Рамзан Кадыров: Эрчүүдийн хооронд байж болох хайрын дээдээр би түүнийг хайрладаг

2017 оны 03 сарын 22

Рамзан Кадыровыг 2007 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Чеченийн удирдагчаар томилсон. Кадыровын хувьд Путин бол бурхан л гэсэн үг. Түүний хэлсэн үг Путиний хамгийн “бохир” бүхнийг гүйцэтгэдгээс Путинд хэр үнэнч вэ гэдгийг нь харж болно. Гэхдээ сүүлийн үед барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр Кадыровт Путин итгэхээ больсон тухай мэдээллүүд цацагдах болжээ.

Рамзан Ахматтович Кадыров 1976 оны аравдугаар сарын 5-нд  Чеченийн Ингушийн Бүгд Найрамдах Улсын Центра юурт гэдэг газар төржээ. 1992 онд Центра юуртын нэгдүгээр дунд сургуулийг төгссөн тэрбээр Чеченийн нэгдүгээр дайны үед өөрийн эцгийн хамт Оросын дотоодын цэргийн хүчний эсрэг тэмцэж байв.  Дайны дараа буюу 1996 оноос өөрийн эцэг Чеченийн Бүгд Найрамдах Улсын тэргүүн Ахмад  Кадыровын туслах бөгөөд бие хамгаалагчаар ажиллаж эхэлсэн. өдгөө бол ОХУ-ын эрх баригчдын хамгийн үнэнч, дотны анд юм. Ийнхүү өөрчлөгдөхийн учир нь  Чеченийн дайны дараа Ерөнхийлөгч байсан түүний аавыг чеченийн овог аймгийнхан хөнөөсөн.  Өс хонзондоо дийлдсэн түүний сэтгэлзүй дээр ОХУ-ын  эрх баригчид сайн тоглосноор өөрийн талдаа урвуулан авч чадсан гэж зарим эх сурвалжууд бичдэг. Түүний аав  Ахмад Абдулхамидович Кадыров нь Чеченийн анхдугаар дайны үеэр болон дайны дараах Ичкерийн Бүгд Найрамдах Чечень Улсын тэргүүн байсан бөгөөд Чеченийн хоёрдугаар дайн  эхлэхэд Оросын Засгийн газрын талд орж, 2000 оны  долдугаар сараас ОХУ-ын харьяаны засаг захиргааны тэргүүн, улмаар 2003 оны аравдугаар сарын 5-наас Бүгд Найрамдах Чечень Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн юм. 2004 оны тавдугаар сарын 9-нд тэрбээр Грозный хотод Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярын парадын үеэр салан тусгаарлагч исламистуудын тавьсан бөмбөгөнд өртөж нас барсан юм. Энэхүү террорист ажиллагааг Рамзан Кадыров зохион байгуулсан гэж барууны хэвлэлүүд бичдэг. Түүний хүү Рамзан Кадыров  аавыгаа залгамжлан, 2007 оны гуравдугаар сараас мөн Чеченийн Ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Тэрбээр 2004 онд  Нэгдсэн орос намын гишүүн, ОХУ-ын баатар болсон төдийгүй Ерөнхий сайд  Дмитрий Медведев, Ерөнхийлөгч Владимир Путин нарын  хамгийн сайн, ойрын түнш гэгддэг.

Кадыров бол сонин, этгээд араншинтайгаараа алдартай. Өөрийн хувийн эдлэн газартаа хүмүүс болон нохдын хооронд зодоон зохион байгуулдаг. Түүнчлэн олзлогдсон алан хядагч нарын хооронд үхлийн тулаан зохион байгуулдаг гэсэн мэдээлэл байдаг. Мөн  Оросын байкерын “Шөнийн чононууд” клубын салбарыг Чеченьд “Шөнийн чоно-Грозный” нэртэйгээр байгуулсныг  тус бүгд найрамдах улсын удирдагч Рамзан Кадыров мэдэгдэж байсан. Тус салбарын тэргүүн болсон Кадыров “Энэ салбарын хүндэт удирдагчаар ажиллана уу гэсэн саналыг би талархалтай хүлээн авч байна. Манай шинэ гишүүд бүгд тангараг өргөж Александр Залдостановаас мотоклубын бэлгэ тэмдэг бүхий савхин хантааз гардаж авлаа” гэж өөрийн инстаграммдаа бичиж байсан удаатай.

