Хадгаламжаас татгалзсан иргэд үнэт цаас худалдан авах болжээ

2017 оны 03 сарын 21

Санхүүгийн салбарт тэр дундаа үнэт цаасны арилжаанд зөвхөн арилжааны банкууд дангаар үйл ажиллагаа явуулж, тэд л бүгдийг тодорхойлдог байсан билээ. Тэгвэл Засгийн газар төсвийн цоорхойг нөхө­хийн тулд иргэдэд Засгийн газрын үнэт цаас худалдаж эхэлсэн. Үнэт цаас, бонд гэж юу болох, хөрөнгийн бирж дээр арилжах нь ямар ашиг­тай, хэрхэн оролцох зэргийг тэр бүр мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй байсан иргэд сүүлийн хэдэн өдрүүдэд энэ талаар ихээхэн сонирхох болов. Зарим нь аль хэдийн энэ талын мэдээлэлтэй болж банк­ны хадгаламжинд байсан мөнгөө авч Засгийн газрын үнэт цаас худалдан авахаар Хөрөнгийн биржид хандах нь эрс нэмэгджээ. Үүнтэй холбоо­тойгоор иргэд хөрөнгийн зах зээл, арилжааны талаарх мэдээ­лэл ихээхэн сонирхож буй.

Иргэд хаана мөнгөө хадгалах нь хувь хүний эрх. Гэсэн ч эдийн засаг нь хүндсэн манай улс Олон улсын валютын сангаас тусламж, зээл авахын тулд хэд хэдэн арга хэмжээг санхүү, эдийн засгийн салбартаа хэрэгжүүлэх ёстой. Үүний нэг нь хадгаламжийн хүүгээс татвар авах явдал. Одоогоор албан ёсоор хэрэгжээгүй ч энэ талаарх мэдээлэл гарсан даруйд банкинд хадгаламжтай иргэдийн санааг ихээхэн чилээж байгаа. Үүнтэй зэрэгцэн Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах боломж нээгдсэн нь нэгийг бодож хоёрыг тунгаахад хүргэв. Эргэлзэж, тээнэгэлзсэн иргэдийн зарим нь банкнаас хадгаламжаа авч Засгийн газрын үнэт цаас худалдан авч байхад, зарим нь хаширлаж үйл явц хэрхэн өрнөхийг, хаашаа эргэхийг ажиглан сууж байгаа.

Нөгөөтэйгүүр Засгийн газар банкны салбараа унагах зүйл хийж байна гэсэн шүүмжлэл ч бий. Энэ нь тийм биш. Учир нь, иргэдийн хадгаламж банкуудын хөрөнгийн багахан хувийг эзэлдэг. Тодорхой хэмжээний хөрөнгө нь гарч байгаа ч дангаараа хөрөнгийн зах зээлд, арилжаанд оролцдог байсан, монополь үүсгэж ямар ч гарцаагүй байдалд оруулдаг арилжааны банкууд арай өөр зүйл бодох цаг иржээ. Нөгөө талаар зөвхөн банкууд бус иргэд, аж ахуйн нэгж Засгийн газрын үнэт цаасыг худалдан авч буй нь Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлж, иргэд эдийн засаг санхүү, хөрөнгийн зах зээлд оролцож байгаа нэг хэлбэр юм.

Зарим брокер, диллерийн компаниас иргэд  тэдэнд хэр их хандаж байгаа талаар тодруулахад, банкны хадгаламжийн хүүгээс татвар авах мэдээлэл гарснаас хойш мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн байна. Өмнө нь Засгийн газрын бондын арилжаа тогтмол явагддаг байсан үед дийлэнх нь банкууд оролцдог байсан тул захиалга нь биелдэг байж. Харин дээрх мэдээлэл гарснаас хойш иргэн, аж ахуйн нэгж олноор оролцож байгаа аж. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг талын санхүүгийн байгууллага оролцдог байсан арилжаанд олон талын төлөөллүүд оролцож байгааг брокер диллерийн байгууллагууд онцолж байлаа.

Хөрөнгийн биржийн нийт зах зээлд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо хэдэн хувиар нэмэгдсэнийг мэдэх гэсэн боловч энэ талаарх мэдээлэл нь сарын эцсээр гардаг тул одоогоор мэдэх боломжгүй аж. Тиймээс иргэд энэ зүг рүү анхаарч байгааг мэдэж болох ганц зүйл нь брокер диллерийн компанид хэр их хандаж байгааг нь судлах байсан юм.

Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн компаниар ороход “Хадгаламжийн хүүгээс татвар авах мэдээлэл гарснаас хойш иргэд шинээр данс нээлгэх нь эрс нэмэгдсэн. Нийт харилцагчдын идэвх өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн. Иргэд хадгаламжаасаа хамгийн багадаа гурван сая төгрөг, дээд тал нь 2-3 тэрбум төгрөг авч шинээр нээлгэсэн дансандаа байршуулж, Засгийн газрын үнэт цаас худалдан авч байна. Аж ахуйн нэгжүүд массаараа орж ирээгүй. Иргэд илүү оролцож байна.

Нөгөө талаас манай улсын иргэд аливаа мэдээлэлд хэт мэдрэг байдаг нь ажиглагдсан. Тухайлбал, ам.доллар өслөө гэсэн мэдээлэл гарахад хадгаламжаа ам.долларт шилжүүлж, долларын ханш буурахад хадгаламжаа төгрөг болгох жишээний. Ямар нэг мэдээлэл гарснаас хойш хурдан хөдөлгөөнд ордог. Тухайлбал, хадгаламжийн хүүгээс татвар авах мэдээлэл гарснаас хойш иргэд хөрөнгийн зах зээл рүү мэдэгдэхүйц хандаж эхэлсэн. Гэвч эдгээр иргэд нийт хадгаламж эзэмшигчдийн багахан хувийг эзэлнэ”  гэв. Үүнээс харахад манай улсын иргэд мэдээллийг хэрхэн шуурхай авч өрхийн, хувийн, аж ахуйн санхүүгийн асуудлаа шийдвэрлэдэг болсныг харж болохоор. Нөгөө талаар санхүүгийн мэдлэг нь ямар түвшинд байгаа нь харагдаж байгаа юм. Засгийн газрын үнэт цаас худалдан авах, хөрөнгийн биржээр дамжуулан арилжаанд оролцохтой холбоотой мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас тодруулж, Засгийн газрын үнэт цаасыг худалдан авахын тулд ямар шат дараалалтай, ямар материал бүрдүүлж хөрөнгийн биржийн арилжаанд оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулсан юм.

 

Засгийн газрын үнэт цаас худалдан авах гэж байгаа бол брокерын компанид данс нээлгэхээс эхэлнэ

Хөрөнгийн биржийн арилжаанд оролцож, Засгийн газрын үнэт цаас худалдаж авахын тулд эхний ээлжинд иргэн брокерын компанид данс нээлгэх хэрэгтэй. Данс нээлгэхдээ насанд хүрэгчид иргэний үнэмлэх, 5000 төгрөгтэй, хүүхэд төрсний гэрчилгээ аав ээжийнх нь хэн нэгний иргэний үнэмлэхтэй байхад данс нээлгэх боломжтой. Данс нээлгэсний дараа хувьцаа, бонд худалдаж авах мөнгөө тухайн дансанд байршуулж, худалдаж авах хувьцааны тоо ширхэгийг данс нээлгэсэн брокерын компанидаа захиална. Ингэснээр арилжаанд оролцох боломжтой болж байгаа юм. Засгийн газрын үнэт цаас гурав, зургаа, ес, нэг жилийнх гэсэн төрлүүдтэй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үнэт цаас худалдан авахдаа тухайн мөнгө өөрт нь хэзээ хэрэг болохыг тооцож худалдан авах боломжтой гэсэн үг.

Хувьцааны хүүгийн өгөөжийн мэдээллийг долоо хоног бүрийн баасан гаригт Сангийн яамнаас зарладаг. Тухайн зарласан ханшаар дараа долоо хоногийн мягмар гариг бүр арилжаанд оролцох боломжтой. Данс нээхэд тийм ч их хугацаа зарцуулдаггүй. Нэг хоногийн дотор дансаа нээлгэх боломжтой аж. Ингээд мөнгөө байршуулсан тохиолдолд хэзээ ч арилжаанд оролцох боломжтой гэсэн үг. Баасан гариг бүр хүүгийн хувь хэмжээг зарласны дараа мягмар гариг хүртэл мөнгөө байршуулж болно. Үүнээс гадна Засгийн газрын үнэт цаасыг худалдан авсны дараа хугацаанаас нь өмнө мөнгө хэрэг болох тохиолдол бий. Энэ үед буцааж авах ч боломжтой юм байна. Тухайлбал, зургаан сарын хугацаатай бонд авлаа гэж бодъё. Гэтэл дөрвөн сарын дараа мөнгө хэрэгтэй болж буцааж авах шаардлагатай бол бондын хоёрдогч зах зээлд хувьцаагаа өөр хүмүүст борлуулах боломжтой. Тодруулбал, зургаан сар эзэмшиж байгаа хувьцаа, хүүгийн хэмжээний дөрвөн сарынхыг өөрөө авч, хоёр сар эзэмшихийг нь өөр хүнд зарах боломж нээлттэй байдаг аж.

