Нийгмийн ажилтан нь сэтгэл зүйч байх хэрэгтэй

2017 оны 03 сарын 17

Идэр дээд сургуулийн Нийгмийн ажил, нийгмийн ухааны багшийн тэнхмийн эрхлэгч Ж.Сарангэрэлтэй ярилцлаа. 

- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та Нийгмийн Ажлын мэргэжлийн онцлог, чиг хандлагын талаарх санал бодлоо хуваалцана уу.

- Манай улсад нийгмийн ажилтан хэмээх мэргэжил үүсээд 20 жил болжээ. Нийгмийн ажил нь тухайн улсын нийгэм-эдийн засгийн байдал, газар зүйн болон угсаатны онцлог, уламжлал зэргээс шалтгаалан улс орнуудад өөр өөр чиг баримжаатай хөгжиж байна. Манай улсад хөгжлийн чиг хандлагатай, хүний эрхэд суурилсан, тэдгээрийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.  Нийгмийн ажлын vндсэн зорилго нь хvнийг нөөц чадавхиа нээн хөгжvvлэх, амьдрал

Аж байдлаа дээшлvvлэх, төрөл бvрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгддэг. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай хүнд энэ хуульд заасан тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж олгох, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлэх, хувь хүн, бүлэг, олон нийтийг чадваржуулах, хөгжүүлэх, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг мэргэжлийн нийгмийн ажилтнууд үзүүлдэг. Тиймээс нийгмийн ажилтан нь нийгмийн эрvvл саруул орчин хvрээллийг бий болгох , хvнд нөхцөлд амьдарч байгаа хvмvvс өөрийн нөөц боломжоо дайчлан ажиллах нөхцлийг бий болгох, тэдэнд тэтгэлэг тусламж олгох, амьдрах ухаанд сургах зэрэг нийгмийн бусад чиглэлийн vйлчилгээ vзvvлэгч юм. Хаана л бэрхшээл, асуудал байна, тэнд л нийгмийн ажилтан туслалцаа үзүүлэхээр явж байдаг энэрэнгүй, хүмүүнлэг, бусдын төлөө гэсэн онцлогтой мэргэжил юм.

- Идэр дээд сургууль хэдэн оноос эхэлж нийгмийн ажилтан бэлтгэж эхэлсэн бэ?

Манай сургууль 2003 оноос200 гаруй мэргэжилтэнг боловсролын, халамжийн, хөгжлийн, хорихын, эрүүл мэндийн, байгууллагын, хүүхэд хамгааллын, гэр бүлийн, хүний эрхийн чиглэлээр гэх мэт олон салбарт бэлтгэж төгсгөсөн байна. Би ШУТИС-д Нийгмийн халамж зүйч мэргэжил эзэмшээд 2006 оноос өнөөг хүртэл Идэр дээд сургуулийн нийгмийн ажлын тэнхимд багшилж, удирдан ажиллаж 10 гаруй жил болжээ.  Энэ онд манай нийгмийн ажлын тэнхим,  нийгмийн ажилтан бэлтгэж эхэлсний 10 жилийн ой тохиох гэж байна. Энэ ойн хүрээнд төгсөгчид, нийгмийн ажилтнуудын дунд эрдэм шинжилгээний хурлууд, зөвлөлдөх уулзалтууд, хэлэлцүүлэг зэрэг олон арга хэмжээнүүдийг явуулахаар төлөвлөөд байна.

- Бусад нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудаас танай сургуулийн сургалт юугаараа онцлог давуу талтай вэ?

- Манай сургуулийн хувьд бусад сургуулиудаас ялгагдах онцлог нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чадвартай нийгмийн ажилтан бэлтгэдэг ба сургалтын хөтөлбөртөө шинэчлэлт хийж, оюутнууд маань төгсөөд ажлын байранд ажиллахадсэтгэл зүйн, сэтгэл засал, нийгмийн ажлын зөвлөгөө өгөх ур чадвар, дадлыг эзэмшүүлэхэд хөтөлбөрөө чиглүүллээ. Гэр бүлийн харилцааны зөрчил, хардалт, хууралт, архидалт, бие биенээ үл ойлгох, хүчирхийлэлд өртөх, сэтгэл санааны хямрал, дарамтанд орох, зан төлөвийн ганцаардал, ажилгүйдэл, хүндрэл бэрхшээл тулгарах, бэрхшээлийг даван туулах зоригийн чанар сул, өөрийгөө үл ойлгосноос асуудалд самгардах, хэвийн байдлаа алдах зэрэг асуудлууд тулгарахад нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг туслалцааг нийгмийн ажилтан үзүүлдэг учраас анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэгийг өгөх чадвартай байх ёстой. Жишээлбэл: сургууль дээрээ үе тэнгийхний дарамт, шахалт, багш сурагчийн харилцааны зөрчил, гэр бүлийн таагүй харилцаа зэрэг олон шалтгаануудын улмаас хүүхэд сурлага муудах, ангийнхантайгаа харилцаж чадахгүй байх,  ганцаардах, зожигрох, шоовдорлогдох, хүчирхийллийн хэлбэрүүдэд өртөх, сэтгэл санаагаар унах, сургууль завсардах, цаашлаад амиа хорлох тохиолдолд хүрдэг. Энэ бүхэнд сургуулийн нийгмийн ажилтан хүүхдэд сэтгэл зүйн анхан шатны тусламж, дэмжлэг, зөвлөгөө өгч, шаардлагатай үед мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбож өгдөг.

