаагийн дотор “Зөгийн үүр-100” хөтөлбөрт 300 сая төгрөг төсөвлөснөөс эхний ээлжинд 25 сая төгрөгийн зардлаар англи хэлний таван багш Бүгд Найрамдах Энэтхэг улсын Бангалор хотын “SEEACADEMY” олон улсын сургуульд суралцахаар боллоо. Ер нь цаашид Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Австрали, Америк, Канад, ОХУ-д дээрх хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэл тэмүүлэлтэй иргэнээ сургах төлөвлөгөөтэй байгаа. Би өөрөө Америкт сурч байхдаа надад боломж олдох юм бол илүү олон хүнийг сургах юм сан гэсэн бодол тээж өнөөдрийг хүрсэн. Энэ сайхан боломжийн эзэд болсон та нар минь хичээл зүтгэлтэй сайн суралцаж, их зүйлийг мэдэж эх нутагтаа эрдэм боловсролыг түгээгээрэй. Очих улсынхаа тухай интернетээс хайж соёл, ёс заншил, цаг үеийн мэдээллийг нь сайн судал, унш, хэвлэж аваад яв, очоод хэрэг болно. Хувийн бэлтгэлээ сайн базаагаарай. Та нарын замын зардал, сургалтын зардлыг аймгаас дааж байгаа. Суралцах хугацаандаа цалингаа бүрэн авч суралцах болохоор та нарт хүндрэл бэрхшээл гарахгүй гэж бодож байна. Хүний нутагт эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваарай” хэмээн захив.

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Бангалор хотын “SEEACADEMY” олон улсын сургуульд суралцахаар болсон англи хэлний багш нартай Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, БСУГ-ын дарга Э.Бат-Эрдэнэ нар гурвалсан гэрээ байгуулж сурлагын их амжилт хүслээ.

Ж.САЙНЖАРГАЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top