Г.Ганболд: Хаагдсан зам давааг нээх, сураггүй болсон иргэдийг эрж хайх ажилд 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг 24 цагаар ажиллаж байна

2017 оны 03 сарын 24

Өвөрхангай аймагт сүүлийн хоёр өдөр их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, нөхцөл байдалхүндэрсэн. Үүнтэй холбоотой аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Г.Ганболд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрээр Богд, Гучин-Ус, Уянга, Арвайхээр Нарийнтээл, Хайрхандулаан, Төгрөг, Баянгол, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Хархорин зэрэг сумдад цасны дундаж зузаан 30-35 см, хунгарласан газартаа 80-120 см зузаан цастай байгааг онцоллоо. Аймгийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн автозамын хөдөлгөөнийг 3 дугаар 22-ны өдрийн 18:00 цагаас эхлэн түр хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хягзаарласан.  Цаг агаарын байдал сайжраагүй зарим сумдын нутгаар цас үргэлжлэн орж байгаа учир энэ чиглэлийн автозамын хөдөлгөөний хязгаарлалтыг дахин үргэлжлүүлж, 24-ний өглөөний 08:00 цаг хүртэл сунгасан ч . цаг агаарын байдал дээрдэхгүй, цас шуурч, нээсэн зам даваанууд дахин цасанд боогдож байгаа тул энэ чиглэлийн замын хөдөлгөөний хязгаарлалт тавигдаагүй байна.

Өнгөрөгч хугацаанд 40 зорчигчтой 8 автомашин цасанд боогдсоныг Онцгой байдлын газрын алба хаагчид гаргаж өгсөн байна. Автомашинтай болон малдаа яваад сураггүй алга болсон 81 иргэнийг эрэн хайж, 76 иргэнийг эсэн мэнд олжээ. Одоогийн байдлаар /2017.03.24-ний 11:00 цаг/  Гучин-Ус сумаас 2, Есөнзүйл сумаас 1, Тарагт сумаас 1 дуудлага ирсэн бөгөөд дудлагын дагуу сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна. 

Хаагдсан зам давааг нээх, сураггүй болсон иргэдийг эрж хайх ажилд Онцгой байдлын газрын 9 техниктэй, 45 алба хаагч, орон нутгаас 6 техниктэй, 36 хүнтэйнийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 24 цагаар ажиллаж байна. Зүүнбаян-Улаан сумын Дэвшил баг, Өлзийт, Уянга сумд руу түргэний тусламж үйлчилгээ үзүүлэхээр аймгийн БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг явуулсан зэрэг бүх боломжоо дайчлан ажиллаж байна хэмээн аймгийн Засаг дарга Г.Ганболд хэллээ.

Түүнчлэн  “Хоёр өдөр мал бэлчээрлэх боломжгүй байсан учраас малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцлоод аймгийн хэмжээнд 200 орчим мянган мал төллөөд байгаа энэ үед их хэмжээний цас орсон нь мал аж ахуйн салбарт гарз хохирол дагуулах эрсдэлд оруулж байна. Иймд улсын нөөцөд байгаа өвс тэжээлийг сумдад хуваарилах, Онцгой байдлын газар болон Цэргийн ангиас туулах чадвар сайтай машин техник, хүн хүчийг ашиглаж сумдад өвс тэжээл хүргэх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top