Энэ зураглалыг хараад эрх мэдэлтнүүд нэгийг бодоосой...

2017 оны 03 сарын 14

21-р зууны монголчууд бид хөгжлийнхөө түвшингээр бас ч нэг их дор орчихгүй явж байна гэж боддог. Ингэж ч мэдрэгдэхээр зүйлс их харагдаж байгаа. Улаанбаатарын төв хэсгээр тэнгэр баганадсан шилэн байшингууд сүндэрлэн, тэр хавийн орчин нөхцөл, ажиллаж амьдарч буй хүмүүс нь ч арай л өөр. Тэгвэл Монгол орны өнцөг булан бүрд хөгжил дэвшил ийм гоё байж чадаж байна уу?!

Хөдөө орон нутгаас хүмүүс дайжин, нийслэл хотынхоо ганц хонхорт бөөгнөрөн чихэлдсэнээс утаа униар ихсэх асуудал үүсээд байгаа хэмээн дээр доргүй ярьдаг хэдий ч тэднийг яавал төрж өссөн нутаг руу нь буцаан даллах талаар төр засгаас шийдэмгий алхам хийж чадахгүй байсаар л... Хөдөө орон нутагт ажлын байр алга, мал, газар тариалан, хувийн аж ахуйгүй хүмүүст амьдрах нөхцөл бараг байхгүй. Ингээд л яалт ч үгүй, хот орон газрыг зорин тэмүүлсэн урсгал үргэлжилсээр байна.

Саяхан олон нийтийн сүлжээний хэсэг хэрэглэгчид санаачлага гарган, "Бидний цөөхөн Монголчууд" төслийн хүрээнд Монгол орноо тойрох аялал эхлүүлээд явж байгаа бөгөөд тэд очсон орон нутгийнхаа сонин хачнаас зураг тэмдэглэлээр сошлд нийтлэн, олон нийтэд танилцуулсаар байгаа билээ. Тэд одоогийн байдлаар Монгол орны хоймор нутаг болох Хөвсгөл аймгийн алслагдсан хойд хязгаарын сумдаар аялж яваа аж. Ханх, Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумдын байгалийн үзэмжтэй бол яриад байх зүйл алга, үнэхээр л Монголын Швейцари гэсэн нэрэндээ дүйхээр. Харин тухайн орон нутагт байгаа ард иргэдийн амьдрал ямархуу байгаа нь сонин.

 

 

Хэдийгээр алслагдсан нутаг ч гэсэн хүн ард нь боломж бололцоогоороо хөөрхөн бизнес эрхлээд байдаг бололтой. Рэнчинлхүмбэ суманд гэхэд, дуудлагын пицца хүртэл байдаг юм байна. Гоё торт, нарийн боов ч хийдэг бололтой.

 

 

Харин Цагааннуур сумын сургуулийн дотуур байрны зураглал л хэн хүний сэтгэл эмзэглүүлэхээр харагдана.

 

Дотуур байрны өрөөнийх нь цонхны шил хагархай, хүүхдүүд нь даараад гал тойрч зогсоод гараа ээж байгаа нь. 

 

Бид чинь одоо хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ. Миний мэдэхийн л бараг 20-30 жилийн өмнөх сургуулийн дотуур байр нэг иймэрхүү төрхтэй байсан санагдана. Яасан ч хөгждөггүй салбар юм!  Тухайн орон нутгийн эрх мэдэлтнүүд, сонгогдсон гишүүд нь, салбарын яам тамгын газар нь юугаа ч харж явдаг юм! 

Нэн тэргүүнд боловсролын салбартаа илүүтэй анхаарахгүй бол мянга хөгжил гэж хий дэмий орилолдоод яахав дээ. Бидний ирээдүй болсон балчир үр хүүхдүүд хөгжил дэвшлийн өнөөгийн эринд ийм зутруу орчинд, ийм гундуу байдлаар өдөр хоногийг өнгөрүүлж байна гэхэд итгэмээргүй. 1000 удаа сонссоноос нэг удаа нүдээр харсан нь дээр гэдэгчлэн, яалт ч үгүй л ийм байна гэдэгт итгэхээс өөр арга алга.

Монгол улс хөгжиж байна, сайхан болж байна гэж цээжээ дэлддэг эрхмүүдэд хөдөө орон нутгийн үнэн дүр төрхийг харуулсан эдгээр зургууд ямар нэгэн эмзэглэл төрүүлэх болов уу гэж найдна, хэрэв хүрэл чулуун зүрх сэтгэлтэй л биш бол... 

 

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.178.201) 2017 оны 03 сарын 14

Энэ сургууль шинэ байртай болжээ.

0  |  0
Фин Мин Хуа(202.55.191.76) 2017 оны 03 сарын 14

С.Баяр дулаан газарт элчин сайдаар морилж залуу хүүхэн шааж хэвтээд Ми овогт халуун ханзан дээр хурхирч өмхийгөөр унгас алдаж хэвтээд байдаг.МАН-ын данжаадуудад монгол гэх сэтгэл огт байхгүй.

0  |  0
ИРГЭН(202.179.23.99) 2017 оны 03 сарын 14

МАН-ЫНХАНЫ ИНЭЭД НЬ ХҮРЧ ГАЙХАЖ БАЙГАА ДАА.ИЙМ ХҮМҮҮС МОНГОЛД БАЙДГЫГ МАН НАМЫНХАН ЯАЖ МЭДЭХ ВЭ ДЭЭ.

0  |  0
Top