Тэрбээр “Шөнийн чононууд бол эх орондоо туйлын хайртай, эрэлхэг чийрэг залуус” гэсэн байдаг. Түүний эдлэнд мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Майк Тайсон, холливудын жүжигчин Ван Дамм нарын дэлхийд нэр алдраа дуурсгасан одод зочилсон бөгөөд одоо ч энэ цуваа  үргэлжилсээр байгаа. 2011 оны аравдугаар сарын 5-нд түүний төрсөн өдрийг Кремльд нүсэр тэмдэглэсэн. төрсөн өдөрт Хилари Сванк,  Кевин Костнер, Ванесса Мэй нар оролцсон бөгөөд  Ван Дамм “Би танд хайртай, эрхэм Кадыров” гэж хэлсэн нь олны анхаарлыг багагүй татсан байдаг. Мөн ОХУ-ын бүхий л одод ирж ая дуугаа өргөж төрсөн өдрийн мэнд хүргэсэн. Путиний түүний төрсөн өдөрт барьсан бэлэг нь Грозный хотын хуучнаар ялалтын өргөн чөлөөг Рамзан Кадыровын нэрэмжит болгон үзэсгэлэнтэй хот босгож өгсөн. Түүний төрсөн өдөр Грозный хот байгуулагдсан өдөртэй давхацдаг ажээ. 2011 оны зургадугаар сард Москвагийн шүүх Чеченийн хүний эрхийн төлөө тэмцэгч энэ чиглэлээр эрэн сурвалжлах нийтлэл бэлтгэдэг Наталья Эстмировагийн аллагад Рамзан Кадыровыг буруутай хэмээн сэтгүүлч бүсгүйн өмгөөлөгч, бие төлөөлөгч Олег Орловагийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Өмгөөлөгч Олег Орлова энэхүү аллагад Рамзан Кадыров холбоотой хэмээн баримт материал бэлтгэж өгсөн ч шүүх хангалтгүй гэж үзсэн байна. “Human Rights Watch” олон улсын хүний эрхийн байгууллагаас Рамзан Кадыров Наталья Эстмировагийн аллагад буруутай. Москвагийн шүүх буруу шийдлээ гэж мэдэгдсэн. Наталья Эстмирова нас барахаасаа өмнө уулзалтад оролцохдоо Чеченийн эрх баригчдын хүний эрхийг ноцтой зөрчдөг  тухай ноцтой мэдээлэл олсон гэж ярьж байжээ. Тус  байгууллагаас мөн Рамзан Кадыровын төрсөн  өдөрт зориулж ОХУ-ын  эрх баригчид холливудын оддыг олон сая ам.доллараар хөлсөлсөн хэмээн таагүй ханддагаа илэрхийсэн байдаг. Чеченийн толгойлогч Рамзан Кадыров үнэтэй, тансаг машин цуглуулах хоббитой нэгэн. Түүний цуглуулгад хамгийн үнэтэй машин нь “ламборжини” бөгөөд дэлхийд 400 ширхэг үйлдвэрлэгдсэн нэг сая еврогийн үнэтэй аж.

 

Чөлөөт хэвлэлийн дайсан

“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын гаргасан чөлөөт хэвлэлийн 40 дайсны жагсаалтад Рамзан Кадыров  багтдаг.  “Түүний бодлогод эргэлзээтэй хандсан хүн бүр үхлийн аюултай тулгардаг” гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид Кадыровыг дүгнэсэн байна. Жагсаалтыг гаргагчид  Кадыровыг шүүмжилсэн Наталья Эстемирова болон  Анна Политковская хоёрын жишээг татжээ. Тэр хоёрын алуурчдыг өнөө хүртэл олоогүй байна. Чеченьд ажиллаж байгаа сэтгүүлчид Кадыровыг магтан түүний алхам бүрийг дэмжин хөөрөгдөх нөхцөлийг Кадыров бий болгосон гэнэ. Уг жагсаалтад Кадыровоос гадна  “Талибан” хөдөлгөөний лидер мулла Омар, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Италийн мафи, Хятадын дарга Си Жиньпин, Мексикийн хар тамхины картель, Казахстаны Ерөнхийлөгч Нурсультан Назарбаев, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  болон олон байгууллага багтжээ.

