Нохойн төлөөлөгч, эрэлч нохой бэлтгэх сургалт эхэллээ

2017 оны 03 сарын 23

Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвд нохойн төлөөлөгч бэлтгэх зургаан сарын сургалт /2017.03.22/ эхэллээ.

Онол, практикийн мэдлэг олгож, нохойн төлөөлөгч, албаны эрэлч нохойг хамтад нь бэлтгэх тус сургалтад төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 15 алба хаагч хамрагдаж байна. Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, аврах, эрэн хайх ажиллагаанд албаны бэлтгэгдсэн нохойг ашиглахаар тусгаж өгсөн.

Мөн сургалтад хамрагдаж буй алба хаагчдад Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсээс албаны шаардлага хангасан, эрүүл чийрэг, бие бялдрын тэгш хөгжилтэй, залуу нохойг үнэ төлбөргүй өгч буй нь энэ удаагийн сургалтын бас нэгэн онцлог болж байна.

Сургалтын нэгдсэн төвийн нохойн дасгалжуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Соёлмандах “Бид нохойнуудынхаа темпраментыг тодорхойлсон байдаг. Одоо сургалтад ирсэн алба хаагчдын сэтгэлзүйн зан төлвийг тодорхойлж тохирох темпраменттай нохойг сонгож өгнө. Сургалтын эхний 21 хоногт алба хаагч нохойгоо дасгана. Хооллох, зугаалах, нохойныхоо байр, үүрийг нь цэвэрлэх гэх мэт. Нохойн төлөөлөгч болохоор суралцаж буй алба хаагчдад Албаны нохой сургах онолын үндэс, Нохойн анатоми, физиологийн үндэс, Галбир цогц, Мөр судлал гээд 22 төрлийн мэргэжлийн хичээлийг туршлагатай багш нар заана” гэж ярилаа.

Харин алба хаагчид багш нарын тусламж, зөвлөгөөг авч цаашид нэг албанд хамтран зүтгэх нохойгоо өөрсдөө дасгалжуулж, хамтдаа суралцах аж. Албан эрэлч нохой хэргийн газарт үүрэг гүйцэтгэх, мөрдлөг хийх, зугтаж буй этгээдийг хөөж барих, буун дуунд дасах зэрэг чадварыг эзэмшдэг байна.

Энэ удаагийн сургалтад өмнөх жилийн сургалтад хамрагдаагүй аймгуудын Цагдаагийн газрын алба хаагчид суралцана. Тэд Сургалтын төвд нэгдсэн журмаар байрлаж буй бөгөөд энэ нь богино хугацаанд ихийг сурах ёстой алба хаагчид хичээлдээ анхаарах, нохой, эзэн хоёр дасах гэх мэт эерэг ач холбогдолтойг онцолж байв.

Орчин үеийн техник технологид суурилан, шинэлэг арга хэлбэрээр явуулж буй албаны нохой бэлтгэх энэхүү сургалт нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд үр дүнгээ өгч байгаа юм. Өнгөрсөн жилийн сургалтын төгсөгч Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч О.Түмэнжаргал, албаны эрэлч нохой “Молли” нар гэмт хэргийг удаа дараа халуун мөрөөр нь илрүүлэн, үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа билээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top