“Лейстер” Аваргуудын лигт түрүүлж, дахин гайхамшигийг бүтээж чадах уу

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 24

Премьер лигт түрүүлж чадсан тэд одоо “Аваргуудын лиг”-т түрүүлэхийг хүсч байна. 350 мянган хүн амтай, Английн 10 дахь том хот Лейстерт хөлбөмбөгийн том мөрөөдлийг биелүүлэх амбиц төрж эхлээд байна. Лейстерчүүд 2014 онд баг нь Чемпионшип дивизионд түрүүлж хоёрхон жилийн дараа Премьер лигийн аваргын цом угаагаад зогсож байна гэж зүүдлээ ч үгүй биз ээ.    

Олон хүн “Лейстер”-ийн ялалтыг гайхамшиг, байж боломгүй зүйл биеллээ олсон мэт хандаж байгаа ч үнэндээ өмнөх улирлын хамгийн шилдэг нь яалт ч үгүй тэд байсан юм. “Үнэгнүүд” лигийн өнгийг тодорхойлж буй “Топ-6” багийн эсрэг 11 удаа тоглохдоо дөрөв хожиж, дөрөв тэнцэн гурван удаа хожигджээ

2015 он бол “Лейстер”-ийн эзэн Вичай Сривадханапрабхагийн хувьд, дээд лигт тогтвортой тоглох, цаашлаад Евро цомын тэмцээнд өрсөлдөхүйц чадамжтай баг “босгох” их төлөвлөгөөнийхөө үр дүнг харах эхний жил нь байсан аж. Тайландын иргэн, “King Power” татваргүй дэлгүүрийн сүлжээний эзэн Вичай хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигч. “Манчестер Юнайтед”-ын фанат тэрээр Премьер лигтэй холбогдох боломж хайсаар 2010 онд “Лейстер”-ийг худалдаж авах боломж гарахад нь ашигласан юм. Улмаар “Лейстер”-т ирсэн даруйдаа л “өөд нь татаж” эхэлсэн байдаг.

Тайланд эр “Челси”-гийн Р.Абрамович, “Манчестер сити”-гийн баян араб эзэд шиг их мөнгө хаяж дуулиан шуугиан тариагүй ч туршлагатай, чадварлаг нэгнийг хямдхан олж урхидах тактикийг амжилттай хэрэгжүүлж байв. Английн шигшээг олон жил удирдсан хашир мэргэжилтэн Свен Горан Эрикссон, Германы шигшээгийн хана хэрэм мэт хамгаалалын нэг хэсэг нь болж асан Диттмар Хаманн нарыг дасгалжуулагчаар урьж ажиллуулсаныг нь энд дурьдаж болно. 2011 онд багийн хувьцааг 100 хувь эзэмших болсноор Вичайн өмнө бүр ч өргөн боломж нээгджээ.

2011 онд хаалгач Каспер Шмейхель, 2012 онд хамгаалалт, довтолгооны гол ноён нуруу болсон Дэнни Дринкуотер, Жейми Варди нарыг элсүүллээ. Ж.Вардиг хагас мэргэжлийн хөлбөмбөгчдийн хувьд дээд амжилт болох сая фунт стерлингээр өөрийн болгосон нь багагүй шуугиан тарьж байв. Энэ бүх хичээл зүтгэлийн дүнд “Үнэгнүүд” 2013-2014 оны улиралд Чемпионшип дивизионд түрүүлж, Премьер лигт тоглох эрхээ авсан юм. Эдүгээ багийн амжилтын гол түлхүүр болоод буй Рияд Марезыг тэр жил 400 мянган еврогоор авчирчээ. Премьер лигийн эхний улиралдаа 14 дүгээр байрт орсон “Лейстер” энэ улиралд багагүй амбийц өвөрлөсөн нь хийсэн наймаанаас нь харагдаж байсан. Тухайлбал, Австралийн шигшээгийн хаалгыг манаж явсан Марк Шварцерыг “Сток сити”-гээс авчран К.Шмейхельд хань болгож, авьяаслаг хамгаалагч Роберт Хутыг 4.2 сая, “Францын шигшээгийн ирээдүй” гэгдсэн хамгаалагч Н.голо Кантег “Кан”-аас 5.6 сая, япон довтлогч Шинжи Оказакиг долоон сая еврогоор үнэ цохиж авсан. Ийм шижгэр бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн К.Раньеригийн гарт атгуулсан гэхээр “Лейстер”-ийн амбийц Премьер лигт ганц түрүүлснээр хязгаарлагдахгүй гэдэг нь ойлгогдож байгаа юм.

Одоо тэдний өмнө “Аваргуудын лиг”-т амжилт гаргах шинэ зорилт тавигдаад байгаа бөгөөд үүнийгээ хийж чадна гэдэгтээ ч итгэлтэй байна.

“Лейстер”-т туршлагатай дасгалжуулагч, чадварлаг тоглогчид, үнэнч хөгжөөн дэмжигчид гээд дутуу зүйл алга. Дээр нь хөлбөмбөгийг бизнес биш зугаа гэж хардаг тэрбумтан эзнийг нэмбэл “Лейстер”-ийн ирээдүй улам өнгөлөг харагдана. Лигт түрүүлснээр тэд 93 сая ам.долларын урамшуулал авсан. Энэ мөнгөө бүгдийг нь багаа хүчирхэгжүүлэхэд зарцуулж байна. Учир нь Вичай 2007 онд 200 сая ам.долларын хөрөнгөтэй байсан бол энэ жил 2.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж, улсынхаа хамгийн баян хүн болсон. Таксин Шинаватын үед монополь байсан бизнесмэнүүд сүүлийн хэдэн жил бизнесээс шахагдан гарч байгаа бол ганц Вичай л эсрэгээрээ улам баяжиж байгаа. “Лейстер”-ийн амжилтыг Тайланд дахь улс төрийн карьераа бэхжүүлэх зорилгод ашиглах сонирхолтой байгаа гэсэн яриа гарах болсон учир тэрээр багийн амжилтыг дээшлүүлэхийн тулд мөнгө цацах магадлал маш өндөр. Өөрөөр хэлбэл “Лейстер“ сагсан бөмбөгийн “Даллас маверикс”, хөлбөмбөгийн “Манчестер Сити”, ПСЖ-ийн замаар явна гэсэн үг.

 

 

Хөлбөмбөгийн хамгийн сенсаацтай үйл явдлууд

1992 он. Дани Европын аварга болов

2003-04 оны улирал. “Порту” “Аваргуудын лиг”-ийн цом өргөлөө

2004 он. Грекийн шигшээ Европын аварга болов

2015-16 оны улирал. “Лейстер” Премьер лигт аваргаллаа

 

С.Төгөлдөр

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top