 

Барууны хэвлэлийнхний нүдээр

АНУ-ын Ерөнхийлөгч асан бага Буш Владимир Путиний тухай “Би энэ хүний нүднээс сэтгэлийг нь олж харсан” гэж хэлсэн байдаг бол, тухайн үеийн Пентагоны дарга  Роберт Гейтс “Би түүний нүднээс уужимхан дотортой алуурчныг олж харсан” гэж хэлсэн байдаг.

АНУ-ын Засгийн газар бага Бушаас хойш хэд хэдэн удаа солигдсон.  Гэтэл Буш, Пауэл, Гейтс нарын үед байсан Владимир Путин Кремльдээ суусан хэвээр. АНУ-ын  шинэ үеийн улстөрчид Путиний “сэтгэлийг таних”-ыг эрэлхийлсээр байна. Барууны хэвлэлүүдэд ОХУ-ын засаг захиргааг  төвд нь Путин, эргэн тойронд нь адилхан хүмүүс байдаг тогтолцоо. Энэ бол эрх мэдэл Кремлиэс доошоо, мөнгө дороос дээш урсдаг пирамид тогтолцоо. Тогтолцооны дотор байгаа хүмүүс дүрмийг ойлгодог бөгөөд тэдгээрт захирагддаг. Эдгээр дүрмийн нэг нь тогтолцоо хэрхэн ажилладаг тухай ам алдахгүй байх. Тэд мэдээж хууль мөрддөг. Гэхдээ эдгээрийг улс төрийн хууль гэж хэлж чадахгүй. Эдгээр хууль мафийн түүхэн тогтолцооныхтой илүү төстэй гэжээ.

 

Оросын улс төрийн бодлогыг Чеченчилэх

Путиний  төлөө юугаа ч хайрлахгүй, бүхнийг хийхэд бэлэн Кадыровыг улстөрчийн утгаар Москвад шилжүүлэх боломжгүй. Ингэхийг орос иргэд төдийгүй оросын улс төрийн элитүүд ч зөвшөөрөхгүй.  Путин Кадыровтой ойр дотно байгаа нь  хүссэнээ хийлгэхийн тулд. Кадыров Чеченьдээ байж, хувийн болон Путиний эрх ашгийн ажлаа хийж, Чеченьчилэж суух нь Путинд ашигтай. Эрэн сурвалжлах  чиглэлээр нийтлэл бичдэг, блогч Олег Кашины үзэж буйгаар, Кадыров Холбооны аюулгүй байдлын албанд олон дайсантай аж. Кадыровын дайснуудын тоонд Холбооны аюулгүй байдлын алба төдийгүй Путиний дараа орох ОХУ-ын хамгийн хүчирхэг хүн гэж тодорхойлогдоод буй Игорь Сечин ч багтаад буй гэнэ.  Сечин Чеченийн газрын тос боловсруулах, дамжуулах үйлдвэрийг “Роснефт”-ийн харьяанд авахаар олон жил хөөцөлдсөн ч шүүх Кадыровын нэхэмжлэлийн талд шийдэж, Чеченьд газрын тосны үйлдвэрийг нь үлдээсэн юм. Кадыровын дайснууд жил ирэх тусам олширч, хүчирхэгжиж буй нь түүний хамгийн дотнын хүн гэгдээд буй Путиний хувьд муугаар нөлөөлнө гэдгийг Кашин онцолж байна. Түүний үзэж буйгаар, Путиний сөрөг хүчнийхэн Кадыровыг сул тал болгон ашиглаж магадгүй гэнэ. Түүнчлэн Кадыров олон улсын байгууллагуудад муугаар үнэлэгддэг. Владимир Путин Кадыровыг хүссэн үедээ сольж чадна. Хэрэв түүнийг солихдоо тулбал Чеченийн дайн гарахаас эмээхгүйгээр солих аж. 

Эх сурвалж:www.voanews.com


Путиний тухай Рамзан Кадыровын хэлсэн ишлэлүүд:

“Миний шүтээн бол Владимир Путин. Би түүнийг насан туршдаа Ерөнхийлөгч  байгаасай гэж хүсдэг. Эрчүүдийн хооронд байж болох хайрын хамгийн дээдээр би түүнийг хайрладаг. Тэр хэлсэндээ хүрдэг хүн. Тэр Чеченьд энх тайвныг авчирсан. Бид дээрэмчдийн гарт байж, согтуу Ельцин биднийг бөмбөгдөж байлаа. Путинийг шүүмжлэгчид бол миний дайснууд. Путин байгаа цагт би бүгдийг хийж чадна.

