Үндэсний урлагийн их театрын тайзнаа “СҮНЖИДМАА” дуулалт жүжиг тоглогдоно

2017 оны 03 сарын 17

“Навсгар намайг хэн тоох вэ, нарны галтайд нутаг буцъя даа” хэмээн мянган залуу дуулж байснаа гэнэт зориг орон “Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа гэдэг. Зорьж ирсэн Сүнжидмаатайгаа уулзаад буцъя” хэмээн Сүнжидмааг хүлээсээр уулзаж, гэрт нь ордог. Энэ үед тэднийг харсан хээнцэр, хараваас угсаа гарвал сайтай, хэл үг нь хурц Наваан гэгч залуу байж ядан үлдэнэ. “Сүнжидмаа” дуулалт жүжгийн цааш өрнөл хэн бүхэнд сонин.

“Сүнжидмаа” дуулалт жүжгийг зохиолыг анх 1981 онд СГЗ. Ж.Бадраа, хөгжмийг Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар АЖ Д.Лувсаншарав зохиож улмаар "Сүнжидмаа" дуут хөгжим бүжгийн цоморлиг нэртэйгээр тайзны бүтээл болгож байжээ.

Тус дуулалт жүжгийн ерөнхий найруулагчаар Ё.Цэрэндолгор, ерөнхий удирдаачаар МУГЖ.С.Сүндэд ажиллаж, Сүнжидмаагийн дүрд Б.Сарантуяа, МУГЖ.А.Нэргүй, Мянганы дүрд МУГЖ Д.Банзрагч, Г.Борхүү, Навааний дүрд МУГЖ Д.Самбуу, Ж.Эрдэнэгомбо, Дэжидийн дүрд Ш. Намсрайжав, Е.Наранцэцэг нар мөн уртын дууч АЖ Н.Норовбанзад , МУГЖ С.Сүглэгмаа зэрэг дуучид тоглож байжээ.

Үндэсний урлагийн их театрын урын сангийн бодлогоор эрт үеэс уламжлагдан ирсэн ардын домог, дуу, хөгжим, бүжиг, ардын урлагийн төрлийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор ард түмний дунд мөнхөд дуулагдсаар ирсэн “Сүнжидмаа” ардын дууны домгоос сэдэвлэн бүтээсэн дуулалт жүжгээ тайзнаа дахин шинэчлэн найруулж, сэргээн тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.

Тоглолт 2017 оны 03 сарын 22-нд 19:00 цагаас, 23-нд 18:00 цагаас хоёрхон удаа тоглогдоно. Сүнжидмаагийн дүрд МУСТА.Ц.Түмэнжаргал, Мянганд МУСТА.Б.Батмэнд, Наваанд МУСТА П.Баярмагнай, Дэжидийн дүрд МУГЖ.С.Эрдэнэцэцэг, Баднаанямбууд МУГЖ.Д.Ширмэнтуяа нар тоглоно.

Энэхүү дуулалт жүжиг нь ҮУИТ-ын урын санд буй анхны дуулалт жүжгийн хэлбэрээр тавигдсан томоохон бүтээлүүдийн нэг бөгөөд тухайн үеийн нийгмийн амьдрал ахуй, залуусын хоорондын хайр сэтгэл, хүмүүсийн үзэл бодлын зөрчилдөөнийг монгол ардын харилцаа дуугаар дамжуулан харуулсан бүтээл юм.

“Сүнжидмаа”  дуулалт жүжгийн найруулагчаар одоогоос 30 гаруй жилийн өмнө ажиллаж байсан МУУГЗ Ё.Цэрэндолгор найруулагчийн анхны тавилтаар дахин сэргээж байгаа юм.

Мэдээлэл авах утас:  11-323954, 88023954, 88001047


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.193.139) 2017 оны 03 сарын 20

Amjilt husie!!!

0  |  0
Top