Аж ахуйн нэгж гурав, дөрвөн сарын хугацаатай үнэт цаасыг сонирхож байгаа бол иргэд ихэвчлэн есөн сар, нэг жилийн хугацаатай үнэт цаас худалдан авах нь их байгаа юм байна. Ийн иргэд Засгийн газрын үнэт цаасыг ихээхэн сонирхож буйн гол шалтгаан нь баталгаатай холбоотой. Учир нь хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн хамгийн эрсдэл багатайд нь Засгийн газрын үнэт цаас багтдаг. Нөгөө талаар үүний цаана Засгийн газрын нэр хүнд явж байгаа. Хэрвээ эргэн төлөлт, хугацааг хэтрүүлбэл иргэдийн итгэл буурч дахин хандахгүй, үнэт цаасыг нь худалдан авахаа больж Засгийн газар бонд гаргаж мөнгө төвлөрүүлэх боломжгүй болно гэсэн үг.

Засгийн газрын бонд урамшуулалтай болон хямдруулалттай гэж байдаг. Урамшуулалтай гэдэг нь 100 мянган төгрөгөөр 2-3 жилийн хугацаатай бонд аваад хагас жил тутам бондын хүүгээ авах боломжтой. Хямдруулалттай гэдэг нь нэрлэсэн үнэ нь 100 мянга байлаа гэж бодоход  хямдруулалттай үнэ нь одоогоор 85060 төгрөг гэж бодохоор. Бондоо 85060 төгрөгөөр худалдаж аваад сонгосон хугацааныхаа дараа 100 мянга болгож авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 17.6 хувийн хүүг нь бодоод хасчихсан дүнгээр худалдаж авсан ч болно, 100 мянгаар худалдаж аваад дээрх хүүгээ нэмээд авсан ч болно. Зөвхөн хүүгийн ашгаа авах хугацааны хувьд ялгаатай байгаа юм.

Сүүлийн үед иргэд болон аж ахуйн нэгж хөрөнгийн биржийн арилжаанд идэвхтэй оролцсоноор хүүгийн өгөөжийн хувь хэмжээ буурах хандлага ажиглагдаж байгаа юм. Өнөөдөр Хөрөнгийн биржид нэг жилийн хугацаатай бонд арилжаалах юм. Энэ нь 17.6 хувийн хүүтэй. Өөрөөр хэлбэл, анх 17.9 хувийн хүүтэй байсан нь 17.6 болж зарлагдсан байна. Тиймээс одоо Засгийн газрын үнэт цаасыг худалдан авбал хүү нь өндөр байна гэсэн үг. Олон хүмүүс  сонирхож, арилжаанд оролцож байгаа тул цаашдаа ч буурах хандлагатай байгаа юм байна.

Үүнээс гадна шийдвэрлэх асуудлын нэг нь иргэдийн захиалсан үнэт цаасыг олгох. Учир нь захиалга нь арилжиж буй үнэт цааснаас даваад байгаа тул оролцохгүй үлдэж байгаа иргэд цөөнгүй бий. Харин банкууд их хэмжээгээр захиалахад иргэдийн өмнүүр орчихож байгаа юм. Арилжааны банк болон иргэдэд олгох үнэт цаасыг Сангийн яамнаас хуваарилдаг бөгөөд иргэд Хөрөнгийн бирж рүү хандах хандлага нэмэгдсэнтэй холбоотойгоор захиалга нь худалдах үнэт цааснаас давж ирээд байгааг брокер диллерийн компаниуд хэлж байсан. Тиймээс үүнийг Сангийн яамнаас эргэн харж өөрчлөх боломж бий. Иргэдийн ихэнх нь банкинд дунджаар жилд 15 хувийн хүүтэй хадгаламж нээлгэсэн. Харин банк 17.6 хувийн хүүтэй Засгийн газрын үнэт цаас худалдан авч түүнээс илүү ашиг олж байна. Өнөөдөр тэр зах зээлд нь иргэд өөрсдөө оролцох боломжтой болсон нь банкны салбар, хөрөнгийн биржийн, эдийн засгийн салбар солонгорход ихээхэн нөлөө үзүүлнэ.

Ц.Баасансүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top