 

“Арван таван жилийн турш Путин манай ард түмэнд тусалж ирлээ. Харин одоо бид түүнтэй хамт. Хэдэн арван мянган бэлтгэгдсэн дайчин маань ерөнхий командлагчийн удирдлаган дор Орос орны тайван байдал, хил хязгаарыг хамгаалдаг, ямар ч түвэгтэй байлдааны даалгаврыг гүйцэтгэдэг тусгай отряд болохыг Орос орны удирдагчаас хүсч байна”

 

“Ийм хүнийг Орос оронд бурхан илгээсэн байх. Түүнийг эрүүл саруул, хоёр  хөл дээрээ зогсч байгаа л бол бид түүнээс улс орноо удирдахыг гуйх хэрэгтэй”

 

“Путин манай ард түмнийг аварсан, бидний баатар. Зөвхөн биднийг ч биш, Орос орныг аварсан юм. Тиймээс түүний өмнө сөгдөхгүй байж чадна гэж үү. Би хэн нэгэнд сайхан үг хэзээ ч хэлж байгаагүй. Харин Путин бол бурхны бэлэг, тэр бидэнд эрх чөлөө хайрласан билээ”

 

“Путин манай ард түмний аврагч. Би зусардах дургүй. Гэхдээ тэр Ерөнхийлөгч болоогүй бол Орос орон сүйрэх байсан. Одоо тэр дайснуудын нураасан Оросыг босгож байна. Хэрвээ Путин Ерөнхийлөгчийн суудлаас буувал Орос орон дахин сүйрэх болно”

 

“Бидэн шиг залуу хүмүүсийн хувьд Путин бол шүтээн. Бид бүгд дуу нэгтэйгээр түүнээс үлдэхийг хүсэх хэрэгтэй. Владимир Путиний ард түмэн, улс орондоо хэр их хайртайг нь сайн мэдэхийн хувьд хэлэхэд, хэрвээ ард түмэн хүсвэл тэр үлдэх болно. Түүнийг зөвхөн ганц удаа биш, харин 10-20 жил Ерөнхийлөгч байхын төлөө бид залбирна”

 

“Би насан туршдаа Путинд үнэнч. Хэрвээ би үүнийг мартвал эр хүн биш. Миний амьдрал хүнд хэцүү байх үед тэр надад тусалсан. Тэр бол хаана байхаасаа үл хамааран, слесарь, комбайнчин  гээд хэн байхаасаа үл хамааран, миний хувьд хамгийн ариун гэгээн хүн юм”

Ц.Даваасамбуу


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
прошенко(182.160.34.171) 2017 оны 03 сарын 23

донецкд одоо кадыровын залуус украйнчуудыг баас болгож байна

0  |  0
Путин(95.41.5.191) 2017 оны 03 сарын 23

Зусарч золиг вэ

0  |  0
Zochin(66.181.190.110) 2017 оны 03 сарын 23

Burkhan bolchih hvn amid bhda burkhan bloh yamar bdg yum bl do

0  |  0
зочин(203.91.118.180) 2017 оны 03 сарын 23

дон корлеоне лука брази 2 болж дээ

0  |  0
Haran(78.246.53.244) 2017 оны 03 сарын 22

Yag unen xeljee aguu putin xun bolgond taalagdag xun gej xorbood bxgui manaixan shig xamag yuma abad gadagsha zugtaad alga bolox xun bish delxiig ailgaj bn da mujik

0  |  0
zochin(103.26.193.219) 2017 оны 03 сарын 22

Putin aguu hvn munuus mun. Ter hvnii huviin amidral sonin bish.harin eh orniihoo tuluu jinhene zvrh setgeesee zvtgedeg ni bishermeer. Burhan tvvniig oros orond ilgeejee. Mongold iim aguu eh oronch hvn haramsaltai ni alga yum shig bna da. Gevch yumiig yaj medehev de.

0  |  0
ss(202.70.46.212) 2017 оны 03 сарын 22

Buunii nohoi utsan huuheldei

0  |  0
zochin(116.44.154.116) 2017 оны 03 сарын 22

RAMZAN KADEROV nastayshi mujik

0  |  0
Top