Дэлхийн цэрэг болж үнэлэгдсэн Монгол цэрэг эрс

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 17

Дайны хүнд жилүүдэд ч
Тайван энхийн цагт ч 
Дархан хилийн манаанд тангараг өргөн зогссон
Атаат дайсны өмнөөс алтанхан амиа хайрлаагүй
Эх орны, эрэлхэг зоригт хөвгүүн танд
Эр цэргийн баярын мэндийг хүргэе.

Төр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг эрхэмлэн дээдэлж, эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд эрдэм ухаан, эр чадлаа зориулж ирсэн цэргийн  алба хаагчдын баяр-Монгол Улсын Зэвсэгт хүчний 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” маргааш тохионо. Хүлэг бүр ажнай, хүн бүр цэрэг байсан тэртээх он жилүүдэд Монгол цэргүүд амжилт ялалтад хүрч, дэлхийн шинэ түүхийг бичиж байсан  ард түмэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн "Монгол цэргийн өдөр бол Монголын төрт ёсны уламжлал, түүх соёлын улбааг сануулсан, Тусгаар тогтнолын баталгаа, эх оронч үзлийн галыг бадраасан монгол хүн бүрийн баярын өдөр" юм. 

96 жилийн турш Монголын зэвсэгт хүчний түүхийг бичилцсэн үеийн үеийн дайчид, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүчдийн гавъяа өнөөдөр хосгүй эх юм. Түүхийн энэ хугацаанд Монголын зэвсэгт хүчин алдаа, оноо амжилт бүтээлээр дүүрэн байж нэгэн шинэ онтойгоо золгож байна. Түүхийн бэл хэзээд үл арилах эдгээр  он жилүүдэд Монгол Улс энхийг сахиулдаг топ 20 орны нэг хэдийнээ болж Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 2014 оны 6 дугаар сарын үзүүлэлтээр нийт 940 цэргийн алба хаагч (үүнээс ажиллагааны газар оронд 61 эмэгтэй)-ийг 6 ажиллагаанд илгээн оролцуулж, 30 дугаарт жагссан байна. /2014/

 Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны 2 цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй.

 Үүнээс хойшхи 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 6700 гаруй цэргийн алба хаагч, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан эвслийн цэргийн ажиллагаанд нийт 4500 орчим цэргийн алба хаагч тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн. /2012/ Манай улс өдгөө 15 дахь жилдээ дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна. Ийн энэ цагийн эгэлгүй баатрууд болсон энхийг сахиулагчид "Монгол цэргийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт өсөн нэмэгдэж, Олон улсын түвшинд Монгол цэрэг- Дэлхийн цэрэг болж үнэлэгдэх боллоо" гэж төрийн тэргүүн тодорхойлсон байдаг. 

Монголын зэвсэгт хүчний өнөөгийн хөгжлийн талаар "Монгол генерал төв"-ийн тэргүүн, хошууч генерал С.Баасанхүү хэлэхдээ "Монголын зэвсэгт хүчин туулах ёстой замналаараа хөгжиж ирсэн. 1992 оны шилжилтийн нийгмийн тэр ороо бусгаа үед буюу дэлгүүрийн лангуу хоосон байсан он жилүүдэд цэрэг хоолоо идсээр л байсан. Өөрөөр хэлбэл Монголын  төр хэзээд цэргээ өлсгөж байгаагүй юм. Бүх салбар шинэ нийгмийн амьдралд дасах гэж нэлээдгүй саад бэрхшээлийг даван туулж магадгүй өнөөдөр ч  зарим нь хөгжлийн голдиролдоо ороогүй яваа. Харин  тэгвэл манай салбарын хувьд зөв замаар явж өдийг хүрсэн. Энэ бол Монголын төр батлан хамгаалахын  салбартаа анхаарал тавьж ирсэний тод илрэл юм" гэв. 

Зэвсэгт хүчний амжилт ололтыг нийгмийн бусад салбар шиг үнэлж дүгнэж, харьцуулдаггүй төвөгтэй юм. Харин гагцхүү түүх үнэлдэг болохыг С.Баасанхүү генерал яриандаа онцолж байв. Өөрөөр хэлбэл энэ салбарын амжилтыг тайван цагт авхаалж самбаа, ур чадвараар нь үнэлдэг аж. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт  энхийг сахиулах ажиллагаанд  Монгол цэргүүд нэрт төртэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа нь ийн тэдний амжилтыг тодорхойлж байгаа юм. 

 Мөн хошууч генерал Д.Даваа хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа  "Монгол цэрэг одоо “од” болсон. "2009 онд Хятад, Монголын хамтарсан хээрийн сургуулилт Бээжингийн ойролцоо болсон полигон дээрх хаалтын ажиллагаанд оролцож байх үед тал талаасаа 40, 40 цэргийн бүрэлдэхүүнтэй  салаа оролцсон сургуулилт болсон юм. Энэ үеэр манай цэргүүдийн ур чадвар, тэр олон сая хүний дундаас дээд зэргийн шүүлтүүр шалгуур давж оролцож байсан цэргүүдээс дутахгүй, зарим талаараа илүү ч байсан. Ялангуяа гардан байлдаан, энхийг сахиулахтай холбоотой хөтөлбөр гээд янз бүрийн ажиллагаа гүйцэтгэж байхад өөрийн эрхгүй суудлаасаа босч алга ташиж байсан шүү. Тэр үед Монгол цэргээрээ өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байсан" хэмээн хэлж байсан нь нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, агуу дайчин эзэн Чингис хааны үр сад гэдэг нь энэ буй биз ээ.  

 96 жилийн түүхийг бичилцсэн Монгол цэргийн яруу алдар өнө мөнхөд мандан бадрах болтугай.

 

Б.Алтжин 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dinmuhamed(62.210.246.136) 2024 оны 03 сарын 03

Tsereg

0  |  1
Сэтгэгдэл (103.140.11.83) 2024 оны 03 сарын 10

Вов

2  |  1
Арай ч дээ(122.201.22.133) 2024 оны 03 сарын 10

Одоо үед ганц кноп дараал дуусах байлгүй эднийг хооллож ундалж хувцаслаж байхаар тэр их мөнгийг эдийн засагтаа зарцуулж ард түмнээ бодмоор юм.Хилийн цэргээ үлдээгээд бусад анги нэгтэглүүдийг татан буулгамаар юм ямар ч ашиггүй үргүй зардал гаргасан дарга нар эд мөнгийг идэж уух шиг болж байгаа шүү дэ.

1  |  7
BABA(103.57.93.80) 2024 оны 03 сарын 10

ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ

0  |  5
САНАЛ(202.179.26.143) 2024 оны 03 сарын 10

96 ЖИЛ БИШЭЛДЭЭ 2500 ЦААШ .НЭГДСЭН МОНГОЛ УЛСЫН АРМИЙН,ШИНЭ ЦАГЫН АРМИ ГЭЖ ЯЛГАЖ САЛГАЖ БИЧИЖ БАЙМААР ЮМАА.монгол цэогийн урлаг бол дэлхийн цэргийн урлагын тэргүүн эгнээнд явдагыг цэргийн түүхчид нотолдогоо

0  |  4
Top