Авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Олон нийтийн дэд зөвлөл” байгуулна

2017 оны 03 сарын 23

УИХ-аас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 оны 11 дүгээр сард батлан гаргасан. Үүнтэй холбоотойгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал нарын хамтарсан тушаал гарсан байна. Аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Олон нийтийн дэд зөвлөл”-ийг байгуулахаар боллоо.

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилгыг хэрэгжүүлэх зөвлөлийн ажиллах байгууллага, гишүүний тоог зааж өгсөн байна. Тухайлбал, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд ажиллах олон нийтийн дэд зөвлөл нь 30 хүний бүрэлдэхүүнтэй байхаар заажээ. Дэд зөвлөлийн гишүүдийг сонгох сонгон шалгаруулалт болно. Зөвлөлийн гишүүнээр ажиллах иргэд дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

  • Тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 2 жил байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэн
  • Дээд боловсролтой, төсөв, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит, эд хөрөнгийн үнэлгээ, хяналт шалгалт, инженер техникийн чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх
  • Хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллагаагүй байх
  • Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагатай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу тодорхой ажил, үйлчилгээ эрхэлж байгаагүй
  • Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд хандив, санхүүгийн дэмжлэг туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх
  • Ял шийтгэлгүй, аль нэг намын харьяалалгүй байх, намын гишүүн бол гишүүнээс түдгэлзсэн тухай шийдвэр гарсан байх зэрэг шалгуурыг хангасан иргэн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах юм байна.

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг сурталчлан таниулах, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор АТГ-ын ажлын хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллаж байна. Яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн албан хаагчдад уг хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэхэд уг ажлын зорилго оршиж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top