- Нийгмийн ажил, сэтгэл судлал хоёр салшгүй холбоотой байх нь тийм үү?

- Тиймээ. Сэтгэл судлал нь  хүний зан үйл, сэтгэцийн шинж, байдал, үйл явцууд, ухамсарын нарийн үйлдлүүд болох сэтгэл хөдлөл, анхаарал, зан үйл, хүртэхүй, хүмүүс хоорондын харилцаа зэргийг судалдаг бол нийгмийн ажил нь нийгэмд тулгарч байгаа аливаа асуудал, бэрхшээлийг арилгах, хүмүүсийн сайн сайхны төлөө чиглэсэн мэргэжлийн үйл ажиллагаа юм. Нийгмийн ажилтан, багш, гэр бүл, хүүхэд хамгааллын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд асуудлыг илрүүлэн, анхан шатны яаралтай үйлчилгээг үзүүлэхээс гадна, ажил үүргээ гүйцэтгэх явцад сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Тиймээс нийгмийн ажилтан бүр сэтгэл зүйч байх шаардлагатай болж байгаа юм.

- Олон төрлийн салбарт нийгмийн ажилтан бэлтгэдэг онцлогоосоо хуваалцана уу?

- Бид оюутнууддаа төгсөж гараад  ажлын байранд аль ч салбарт ажиллах мэдлэгтэй, дадал, туршлагатай, хөрвөх чадвартай, ажил олгогчдын шаардлагад нийцсэн мэргэжилтэн болох тал дээр хичээл, сургалт, ялангуяа дадлагаар дамжуулан практик ур  чадвар суулгах тал дээр түлхүү анхаардаг. Сургуулийн нийгмийн ажилтан нь хүүхэд хамгаалал, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлэх, сургуулийн орчинд хүүхдийн сэтгэл санаа, оюун ухаан, боловсролын хөгжилд тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхээс гадна хүүхдэд ээлтэй сургуулийн орчин, баг хамт олныг бий болгож хөгжүүлэхэд чиглэж ажилладаг.

Эрүүл мэндийн нийгмийн ажилтан нь ядуу, эмзэг бүлгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад, хүнд хэвтрийн өвчтэй үйлчлүүлэгч, эх, нярай, жирэмсэн эмэгтэй, өсвөр насныханд шаардлагатай эрүүл мэндийн болон нийгмийн халамж үйлчилгээнд зуучлах, хэрэгцээтэй мэдээ, мэдээллээр хангах, нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн засал, нийгэм сэтгэл зүйн нөхөн сэргээлт, эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр илүү анхаарч үйл ажиллагаагаа чиглүүдэг. Нийслэл, аймаг, дүүрэг сум, хороо, багийн халамж үйлчилгээний газарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд нийгмийн хамгаалал, ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлт, хүүхэд залуучууд, гэр бүлийн хөгжлийг дэмжих талаархи бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, үйлчлүүлэгчдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээнд хамруулах зэрэг төрийн үйлчилгээг үзүүлдэг.

ШШГЕГ-ын харьяа Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд маань цагдан хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдогчид нийгмийн ажлын үйлчилгээг тодорхой түвшинд хүргэх, тэднийг нийгэмшүүлэх тэдгээрт нийгэм-сэтгэл зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлдэг.  Ингээд дурдаад байвал салбар бүрт ажиллаж байгаа нийгмийн ажилтны мэдлэг, ур чадвар, үүргийн талаар удаан яриа болох байх. Манай төгсөгчид ерөнхий боловсролын сургуульд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд, эрүүл мэндийн төвүүд, халамжийн газрууд, хүүхэд хамгааллын салбарт, хорих ангид, хүний нөөцийн менежер, төрийн болон төрийн бус байгууллагад, олон улсын байгууллагад, иргэний нийгмийн байгууллагуудад амжилттай ажиллаж явна. Тухайлбал:

УБ хот Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Э.Уртнасан

 


 ШШБЕГ нийгмийн ажилтан Ж.Мөнхбат

 

 

БЗД-н “Эрүүл оршихуй” Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан  Н.Хэрлэнзаяа


Д.Баасансүрэн ХУД-н нийгмийн үйлчилгээний хэлтэст хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн

 

- Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зулаа(43.228.129.73) 2017 оны 03 сарын 20

Сонирхолтой цаг үе олсон сайхан нийтлэл бэлтгэсэнд баярлалаа Ж. Сарангэрэл багшид болон НАНУБ тэнхмийн үе үеийн багш, төгсөгчдөд, Баярын мэнд хүргье

0  |  0
Top